Йемен улсын нийслэл Санагаас 1300 км зайд оршдог Бархут буюу "Тамын худаг" нь шохойн чулууны элэгдлээс болж үүссэн бөгөөд өргөн нь 30 метр, гүн нь ойролцоогоор 112 метр хэмээн тооцоолжээ.
Мянга мянган жилийн настай энэ аварга нүхний ёроолоос гарах тааламжгүй үнэр нь Бархутыг там руу орох хаалга гэсэн домог тарахад хүргэсэн байна. Тийм учраас нутгийн иргэд эрт цагаас эхлээд тус агуйд ойртохоос цээрлэж ирсэн юм.
Гэхдээ өмнө нь агуйд геологийн судалгаа хийх, гүн рүү нь буух төлөвлөгөө гарч байсан ч хүчилтөрөгчийн дутагдалтай байж магадгүй хэмээн болгоомжилж, хойшлуулдаг байжээ.
Харин энэ удаа OCET-ийн судлаачид Йемений геологи, хайгуул, ашигт малтмалын зөвлөлтөй хамтран энд судалгаа явуулахаар шийджээ.
Ингээд 8 мэргэжилтний бүрэлдэхүүн бүхий баг нийтдээ 6 цагийн турш "Тамын худаг" дотор ажилласан байна. Тэд агуйгаас амьтдын сэг зэм, цөлийн могой, төрөл бүрийн цох, мэлхийнээс гадна сувдтай төстэй, кальциас бүтсэн оолит хэмээх шохойн чулуу, дусаал усны нөлөөгөөр үүсдэг сталагмит хадыг илрүүлжээ.
Оман дахь Германы Технологийн Их Сургуулийн геологийн профессор, багийн гишүүн Мохаммед аль-Кинди "Могойнуудад саад болохгүй л тэд яах ч үгүй. Бид агуйнаас ус, чулуу, хөрс, зарим үхсэн амьтдын дээжийг цуглуулсан бөгөөд тэдгээрт хараахан шинжилгээ хийгээгүй байна. Эдгээрийн тусламжтай бид агуйн насыг тогтоох болно" гэж ярьжээ.
Үүнээс гадна судлаачид агуй дахь агаарын хүчилтөрөгчийн агууламж хэвийн хэмжээнд байгаагаас гадна ямар нэг хортой хий агуулаагүй болохыг тогтоожээ. Үнэндээ үхсэн амьтдын сэгнээс өөр эвгүй үнэртэй зүйл энд байгаагүй аж.
Оолит чулуу
Сталагмит хад