Дайсны явуулгаар өөрийн ард иргэддээ "идүүлсэн" Нидерландын Ерөнхий сайдын эмгэнэлт хувь заяа

Улс төрд хүч үзнэ гэдэг хүн төрөлхтний үеийн үеэс амаргүй үүрэг байсаар өнөөдрийг хүрсэн билээ. Өнөөгийн ардчилсан орны иргэдэд удирдагчдынх нь шийдвэр таалагдахгүй бол бослого, тэмцэл гаргаж эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлэх мэтээр төвөгтэй асуудлууд үүсдэг. Гэвч энэ нь өнгөрсөн цагийн хүмүүсийн түүхтэй харьцуулахад тун "зөөлөн" тэмцэл юм. Нидерландчууд улсынхаа Ерөнхий сайдыг үнэн голоосоо үзэн ядсанаас болоод хүний санаанд оромгүй аймшигт үйлдэл хийсэн нь хүн төрөлхтний түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн байна. 

Дайсны явуулгаар өөрийн ард иргэддээ "идүүлсэн" Нидерландын Ерөнхий сайдын эмгэнэлт хувь заяа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэртээ 1672 онд Нидерландын Бүгд Найрамдах Улс нь Англи болон Франц улсуудтай зэрэг дайтаж байв. Энэ хугацаанд Ян де Витт хэмээх эрхэм тус улсын Ерөнхий сайдын албан тушаалд ажиллаж байсан юм. 

Ян де Витт 1625 оны 9-р сарын 24-нд Нидерландын Дордрехт хотод төрсөн байна. Түүний аав нэр хүндтэй, чинээлэг нэгэн байсан бөгөөд Дордрехт хотын захирагчийн албыг олон жилийн турш хашиж байжээ. Тэрээр хүүгийнхээ боловсролд онцгой анхаарал хандуулсны ачаар Ян аналитик геометрийг судалсан анхны оюутнуудын нэг болсон байна. Мөн цаашлаад ур чадвараа ашиглан төрийн албанд орж чадсан бөгөөд удалгүй улсынхаа санхүү, төсвийг захиран зарцуулах хэмжээний өндөр албан тушаалд хүрсэн ажээ.

Ян де Виттийн эцэг Нидерландын язгууртан гэр бүл болох Оранжийнхний эсрэг үзэлтэй хүн байсан юм. Оранж нь эртний сурвалж гарал бүхий гэр бүл бөгөөд тус улсыг хаант засаглалтай болгох (мэдээж өөрсдөө хаан суудалд суух) гол зорилготой байсан юм. Үүний нөлөөгөөр Нидерландчууд "Бүгд найрамдах засаглалыг дэмжигчид (Бүгд найрамдахчууд)", "Хаант засаглалыг дэмжигчид (Оранжистууд)" хэмээн 2 хуваагдаад байв. 

Ян де Витт эцгийнхээ үзэл суртлыг дагаж Оранжистуудын эсрэг тэмцэж эхэлсэн юм. Дээр дурдсанчлан өөрийн өндөр боловсрол, уран яруу илтгэх чадварынхаа ачаар Ян төрийн албанд өндөр байр суурь эзлэх болсон юм. Эцэст нь тэрээр 1653 онд 28 настайдаа Нидерландын Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд болж дэвшсэн байна. 

Түүнийг засгийн эрхийг авах үед Нидерланд Англитай дайтаж байв. Энэ үед Ян тун нарийн арга ашиглан энхийн хэлэлцээ хийж чаджээ. 

Ян Де Виттийн засгийн эрх барьж байх үеийг түүхэнд "Нидерландын алтан эрин" гэж нэрлэдэг бөгөөд чухамдаа энэ л үед тус улс Европын хамгийн хүчирхэг, нөлөө бүхий орон болсон байдаг.  Ян Де Виттийн гавьяагаар улсын нийслэл Амстердам хот нь дэлхийн худалдааны төв болсон бөгөөд Нидерланд улс Ази-Европыг холбосон худалдаанд жинхэнэ монополь тогтоож тус оронд асар их хэмжээний ашиг олж эхэлсэн юм. 

Дээрх бүх ололтуудын ачаар Де Витт ерөнхий сайдын албан тушаалд дахин гурван удаа буюу 1658, 1663, 1668 онуудад сонгогдож байжээ.

Ерөнхий сайдын хувиар Ян Де Витт Европын бусад орнуудтай энхийн харилцаа тогтоосон байдаг. Тэрээр мөн Нидерландын хамгийн том дайснууд болох Англи, Францын хооронд "яс хаяж" чаджээ. Энэ бүхнээр дамжуулан тэрээр Оранжистуудын улс төр дэх нөлөөг багасгахыг  хичээсэн байдаг. 

Үүний зэрэгцээ далайд ноёрхлоо тогтоох өрсөлдөөнөөс болж Нидерланд болон Английн засгийн газруудын хоорондын харилцааг улам хүнд байдалд оруулав. Хоёр үндэстний хоорондын хурцадмал байдал 1665 онд дайн гарах хэмжээнд хүртэл муудсан боловч Ян Де Витт далайн ноёрхлоо хадгалан үлдэж чаджээ. Гэсэн ч 1672 онд бүх зүйл буруугаар эргэсэн юм. Францын эзэн хаан XIV Луи гэнэтийн дайн зарлахад Нидерландын Бүгд Найрамдах Улсад эмх замбараагүй байдал үүсэв.

Францтай хийсэн дайныг Нидерландчууд "Rampjaar" буюу "Гамшгийн жилүүд" гэж нэрлэх болсон юм. Энэ дайнд Англи, Франц улсууд хүчээ нэгтгэн Нидерланд руу дайрч асар их хохирол учруулжээ. Дайнд ялагдсан Нидерланд улсын эдийн засаг түүхэнд байгаагүй хэмжээний их хямралд орсон бөгөөд тус орон эргээд дайны өмнөх шигээ хүчирхэг болж чадаагүй юм. 

Үүний дараа Нидерландчууд Ян де Виттийг бүх зүйлд буруутгаж эхэлсэн ба түүний алдаатай шийдвэрүүдийн улмаас ийм хэмжээний ялагдал, гарз хохирол учирсан гэх үзэл улам бүр газар авсан байна. Үүнийг анзаарсан Оранжистууд "боломж"-ийг олж харжээ.

Оранжистуудаас нэлээд дэмжлэг авах болсон III Уильям Оранж төрийн эрхийг гартаа авахаар шийдсэн бөгөөд тэрээр Бүгд найрамдах улсыг тарааж, өөрөө Нидерландын хаан болжээ. Тэрээр хаан болсныхоо дараа  1672 оны 8-р сарын 4-нд Ян де Виттийг огцруулж, түүний дүү Корнелиусийг улс төрийн хэргээр буруутган шоронд хорьсон байна. Де Витт дүүтэйгээ уулзахаар Гаага дахь Гевангенпорор шоронд очих үедээ өөрийг нь  ямар тавилан хүлээж байгааг мэдээгүй аж. Ян Де Виттийг үнэн голоосоо үзэн ядаж уурссан хоригдлууд ах дүү хоёрыг шоронгийн хаалгаар орсон даруйд таньж, хамтад нь барин авч маш хэрцгийгээр тамласаар амь насыг нь хөнөөжээ. Эргэн тойронд нь ямар ч шоронгийн харуул байгаагүй учраас хоригдлуудын балмад үйлдлийг хэн ч зогсоогоогүй байна.

Дараа нь тэд ах дүү хоёрын цогцсыг шонгоос өлгөөд хэсэглэн хуваасан байна. Цугласан олон тэр даруйдаа гал асааж Ян, Корнелиус нарын цогцсыг галд "болгож" идсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Харин III Уильям хүний ёсноос гажсан, балмад үйлдэл гаргасан тэдгээр хоригдлуудад ямар ч арга хэмжээ авалгүй, хэргийг чимээгүй өнгөрүүлсэн гэнэ. Өдгөө Нидерландад Ян де Витт болон түүний дүү  Корнелиусын дурсгалд зориулсан гурван ч хөшөө байдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()