2021 оны 7-р сарын эхээр олон нийтэд цацагдаж эхэлсэн "Black Widow" киног Дисней компани сарын сүүлээр стриминг үйлчилгээнд нэвтрүүлсэн билээ. Кино компанийн уг үйлдлийг хамтран ажиллах гэрээний заалтыг зөрчсөнд тооцсон жүжигчин Скарлетт Йоханссон Диснейн эсрэг шүүхэд гомдол гаргасан байна. Учир нь ингэснээр Дисней компанийн стриминг үйлчилгээний эрхтэй хүн бүр тус киног нэмэлт үнэ төлбөргүйгээр хүлээн авч үзэх боломжтой болсон тул жүжигчний төлөвлөгөөт орлогоос 50 сая орчим доллар хасагдсан аж.
Гэвч Дисней компанийн зүгээс жүжигчин бүсгүйтэй санал нийлээгүйгээр барахгүй, түүнийг цар тахлын хүнд хэцүү цаг үед үзэгчдийн нөхцөл байдлыг бодолцож үзэлгүй зөвхөн өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан хэмээн буруутгасан юм. Мөн Дисней компани Йоханссонтой хийсэн гэрээний нөхцлийг огтхон ч зөрчөөгүй гэж мэдэгдээд, түүний оролцсон бүх төслүүдээс гарахаар болсноо зарласан байна.
Холливудын од Скарлетт Йоханссон урьд өмнө нь хэд хэдэн удаа шүүхэд зарга үүсгэж, ялалт байгуулж байсан удаатай. Тодруулбал, Скарлетт 2008 онд "Соsmороlitan" сэтгүүлийн редакцийг хуурамч ярилцлага хэвлэн нийтэлсэн хэргээр гомдол гаргана гэж мэдэгдэж байсан бол 2014 онд Францын зохиолч Грегуар Делакурыг "The First Thing You See" номондоо нэрийг нь зөвшөөрөлгүйгээр ашигласан хэмээн шүүхэд өгч, 250 мянган еврог сэтгэл санааны хохирол болгон хүлээн авч байжээ.
Бүсгүйн хувийн амьдралын тухайд тэрээр 2017 оноос хойш үерхсэн стэнд-ап комедиан Колин Жосттой өнгөрсөн онд гэр бүл болж цомхон хүрээнд даруухан гэрлэсэн билээ. Өдгөө тэд гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээн авахаар зэхэж байгаа гэдгийг Колин хэдхэн хоногийн өмнө нэгэн тоглолтынхоо үеэр албан ёсоор үзэгчдэд хуваалцсан хэмээн Page Six-д мэдээлсэн байлаа.
Скарлетт Йоханссон жүжигчин Райан Рейнолдс, Францын сэтгүүлч Ромайн Дуриак нартай гэрлэж байсан бөгөөд Ромайн Дуриакаас Рөүз хэмээх охин төрүүлжээ. Одоо ийнхүү тэрээр хоёр дахь хүүхдээ өлгийлөн авах гэж байгаа юм.