АНУ-ын мэдрэл судлаач Роберт Саполски (Robert Sapolsky)-ийн "Таны тархи яагаад бусад хүмүүсийг үзэн яддаг вэ" хэмээн номонд өгүүлснээр бид өөрсдөөсөө тэс ондоо хүмүүсийг харснаар тархи тухайн хүнийг шууд үгүйсгэж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл бид өөрөөсөө ялгаатай нэгнээс зөн совингоороо айж, улмаар эгдүүцдэг гэсэн үг.
Улмаар тухайн хүний үйлдэл болгон нь танд таалагдахгүй болж, хор хүргэх вий хэмээн эмээж эхэлнэ. Ярьж байгаа нь, алхаж байгаа нь, амьсгалж байгаа нь хүртэл таны эгдүүцлийг төрүүлэх аж. Удаан хугацааны турш тэрхүү хүнтэй ойр байх юм бол байнга зөрчилдөх эсвэл зайгаа барих зэрэг хариу үйлдэл өөрийн эрхгүй үзүүлдэг болно.
Харамсалтай нь бидний тархи өөрт маань жинхэнэ хор хүргэх гэж байгаа хүн эсвэл зүгээр л дургүйг маань хүргэж байгаа хүн хоёрыг ялгаж чаддаггүй аж.
Жишээлбэл таныг дунд сургуульд байхад дээрэлхдэг байсан хүн фэйсбүүк дээр пост оруулсан байгааг хараад таньд айх, зэвүүцэх зэрэг сэтгэл хөдлөл зэрэг мэдрэгдэж болно. Өөрөөр хэлбэл өөрт тань өмнө нь хор хүргэдэг байсан хүний зургийг харах төдийд таны тархи биеэ хамгаалах горимд шилжиж байна гэсэн үг.
Хэрвээ ийм мэдрэмж танд ойр ойрхон төрдөг бол аажимдаа та танихгүй хүмүүс эсвэл өөртэй тань энгийн түвшинд харьцдаг хүмүүсийг хүртэл хий хардаж эхэлнэ.
Флорида мужийн Лисбург хот дахь Beacon коллежийн сэтгэл судлалын туслах профессор А.Ж.Марсден "Айдас, уцаар зэрэг сэтгэл хөдлөлийг ойр ойрхон мэдэрдэг хүн тэрхүү сөрөг мэдрэмжид дассан байдаг учраас өөрт тань сайхан сэтгэл гаргаж байгаа хүнийг хүртэл үзэн ядах шалтгаан хайж эхэлдэг" гэсэн байна.
Тийм ч учраас зарим хүмүүс өөрийн мэддэг хүмүүсийн давуу тал гэхээсээ илүү муу талуудыг нэгд нэгэнгүй жагсааж, ямар ч сайн үйл хийсэн бай сөрөг талаас нь харахыг оролддог аж.
Харамсалтай нь бид тухайн хүнийг амьдралаасаа бүрэн арчиж аяхж чадахгүй учраас нөхцөл байдалдаа дасан зохицохоос өөр аргагүй болдог. Марсдены хэлж байгаагаар тэрхүү үзэн ядах рефлекс нь бидний ойр дотны хүмүүст хүртэл сөргөөр нөлөөлдөг гэжээ.
Жишээлбэл бид дургүй хүнтэйгээ харьцаж байхдаа тодорхой хэмжээгээр бүдүүлэг авир гаргана. Харин эргэн тойрны хүмүүс үүнийг анзаараад биднийг шүүмжлэх бөгөөд хариуд нь бид өмнөхөөсөө илүү стрессдэнэ.
Энэ бүхнээс сэргийлэх зөв арга нь тухайн хүний яг юу таалагддаггүй болохыг олоод түүнд тохирсон хандлага болон шийдэл олох явдал юм. Бид өөрсдийн ойлгохгүй зүйлээсээ айдаг учраас үүний цаадах учрыг олох юм бол тухайн хүнийг үзэн ядахаа ч больж магадгүй. Эцэст нь энэ арга бүтэхгүй бол зүгээр л тухайн хүнтэй огт харьцахгүй байхад болно.