2019 оны 9-р сарын нэгэн өдөр 31 настай Эмма гэртээ хүүхдүүдийнхээ хамт унтаж байв. Тэгтэл шөнө дунд хоёр бага хүү нь доод давхраас хашхирах чимээнээр Эмма сэржээ. Тэрээр даруй доошоо буугаад хартал дүрэлзсэн гал өөдөөс нь угтав.
Юу болж байгааг ойлгосон Эмма хоёр хүүгээ тэврээд гал дундаас авч гарсан бөгөөд тэр үед нуруу нь түлэгдсэнийг ч анзаараагүй байна. Түүнийг буцаж орох үед дээд давхрын шат галд автсан байжээ.
Үүнийг харсан түүнд дээд давхарт унтаж байгаа 4 хүүхдээ аврахаас өөр зүйл бодогдоогүй учраас шууд дээшээ гарч гүйв.
Азаар 9 настай охин нь том, дунд ах нараа сэрээсэн байжээ. 11 настай том хүү Уилльям нь тагтан дээрээ гарч, тэнд байсан шатаар хоёр дүүгээ буулгажээ. Тэдэн дээр ирэх үед Эммагийн нуруу, хөл нь аймшигтай түлэгдэж, цээжний арьс нь хуурч, үс нь үнс болтлоо шатсан байв.
Гэвч тэрээр нэг настай, хамгийн бага Молли охин нь байхгүй байгааг анзаарав. Хэдийгээр 2 хүү нь түүнийг буцаж орж болохгүй гэсэн боловч Эмма дүрэлзсэн гал руу дахин оров.
Бүсгүй охиноо унтлагын өрөөнд нь олоод, тэврэн гаргажээ. Энэ үеэр хөлийн ул нь ямар ч арьсгүй болсон учраас алхах үед газарт наалдаж байгааг мэдэрснээ тэрээр дурсчээ. Бага охиноо аварсны дараа 6 хүүхдийн ээж маань ухаан алдан унажээ.
Яг ухаан нь балартахын өмнө тэрээр том хүү Уилльямдаа заавал эргэж ирнэ хэмээн амласан байна. Мундаг ээжийнхээ ачаар хүүхдүүд айсныг эс тооцвол ямар ч гэмтэл аваагүй байв.
Тоо баримтуудаас харвал хүн 90 хувь хүртэлх түлэгдэлт авсан тохиолдолд амьд үлдэх магадлал бараг үгүй аж. Харин Эммагийн бие 93 хувийн түлэгдэлт авсан байв.
Эмма гурван долоо хоногийн турш сэхээн амьдруулах тасагт хэвтсэн бөгөөд энэ зуур түүний хувь заяа амьдрал, үхлийн хооронд дэнжигнэж байв.
Эмма ухаан орсон хойноо хүүхдүүд нь бүгд амьд гэдгийг эмнэлгийн ажилтнуудаас сонссон аж. Гэхдээ тэрээр үнэхээр аймшигт явдлыг биеэрээ туулсан учраас тэрхүү сайхан мэдээнд итгэж чадаагүй байна. Эмнэлэгт хэвтсэнээс сар хагасын дараа бие нь хангалттай тэнхэрсэн тул нөхөр, хүүхдүүд нь түүнийг эргэх боломжтой болжээ. Гэвч түлэгдэлтээс болоод ээжийнх нь гадаад төрх өөрчлөгдсөн тул хамгийн бага охин Молли нь түүнийг таниагүй гэнэ. Энэ нь Эммад маш хүнд тусчээ.
Эммагийн гэр бүл өдгөө түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд хуучин байшингаа дахин босгож дуустал тэндээ байх гэнэ. Азаар Эммагийн бие гайхалтай хурдан эдгэрсэн байна.
Гэхдээ бүрэн эдгэрэх хүртлээ тэрээр гэртээ харилгүй, нөхөн сэргээх төвд амьдарчээ. Харин энэ зуур Эмма хүүхдүүдээ өөртөө дасгахын тулд сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, хамтдаа гадаа тоглох зэргээр цагийг хамт өнгөрөөсөн аж.
Эцэст нь зоригт ээж маань өнгөрсөн хавар гэр бүлийнхэнтэйгээ нэгдсэн байна. Тэрээр нөхөн сэргээх эмчилгээндээ явсан хэвээр байгаа бөгөөд үүний хажуугаар морь унаж, хүүхдүүдтэйгээ тоглох дуртай болжээ.
Хүүхдүүд нь мэдээж ээждээ дахин дассан бөгөөд одоо бараг салахаа байсан гэнэ.
Өнгөрсөн жил болсон "Шведийн баатрууд" шагнал гардуулах ёслолын үеэр том хүү нь ингэж ярьжээ:
"Тэр үед надад ээжийг дахиж харахгүй нь гэсэн бодол төрж байлаа. Гэхдээ одоо би ээжийгээ өдөр бүр харж чадаж байгаа болохоор үнэхээр баяртай байна."