Вирус нийгэмд тархсанаар хүн төрөлхтөнд асар их хохирол учруулдаг. Тоолж барамгүй олон хүн нас барж санхүү эдийн засгийн хүндрэл ч үүсгэдэг. 1918 онд тархсан Испани ханиад буюу H1N1 вирусын нөлөөгөөр 50-100 сая хүн нас барж мөн зөвхөн цэцэг өвчний улмаас 20-р зуунд 200 сая орчим хүн нас барж байсан билээ. Харин одоо үргэлжилж буй Ковидын хувьд хэзээ төгсгөл нь ирж, тэр хүртлээ хичнээн хүний амийг авах нь тодорхой бус байна.
Ийм учраас хэзээ нэгэн цагт биологи, анагаах ухааны хөгжил дээд зэрэгт хүрч, дэлхий вирусээс бүр мөсөн салах нь сайн зүйл мэт. Гэвч бодит байдал огт өөрөөр эргэх аж.
Висконсин-Мэдисоны сургуулийн халдварт өвчин судлалын тэнхимийн тэргүүн Тони Голдберг: “Хэрэв дэлхий дээрх бүх л вирус устчихвал ганц хоёр өдөр л сайхан байх болов уу. Тэгээд дараа нь бид бүгд үхнэ. Аливаа вирусын дэлхийд нөлөөлдөг нөлөөлөл нь муу үр дагавраас хамаагүй өргөн цар хүрээтэй” гэж хэлжээ. Мөн энэ салбарын судалгаа нь маш бага бөгөөд вирусийн ашиг тус болон сул талын тухай тэнцвэртэй мэдээллийг бүрдүүлэхийг хичээж байгаа тухайгаа ч мөн дурдсан юм.
Бид вирусийн ашигтай талыг биш ихэнх сөрөг талын мэдээллүүдийг авдгаас ихэнх хүмүүс ашиг тусыг нь тийм ч их мэддэггүй. Ихэнх вирус судлаачид зөвхөн эмгэг төрүүлэгч вирусийг судалдаг, харин дэлхийн тогтолцоонд ашигтай, вируснуудыг судлах нь бага байдаг байна.
Ихэнх вирус нь хүнд хоргүй байх бөгөөд тэдгээрийн нэлээд их хувь нь дэлхийн экосистемийг хөгжүүлж, цаашид тэтгэж байх үүрэгтэй ажээ. Мөн бусад хэсэг нь мөөг, ургамал, шавьж тэр бүү хэл хүн гэх мэт олон амьд биетүүдийн эрүүл байдлыг тэнцвэржүүлж байдаг ажээ. Мехикогийн их сургуулийн вирус судлаач Сьюзан Лопез Карретон "Бид төгс төгөлдөр тэнцлийн үр дүнд амьдарч байдаг. Харин энэ тэнцлийн нэг хэсэг нь вирус юм" гэж онцолжээ.
Харин Пенн Стэйт их сургуулийн вирус судлаач Марилин Роззинк "Бид одоогийн байдлаар хэдэн мянган вирусийг л илрүүлж, ангилаад байгаа. Гэсэн хэдий ч одоо ч учрыг нь тайлаагүй хэдэн сая вирус байгаа. Зөвхөн сул тал, асуудалтай өнцгөөс нь судлах нь нэг талыг барьсан өрөөсгөл үзэл юм" гэжээ.
Судлаачид одоогийн байдлаар шавжны тоо толгойг зохицуулахад вирусны үүрэг оролцоог судалж байгаа юм. Хэрэв нэг төрлийн шавжны тоо толгой огцом нэмэгдэж эхлэх юм бол вирусын халдвар тархаж тэдний тоо толгойг байх ёстой тэнцвэрт нь барьж байдаг ажээ. Роззинк: "Энэ бол экосистемийн хамгийн энгийн тогтоц. Хэрэв аль нэг төрөл нь хэт давамгайлах юм бол вирус хувирч зөвхөн тухайн төрлийг их хэмжээгээр устгаснаар бусад төрөл зүйлд амьдрах боломж үүсдэг байна."
Зарим амьд организм амьд үлдэхийн тулд эсвэл нөгөө талаар тоо толгойг нь дарж байх ёстой шалгуур болох вирусийн нөлөөтэйгөөр оршиж байдаг.
Эрдэмтэд одоогоор дөнгөж л вирус амьдралын тэнцвэрийг хэрхэн хадгалж байдаг талаар судалж эхлээд байгаа юм. Цаашид бид вирусийн талаар илүү их судлах тусам ашигтай төрлийн вирусийг хөгжүүлэх замаар цар тахал, гамшиг үүсгэх сөрөг вирусийн эсрэг ашиглах хамгаалалт үүсгэх ч боломжтой юм.