Дээр нь хүн амьдардаг дэлхийн хамгийн бяцхан арлууд

Далайн дундах жижиг арал дээр ганцаараа тайван амгалан амьдрахыг олон хүн мөрөөддөг байх. Тэгвэл яг ийм газар хэд хэд байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр газар дээрх диваажин болсон арлуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Дээр нь хүн амьдардаг дэлхийн хамгийн бяцхан арлууд

1 Мянган арлын ольтриг (АНУ, Канад)

Канад, АНУ-ын хил дээр орших Гэгээн Лоуренс мөрний бүлэг арлуудын дунд "Just Enough Space", буюу "Яг таарсан газар" гэх жижиг арал бий.  Хэмжээ нь ердөө 310 м.кв юм. 

Энэ арал нь Сиселанд хэмээх гэр бүлийн эзэмшилд байдаг. Өрхийн тэргүүн өнгөрсөн зууны 50-аад онд энэ арлын эрхийг худалдаж авч, зуслангийн жижиг байшин барьжээ. Чулуун барилгаас гадна тус арал дээр мод, жижиг эрэг байдаг. Сиселандын гэр бүл энд амралтын өдрүүдээрээ ирж байрладаг гэнэ. 

Мянган арлын ольтриг (АНУ, Канад)

2 Дунбар (Гондурас)

Энэхүү жижиг арал нь Гондурасын эргээс 70 км-ийн зайтай Карибын тэнгист орших Бэй бүлэг арлуудын нэг хэсэг юм. 490 м.кв талбай бүхий шүрэн хадан дээр тансаг цасан цагаан өнгө бүхий эдлэн баригджээ. 

Маш хэцүү байрлалтай учраас тус барилгын ажил 3 жил үргэлжилсэн байна. Арлын эзэн далайн ёроолоор харилцаа холбооны шугам татсан бөгөөд дээш өргөгддөг усан онгоцы зогсоол хүртэл хийжээ. Тэрээр мөн эдлэнгийн хоёрдугаар давхарт гадаа усан сан хийж тохижуулсан юм. Тус эдлэн нь өдгөө зочид буудал болсон байна. 

Энэхүү арал нь нь цахим орчинд нэрд гарсны хүчинд шумбах, загасчлах дуртай хүмүүсийн ирэх дуртай газруудын нэг болжээ. Мөн домогт далайн дээрэмчин "Хар сахалт"-ын эрдэнэс энд бий гэсэн домог хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татдаг байна. Тус домогт өгүүлснээр алдарт дээрэмчний эрдэнэс Дунбарын ойролцоох агуйд нуугдсан байдаг гэнэ. 

Дунбар (Гондурас)

3 Бяцхан Брюстер (АНУ)

1000 хавтгай дөрвөлжин метрээс бага хэмжээтэй, хад чулуутай энэхүү арал нь Бостон хотоос 14 км зайд байрладаг. Бяцхан Брюстер дээр нэг гэрэлт цамхаг байдаг бөгөөд түүнийг Бостон Лайт хэмээн нэрлэдэг аж. АНУ-ын хамгийн эртний гэрэлт цамхагуудын нэг Бостон Лайт нь далайчдад далайн эрэг ойрхон байгааг зааж өгөх үүргээ гүйцэтгэсээр байгаа.

Ерөнхийдөө АНУ даяар бусад бүх гэрэлт цамхагуудыг автоматжуулсан учраас тэдгээрт хүн байрлуулах шаардлагагүй болсон гэнэ. Гэвч Бостон лайт нь түүхэн дурсгалт газар учраас түүнийг харж хандах, арчлах хэн нэгэн заавал томилох шаардлагатай болжээ. 

Тиймээс Салли Слоумман хэмээх бүсгүй 1998 оноос хойш Бяцхан Брюстер арал дээр байрлан гэрэлт цамхагийг хариуцах болсон аж. Тэрээр ийм хариуцлагатай албан тушаалыг хүлээсэн цорын ганц эмэгтэй юм.

Салли тус арал арал дээр нөхрийн хамт олон сарыг өнгөрөөдөг бөгөөд шаардлагатай бүх зүйлийг нь АНУ-ын далайн эргийн харуул эх газраас завиар хүргэж өгдөг. Арал дээр зурагт, интернет байхгүй боловч Саллид тэдгээр нь огт чухал биш гэжээ. Мөн Бостон Лайтыг үзэхээр жил бүр олон тооны жуулчид ирдэг байна. 

Бяцхан Брюстер (АНУ)

4 Вильгельмштейн (Герман)

Вильгельмштейн нь  18-р зуунд Стейнхундер Мэр нууран дээр хүний гараар бүтсэн хиймэл арал юм. Гүн Вильгельм Шаумбург хөрөнгөө хамгаалахад тохиромжтой цайз байгуулахыг хүссэн учраас нуурын голд хиймэл арал байгуулахаар шийдсэн байна. Нутгийн иргэд 5 жилийн турш элс, хайрга, чулууг усан онгоцоор зөөсөөр тус арлыг бүтээжээ. Өвлийн улиралд тэд хайрга, чулуугаа хөлдсөн нуурын мөсөн дээр чаргаар тээвэрлэдэг байв.

Арлыг бүтээж дууссаны дараа голд нь дөрвөн хошуу од хэлбэртэй чулуун цайз барьжээ. Тус цайзад алба хаах нь цэргүүдийн хувьд маш хүнд сорилт болсон байна. Яг нуурын голд тэд байрласан учраас хэт чийгшэлд автаж төрөл бүрийн уушигны өвчинд нэрвэгдэж эхлэв. 1767 онд тус цайзыг офицеруудын цэргийн сургууль болгосон юм. Харин хожим нь Гүн Вильгельм нас барсны дараа улсын шорон болж хувирсан гэдэг. 

Тус арал нь дөрвөлжин хэлбэртэй бөгөөд тал бүр нь 100 м хэмжээтэй юм. Вильгельмштейн нь гүнгийн удмынхны эзэмшил хэвээр байгаа бөгөөд тэд түүнийг цэвэр мөнгө олох зориулалтаар ашиглах болсон байна. Тиймээс тус цайз нь музей, жуулчдад зориулсан зочид буудал, кафе, бэлэг дурсгалын дэлгүүртэй болжээ.

Вильгельмштейн (Герман)

5 Блед арал (Словени)

Альпийн нуруунд орших Блед нуурыг харахад үлгэрийн мэт дүр зураг үзэгдэнэ. 

0.82 га талбай бүхий энэхүү жижигхэн арал дээр Мариинскийн сүм, улаан хавтантай дээвэр бүхий дундад зууны үеийн байшингууд, археологийн музей, кафе, бэлэг дурсгалын дэлгүүрүүд байрладаг. Тэдэн дундах хамгийн эртний барилга болох Блед цайз нь 50 м өндөр цамхагтай юм.

Блед арал нь Словени улсын жуулчдыг татдаг гол үзмэрүүдийн нэг юм. Мөн тус арал дээр ирсэн хосууд хийдэг нэгэн гайхалтай уламжлал бий. Хэрвээ тухайн хос ирээдүйд хуримаа хийх гэж байгаа бол сүмийн 99 шатаар хамтдаа өгсөх ёстой. Ингэхдээ эрэгтэй нь эмэгтэйгээ өргөж явах ёстой бөгөөд шатаар амжилттай өгсөж чадсан бол хамтын амьдрал нь аз жаргалаар дүүрэн байдаг гэнэ. 

Блед арал (Словени)

6 "Хулганын арал" - Понтиконисси (Грек)

Понтикониси арал нь 1 га-аас хэтрэхгүй хэмжээтэй тул "хулганын арал" гэж нэрлэгддэг.

Газар дундын тэнгис дээр оршдог энэ арал нь түүхэн дурсгалт газар юм. Энд 11-12-р зууны үеийн Византийн сүм болох Пантократор байрладаг. 

Эндээс үзэсгэлэнт тэнгис, Грекийн тосгонуудыг харж болно. Мөн тус аралтай Блачерней хэмээх жижиг сүм нарийхан гүүрээр холбогдсон байдаг аж. 

"Хулганын арал" - Понтиконисси (Грек)

7 Питкэрн арал (Их Британи)

3.2 км2-ийн хэмжээтэй энэхүү жижигхэн арал нь Номхон далайн өмнөд хэсэгт байрладаг. Халуун орны ургамал, амьтдаар баялаг амьд гал уул бүхий энэ арал дээр Панамын суваг нээгдсэний дараа л жуулчид ирэх болсон юм.

Питкэрн хотод 49 хүн амьдардаг. Тэд бүгд Британийн "Bounty" хөлөг онгоцыг эзэлсэн босогчдын үр удам юм.

1789 онд "Bounty" хэмээх хөлөг онгоцны багийнхэн бослого гаргаж удирдлагыг гартаа авсан аж. Тэд ахмадаа цөөн хэдэн дэмжигчдийн хамт завинд суулгаад Британи руу буцаагаад явуулжээ. Азаар тэд амьд гарсан бөгөөд 6 мянган км замыг туулж нутагтаа ирсний дараа бослогын талаар эрх баригчдад хэлсэн байна.

Босогчдоос цөөн хэд нь ойролцоо байсан Питкэрн арал дээр суурьшихаар шийджээ. Энэ шийдвэр нь тун ухаалаг байсныг дурьдах нь зүйтэй. Учир нь босогчдын гол бүлэг Таитид суурьшсан бөгөөд тэднийг Британийн эрх баригчид удалгүй баривчилсан юм. 

Харин Питкэрн дэх далайчдыг 40 жилийн дараа илрүүлсэн байдаг. Тэр үед хэргийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учраас зүгээр үлдээсэн гэдэг. Тэрхүү далайчид амьд үлдээд зогсохгүй бүр нутгийн эмэгтэйчүүдтэй гэрлэж үр удмаа үлдээсэн нь өнөөг хүртэл Питкэрн дээр амьдарч байгаа аж.

Аялалын хөлөг онгоц Питкэрн хотод жилд ердөө 4 удаа очдог. Тэнд очсон жуулчид арлаар хэдхэн цаг аялах эрхтэй байдаг. Гэхлээ энэ бол тус үзэсгэлэнт арлаар аялах, нутгийн иргэдтэй уулзахад хангалттай хугацаа юм.

Арлын цөөн хүн амын гуравны нэг нь л ажил хийх чадвартай тул засгийн газар тусгай хөтөлбөрийн дагуу Питкэрн хотод шинэ оршин суугчдыг татахыг оролдов. Гэсэн хэдий ч соёл иргэншлээс дэндүү хол учраас энд ирэх хүн бараг байгаагүй аж. 

Питкэрн арал (Их Британи)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()