Хэрэв та анзаарсан бол AI буюу хиймэл оюун ухаан цар тахлаас өмнө олон нийтийн сүлжээнд нэлээд “халуун” сэдэв болж байсан. Гэсэн хэдий ч, AI гэдэг нь өөр өөр мэргэжлийн хүмүүст олон янзын ухагдахууныг илэрхийлж байдгийг анзаарсан байж магадгүй. Зарим хүмүүст AI гэдэг хүний оюун ухааныг давсан хиймэл амьд биет байдаг бол, зарим нь өгөгдсөн мэдээллийг боловсруулдаг ямар ч технологийг AI (Artificial Intelligence) гэж ойлгодог байна.
Хэдий хиймэл оюун ухааны тухай нарийн тодорхойлолт байхгүй ч орчин үеийн “AI гэж юу вэ?” гэсэн хандлагад тулгуурлан тодорхойлох гэж оролдвол, Өгөгдсөн мэдээлэлд тулгуурлан дараагийн байж болох асуудлын шийдлийг олох оролдлого хийдэг технологийг AI гэж үзнэ.
Өнөө үед хүмүүс нийгэм, байгаль орчинд тулгарч буй асуудлуудад гарц шийдэл олохын тулд өмнөө байгаа өгөгдлөөс төрөл бүрийн мэдээлэл авч, дүн шинжилгээ хийснээр тухайн асуудалдаа оновчтой шийдэл олох хандлагатай болсон. Тэрхүү үйл явцыг хүн өөрөө бичиг цаасан дээр огт хийлгүйгээр компьютерыг ашиглан тооцоолдог. Товчхондоо ойр орчноосоо хэрэгтэй мэдээллээ авснаар түүн дээрээ тулгуурлан шийдэл олох тархины энэхүү үйл явцыг компьютер дээр хийж эхэлсэн цагаас хүн төрөлхтөн үүнийг хиймэл оюун ухаан гэж дуудаж эхэлсэн.
1
Жолоочгүй машин
Өөрийгөө жолооддог машин нь AI хэрэглээний нэг хэлбэр болоод байна. Товчхондоо А цэгээс Б цэг хүртэл явахдаа саадыг таньж түүнээс сэргийлэх, гэнэтийн орчинтой зохицох гээд бие даан шийдвэр гаргах шаардлагатай болж байна.
Яг энэ аргачлалыг чадварлагаар зохицуулдаг AI бол Тесла компанийн автомашины Өөрийгөө чиглүүлэгч (Autopilot) систем билээ . Тодорхой замд эргэн тойрноо мэдрэгч системийн тусламжтайгаар шийдвэрээ гаргадаг ухаалаг төхөөрөмжийн ачаар машин нь өөрийгөө жолооддог. Та үүнийг уншиж байх энэ зуур олон хүн энэхүү тохиргоог ашиглан хол замын ачааллаа багасгаж байгаа. Мөн энэхүү төрлийн систем нь хүргэлт, тээвэрлэлтэд бас ашиглагддаг ба, ачааг хурдан бөгөөд ашигтай хүргэж өгөхийн тулд маш их хэмжээний тооцоолол хийдэг.
2
Контент санал болгох систем
Та сошиал медиа дээр ямар төрлийн контент үзэж байгааг тань нягтлан түүнтэй холбоотой дараа дараачийн контентийг санал болгож, танд хэрэгтэй байж магадгүй гэж үзсэн сурталчилгааг хүргэдэг. Таны хэрэггүй зүйлд цаг заваа үрэхийг багасаж, нөгөө талаас бизнест үр дүнтэй сурталчилгаа явуулах зэрэг хоёр талдаа ашигтай байдаг.
Үүний жишээ гэвэл: Та инстаграм ороход Explore хэсэгт өөр өөр бичлэг байдаг ч, эцэст нь энэ нь таны сонирхолд нийцсэн төрлийн зүйлс байдаг. Бас google дээр юм хайхад танд хамгийн хэрэгтэй гэж үзсэн мэдээг харуулах гэх мэт жижиг энгийн боловч асар нарийн цогц үйл ажиллагаа ард нь явагдаж байдаг. Энэ систем нь мөн цахим орчин дахь хортой контент залилангийн зорилготой хуурамч пост бичлэг гэх мэт зүйлсийг таныг үзэхээс өмнө таньж, устгаж байдаг.
3
Зураг бичлэг боловсруулалт
Нүүр таних гэдэг одоо нэгэнт уран зөгнөл байхаа больжээ. Орчин үед таны ганц л зураг байхад түүнийг өөр бичлэгт эвлүүлэн, таны өмнө нь хийж байгаагүй үйлдэл, хэлж байгаагүй үгийг тань бодит болгон боловсруулдаг болтлоо хөгжсөн байна. Үүнийг ашиглан хүмүүсийн зургийг автоматаар ангилах, сошиал медиа дээр автоматаар таныг таньж таг хийх гэх мэт энгийн боловч төвөгтэй үйлдлийг одоо амархан хийдэг болжээ.
Хэдийгээр энэ технологи нууцлал болон аюулгүй байдлыг урьд өмнө нь байгаагүй түвшинд хүртэл хөгжүүлж байгаа ч зоос 2 талтай байдгийн адил үүнийг ашиглан хуурамч мэдээ түгээж олон нийтийг төөрөгдүүлэх, бусдын нэр хүндэд халдах зэрэг цахим орчин дахь гэмт хэргийг шинээр өдөөх муу талтай байгаа билээ. Улс орнууд энэхүү технологи дээр зохих дүрэм гаргаж, зохицуулалт хийвэл асуудал болохгүй гэж үзэж байгаа.