Өдгөө та Хятадын хаа ч явсан Лао ган ма-г худалдан авч болох бөгөөд тэр бүү хэл үүсгэн байгуулагч Тао Хуабигийн зураг бүхий бэлэг дурсгалын зүйлс хүртэл эрэлт ихтэй болсон байна. Мөн АНУ, Европ тэргүүтэй орнуудад Лао ган маг өргөнөөр худалдан авах болсон бөгөөд үүнийг дагаад хятад хоолны нэр хүнд нэмэгдэж байгаа аж.
Лао ган ма гэдэг нь өөрөө настай эмээ гэсэн утгатай үг аж. Үүнтэйгээ адил "Хятадын эмээ" болсон Тао Хуаби нь өөрийн авъяас чадвар, бизнесийн ухааныг ашиглан үгээгүй ядуугаас улсынхаа хамгийн баян хүмүүсийн нэг болсон юм. Үнэн хэрэгтээ дэлхийн түүхэнд хүртэл ийм ядуу хүн ингэж баяжсан түүх ховор.
Тао Хуаби 1947 онд Хятадын хамгийн ядуу мужуудын нэг Гуйжоу дахь Мэйтан хотын ойролцоох нэгэн жижиг тосгонд төрсөн юм. Тэрээр гэр бүлийнхээ найм дахь охин болж төрсөн байна.
Ядуу эцэг эх нь хүүхдэдээ зохих боловсрол олгох байтугай олигтой хооллож, хувцаслаж ч чадахгүй байжээ. Үүний улмаас Тао уншиж, бичиж сураагүй гэнэ. Тао бага насаа тариалангийн талбай дээр өнгөрөөсөн бөгөөд байнга өлсдөг байснаа дурсжээ.
1959-1961 онд үргэлжилсэн Хятадын их өлсгөлөнгийн үеэр Тао ууланд гарч төрөл бүрийн ногоо, үр цуглуулан хоол хийх болов. Ингэж байх зуураа тэрээр анхныхаа амтлагчийг санамсаргүй хийсэн аж. Уулнаас түүсэн эмийн ургамлаа улаан чинжүүтэй холиод гэрийнхэндээ өгтөл тэдэнд ихэд таалагджээ.
20 настайдаа тэрээр нутгийнхаа геологийн төвд нягтлан бодогчоор ажилладаг эртэй гэрлэж хоёр хүүтэй болжээ. Гэвч залуу гэр бүлийн аз жаргалтай амьдрал удаан жил үргэлжилсэнгүй, Таогийн нөхөр элэгний хүнд өвчинд нэрвэгдэв.
Тао ийнхүү том сорилттой тулав. Ямар ч бичиг үсэг мэдэхгүй хүнд гэр бүлээ тэжээх хэмжээний ажил олдохгүй нь мэдээж. Хоёр хүүгийн сургалтын төлбөр, нөхрийн эмчилгээний зардал, амьжиргааны мөнгө гээд дааж давшгүй ачаа түүний нуруун дээр ирсэн бөгөөд нөхрийнх нь сарын 30 юанийн цалин хаана ч хүрэхгүй нь мэдээж байв.
Тиймээс Тао амьдралдаа анх удаа төрсөн нутгаа орхиж гараад Гуанжоу дахь нэгэн үйлдвэрт ажилчнаар оржээ. Тэнд очсон хойноо гарын амтлагчаа хийж цуг ажилладаг хүмүүсээ дайлсан нь тэдэнд маш их таалагджээ.
Харамсалтай нь нөхрийнх нь өвчин хүндэрсээр удалгүй нас баржээ. Хоёр хүүгээ тэжээхээс өөр сонголтгүй болсон тэрээр өглөөний 9-өөс үүрийн 4 цаг хүртэл гадаа гудамжинд ногоо зарах болов. Ингэсээр хүүхдүүд нь эрийн цээнд хүрч биеэ даасан учраас ээждээ нэмэр болж эхэлжээ.
Нэг өдөр хүү нь гуанзанд гоймон идтэл үнэхээр муухай амттай байсан тул дуусгаж чадаагүй болохоо ээждээ ирж хэлжээ. Тао харин тус гуанзны эзэн дээр очиж халуун чинжүүний тос ашиглан илүү сайн амт оруулах арга зааж өгчээ. Гуанзны эзэн Таог үнэлж ажилд авсан бөгөөд энэ бүхэнд урамшсан Тао өөрийн бизнесээ эхлүүлэхээр шийдэв.
1989 онд тэрээр 42 настайдаа Гүйжөү мужийн Гуян хотод өөрийн гэсэн жижигхэн хоолны газраа байгуулжээ. Тэрээр эхэндээ зөвхөн энгийн гоймонгоор үйлчилж, түүндээ гарын амтлагчаа хийх болов.
Мөн Тао ядуу оюутнуудын "загалмайлсан эх" болж, үргэлж хөнгөлөлт үзүүлж, хоолыг нь нэмж өгдөг байжээ. Энэ мэтээр хүмүүсийг татсаар удалгүй хоолны газрынх нь гадаа хүмүүс дугаарлаж эхэлсэн гэдэг.
Хүмүүс амтлагчинд нь дуртай байгааг анзаарсан учраас Тао савлаж зарахаар шийджээ. Энэ нь ч амжилтаа өгч, өдөртөө бараа нь дуусдаг болов.
Нэг удаа Тао ойролцоох гуанзууд амтлагчийг нь хэрэглээд үйлчлүүлэгч татаж байгааг анзаарч, брэндийнхээ жинхэнэ чадлыг ойлгожээ. 1990-ээд оны эхээр түүний хоолны газрын дэргэдүүр шинэ зам тавигдаж, түүгээр тээврийн машин их явах болсон нь бүр ч таатай зүйл болжээ. Тао хооллохоор орж ирсэн тээврийн жолооч нарт амтлагчаа үнэгүй өгч эхэлсэн байна. Үүний ачаар амтлагч нь илүү олон газар түгэж, бүр холоос хүмүүс зорьж ирэх болжээ. 1994 оны эцэс гэхэд Тао гоймон зарахаа больж, бяцхан ресторанаа "Тао Гуяан Нанмин хүнсний дэлгүүр" нэртэй төрөлжсөн дэлгүүр болгосон бөгөөд мэдээж амтлагч нь номер нэг бүтээгдэхүүн нь болжээ.
Хоёр жилийн дараа 49 настайдаа Тао нэгэн жижиг барилга түрээслээд 40 ажилчинтайгаар Лао ган ма-г албан ёсоор үйлдвэрлэж эхэлсэн байна. Эхэндээ ямар ч машин байгаагүй учраас бүгдийг гараар хийхээс өөр арга байсангүй.
Тао өөрөө хормогч өмсөөд үйлдвэрлэлийн явцыг бие даан шалгадаг байсан аж. 1997 онд "Лао ган ма" компани албан ёсоор бүртгүүлсэн юм. Хэдийгээр Тао боловсрол эзэмшээгүй ч төрөлхийн гүйлгээ ухаан сайтай учраас бизнес нь өргөжсөөр байв. Удалгүй хүүхдүүд нь ч их сургууль төгсөөд компанид нь нэгджээ.
Сайны хажуугаар саар гэгчээр хүмүүс хуурамч, чанар муутай Лао ган ма үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд тэднээс болж Тао бизнесээ алдах дөхсөн байдаг. Азаар 2001 онд Тао Бээжингийн дээд шүүхэд хандан өөрийн зохиогчийн эрхийг баталгаажуулсан бөгөөд нөхөн төлбөр болгож 400 мянган юань авсан байна. Одоо Лао ган ма-гийн шошгийг зөвшөөрөлгүй хэрэглэх юм бол түүнээс ч их торгууль хүлээж байгаа.
2000-аад оны дунд үе гэхэд Лао ган магийн үйлдвэр нийт 2000 мянган ажилтантай болж өдөрт 1.3 сая сав амтлагч савлах болсон байна.
Улаан чинжүүтэй амтлагчаас гадна Лао ган ма нь хар буурцгийн чинжүү, улаан лоолийн, халуун тогооны шөл гэх мэт амтлагчууд үйлдвэрлэж бараагаа илүү төрөлжүүлсэн байна.
Өдгөө Таогийн бараанууд АНУ-аас Латин Америк хүртэлх газруудад зарагдах болжээ. Тэрээр "Миний амтлагч зарагддаг бүх орныг нэрлэж чадахгүй, гэхдээ хаана Хятад хүн байна тэнд миний бараа байгаа" гэж хэлсэн нь хамгийн алдартай үг нь болжээ.
2019 онд Хятадын шилдэг брэндүүдийг жагсаах үед "Лао ган ма" нь China Mobile, Huawei, Tik Tok, Tsingtao, Alibaba зэрэг "аваргуудтай" эн зэрэгцсэн байна.
Хамгийн гайхмаар нь Тао бүтээгдэхүүнээ сурталчилахдаа бусад брэнд шиг хаа сайгүй зарлал нааж, телевизийн сурталчилгаа хийлгэж, алдартнуудыг нүүр царайгаа болгож, шошгоо хэдэн жил болоод шинэчилж байгаагүй аж. Тэрээр зөвхөн барааны чанараараа л олонд танигдах аргыг хэрэглэсэн юм. Тао энэ тухай "Бараа чинь сайн бол хүмүүс авч л таарна, би амт зарж байгаа болохоос сав баглаа боодол зараагүй" гэж хэлсэн байдаг.
Өдгөө 74 настай Таогийн амьдралын тухай олон баримтат бүтээл гардаг байдаг. Тэрээр нутгийнхаа төлөөлөгчөөр сонгогдон Хятадын ардын их хуралд хэд хэдэн удаа оролцжээ.