Алдарт жүжигчин Жао Вэй Хятадын цахим ертөнц, түүхийн хуудаснаас арчигджээ

Хятадын хамгийн алдартай жүжигчдийн нэг, бидний Хуанжу Гэгийн дүрээр нь сайн мэдэх Жао Вэй (Zhao Wei)-ийн тухай бүх мэдээлэл тус улсын цахим орчноос бүрэн арчигдсан байна. Түүний бичлэгүүд бүгд устгагдаж бүр тоглосон кинонуудынх нь тухай мэдээлэлд хүртэл нэр нь гарч ирдэггүй болсон гэдгээс үзвэл үнэхээр хачирхалтай санагдана. Энэ бүхэн нь мэдээж цаанаа улс төрийн шалтгаантай аж. 

Алдарт жүжигчин Жао Вэй Хятадын цахим ертөнц, түүхийн хуудаснаас арчигджээ

1990-ээд оны үеэр Жао Вэй нь "Хуанжу Гэг" буюу "Сувдан гүнж" цувралын ачаар олонд танигдсан бол 2001 онд найруулагч Стивен Чоугийн "Шаолины хөлбөмбөг" киногоор барууны орнуудад алдарших замаа нээжээ. Тэр цагаас хойш Жао Хятадын хамгийн алдартай жүжигчнээс гадна найруулагч, поп дуучин, бизнес эрхлэгч болсон байна. 

Мөн яг нэрд гарч байх үетэй нь зэрэгцэн Хятадын эдийн засаг үсрэнгүй хөгжиж эхэлсэн нь Жао хувийн энтертейнмент компаниа байгуулж өдгөө улсдаа томд тооцогдох амжилттай яваа байгууллага болоход нөлөөлсөн байна. Түүний байгуулсан Longwei Culture & Media компани нь кино, хөгжим, телевизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилийн орлого нь хэдэн арван сая ам.доллараар хэмжигддэг гэнэ. Ерөнхийдөө Жао Вэй шиг урлагийн салбарт амжилт олсон хүн Хятадад гарын таван хуруунд багтахаар цөөн бий. 

Харамсалтай нь 2016 онд бүх зүйл буруугаар эргэсэн байна. Жаогийн компаний бүтээж байсан нэгэн кинонд Тайван жүжигчин тоглуулах болсныг Коммунист намынхан эх оронч бус үйлдэл хэмээн зарлав. Удалгүй Жаогийн компанийг татвараас зайлсхийсэн гэж буруутган олон саяын өрөнд унагаажээ. Үүний хажуугаар бусад бизнесүүдийнх нь үйл ажиллагааг далдуур хязгаарлаж эхэлсэн байна.

Өнгөрсөн сард түүний эзэмшдэг агентлагийн жүжигчин Жан Жехан Японы Дэлхийн 2-р дайнд амь үрэгдсэн цэргүүдэд зориулж барьсан сүмээр зочилж байгаа зургаа цахим орчинд хуваалцсан нь үндэсний хэмжээнд шуугиан тарьсан юм.Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Хятадын мэдээллийн сайтууд дээр Жао хувийн онгоцоор эх орноосоо дүрвэж, Францын Бордо нисэх онгоцны буудал дээр буусан тухай мэдээлсэн байна. Тэрээр тус улсад нөхөр Хуан Юлонгийн хамт усан үзмийн талбай бүхий эдлэн эзэмшдэг учраас тэндээ нуугдахаар шийдсэн бололтой. 

Энэ бүгдээс харвал Жао Хятадын Коммунист намын алдартнууд, тэрбумтнуудын эсрэг явуулж буй хэлмэгдүүлэлтийн хохирогч болсон нь хэнд ч ойлгомжтой харагдаж байна. 

Ерөнхийдөө Хятадын коммунист нам нь удирдагч Ши Жиньпинийг улсынхаа хамгийн нэр алдартай хүн байлгах тал дээр маш их анхаарч ажилладаг. 

Сургуулиудад Ши Жиньпиний түүх, Ши Жиньпиний үзэл гэх мэт сэдвээр хичээл зааж мэдээгээр Ши Жиньпиний шийдэл, бодлого гэх мэт ухуулгын нэвтрүүлгүүдийг байнга цацдаг гэнэ. 

Тиймээс дуучид, жүжигчид, бизнес эрхлэгчид гэх мэт хүмүүсийн нэр хүнд нэмэгдэн "их удирдагч"-аасаа илүү гарна гэдэг байж болшгүй зүйл юм. 

Харамсалтай нь цахим орчинд хүмүүс улс төрчид бус алдартнуудын тухай л шуурдаг учраас энэ бүхэн нь коммунист намын хувьд толгойн өвчин болоод байгаа аж. Энэ бүхнийг зохицуулах үүднээс өнгөрсөн сараас эхлэн шинэ журмууд цахим орчинд мөрдөгдөж эхэлжээ.

Үүний дагуу олны танил хүмүүсийг нэр хүндийнх нь хэмжээгээр ангилах хориотой болсон ба коммунист нам дуучин жүжигчдийн агентлагуудыг бүрэн хяналтандаа аваад зогсохгүй фэн клубийн гишүүдийг заавал намаас баталгаажуулдаг болжээ. Хэрвээ шүтэн бишрэгч нар нь тухайн алдартны тухай асуудалд санал зөрөлдвөл цахим орчинд нэвтрэх эрхээ алдах болно. 

Коммунист нам энэ шийдлээ "Илүү аюулгүй цахим орчин бүрдүүлэхийн төлөө" гаргасан гэж мэдэгджээ. Харамсалтай нь энэ бүхэн нь шинэ үзэгдэл биш юм. 

Хятадын Үндэсний Радио Телевизийн Захиргаа 2018 онд "ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн, бүдүүлэг авир, садар самуунд олныг уриалсан алдартнуудыг цаашид олон нийтийн хэрэгслээр гарах эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авах" тогтоол гаргасан байдаг. 

Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Коммунист намын хяналтад байдаг Global Times сэтгүүл Жаог "олон жилийн турш янз бүрийн зохисгүй үйлдэл гаргасан" гэж буруутгажээ. Тэгэхээр Жао одоо эх орондоо эргэж ирэх эрхгүй болсон нь ойлгомжтой байна. 

Өдгөө хятадын интернет орчинд Жао Вэй гэдэг хүн оршин байсныг мэдэх боломж огт үгүй болжээ. Жишээлбэл урд хөршийн хамгийн том видео сайтууд болох Tencent Video, iQiyi-д түүний тоглосон бүх кино, цувралууд устгагдсан бол Твиттертэй төстэй Weibo сайт дахь фэн хуудасууд нь мөн үгүй болсон байна.

Үүнтэй төстэй гэвэл 2019 онд алдарт жүжигчин Фан БинБин олон сараар сураггүй болж байсан юм. Тэрээр тухайн үед хамгийн алдартай Хятад жүжигчинд тооцогдож байсан бөгөөд татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдан 127 сая ам.долларын өрөнд орсон байдаг. 

Зөвхөн дуучид, жүжигчид гэлтгүй алдартай бизнес эрхлэгчид ч мөн коммунист намын бай болоод байгаа юм байна. 

Хятадын тэргүүн баян Жак Ма улсынхаа эдийн засгийн бодлого гаргагч нарыг шүүмжилснээс болоод олон сарын турш сураггүй алга болсон билээ. Энэ зуур коммунист нам түүний эзэмшилд байдаг компаниудыг ил далд аргаар хавчсаар тэдгээрийг бараг л төрөөс хараат болгосон юм. Өдгөө тэрээр албан бус гэрийн хорионд байгаа аж. 

Ерөнхийдөө Ши Жиньпин нэр хүндээр өөрийг нь хэн ч давж гарах ёсгүй гэсэн бодлого явуулж байгаа нь энэ юм. 2017 оны ардын их хурлаар тэрээр улсынхаа иргэдийг хэмжээлшгүй баян болгоно гэж байсан бол энэ жил "хэт их хөрөнгийн хэмжээг зохих түвшинд хүргэнэ" гэж мэдэгдсэнээс харвал Хятадын иргэд алдар нэр төдийгүй эд хөрөнгөөр түүнийг давж гарах эрхгүй болж байгаа нь ойлгомжтой байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()