Жерри Уиндл насанд хүрснээсээ хойш аав болохыг хамгийн ихээр хүсдэг байсан ч түүний бэлгийн чиг баримжааны шалтгаанаар хүүхдээ үрчлүүлэх хүн Америкт олдохгүй байжээ. Нэг өдөр тэрээр сэтгүүл эргүүлж байгаад Камбож дахь өнчин хүүхдүүдийн амьдралыг сурвалжилсан нийтлэлийг олж уншжээ. Тэрээр огтхон ч эргэлзэлгүй Камбожийн албаны хүмүүс рүү утас цохисон бөгөөд удалгүй амьдралд нь гэрэл гэгээ авчрах сайхан мэдээ ирсэн байна.
2000 оны 6-р сард Жерри Камбожийн нийслэл Пномпень хотод яаран очиж, эцэг эхээ алдаад асрамжийн газарт амьдарч буй Жордан хүүтэй уулзжээ. Балчир Жордан тэжээлийн хурц дутагдал, хамуу, арьсны үрэвслээр шаналж байлаа. Жерри түүнийг Флорида руу авч явж, тэр даруй эмчилгээг нь эхлүүлсэн бөгөөд удалгүй албан ёсоор аав нь болжээ.
АНУ-д эргэж ирсэн шинэхэн гэр бүлд эхэндээ олон саад тотгор учирч байлаа. Жордан хэдий эмчилгээнд хамрагдаж байсан ч элдэв өвчинд ороогдох нь амар байсны зэрэгцээ сул дорой биетэй, ядаргаанд орох нь элбэг байв. Мөн тэрээр англи хэл мэдэхгүй тул аавтайгаа дохио зангаагаар ойлголцдог байжээ.
Үрчлэгдэх үедээ Жордан 2 настай байсан ч жин нь ердөө 7 кг байв. Аав нь түүнийг амьдарч чадах эсэхийг үнэхээр мэдэхгүй байснаа дурссан байдаг. Гэхдээ тэрээр хүүгээ дахиж өвчин зовлонд унагахгүйн тулд чадах бүхнээ хийхээ өөрт нь амалж байжээ.
Жордан хүү 7 настайгаасаа эхлэн тамирчин болоод Олимпод оролцохыг мөрөөддөг болжээ. Нэг өдөр усан спортын ордонд тэрээр усанд үсрэлтийн алдартай дасгалжуулагч Рон Обрайений хүү Тим Обрайений анхаарлыг татсан байна.
Үүний дараагаас тэрээр бие султай хүүхдүүдэд зориулсан тусгай шумбалтын секцэнд явж, анхныхаа амжилтуудыг гаргаж эхэлжээ.
Маш хурдан хугацаанд мэргэжлийн тамирчин болсон Жордан анх 13-тайдаа, дараа нь 16-тайдаа Олимпын сонгон шалгаруулалтад оролцсон байна.
2012 онд түүний мөрөөдөл биелж, Лондонгийн Олимпын эрхийг авсан АНУ-ын хамгийн залуу тамирчин болсон юм.
2020 оны Токиогийн олимпод Жордан Уиндл 10 метрийн тавцангаас үсрэлтийн төрөлд АНУ-ыг төлөөлөн оролцож, есдүгээр байр эзэлсэн байна.
Хэдий тэрээр АНУ-ын шигшээ багийн тамирчин ч төрөлх эх орноо хэзээ ч мартдаггүй бөгөөд гаран дээрээ Камбожийн далбааг шивүүлсэн байдаг.
Аав хүү хоёр туулсан амьдралаасаа сэдэвлэн 2011 онд "Одоо өнчин биш: Жаал хүүгийн бодит түүх" нэртэй хүүхдийн ном хамтран хэвлүүлжээ. Энэхүү номоороо "хайр байгаа л бол гэр бүл мөн" хэмээх санааг дэлхий даяар түгээхийг зорьсон аж.