2020 оны 4-р сард ОХУ-ын алдарт бөх Заурбек Сидаков нохойгоо салхилуулж байгаа нэгэн үзэсгэлэнт бүсгүйтэй таарсан бөгөөд түүнд анхны харцаар ухаангүй дурлажээ. Тухайн үед Токиогийн Олимп 2021 он хүртэл хойшлох нь мэдээж болсон тул тамирчин маань амьдралаа өөрчлөхөөр шийдсэн байна.
Заурбек өөрийн ухаангүй дурласан бүсгүй Мадина Плиеватай хэсэг хугацаанд үерхэж, удалгүй гэрлэх санал тавьсан бөгөөд бүсгүй ч түүнтэй ирээдүйн амьдралаа холбохыг зөвшөөрсөн байна. Ийнхүү тэд 2020 оны 8-р сард анд нөхөд, гэр бүлээ цуглуулан нижгэр хурим хийжээ.
Тэдний хайрыг гэрчлэхээр хуримын ёслолд ирсэн зочдын дунд нэр нөлөө бүхий хүмүүс ч багтсан байв. Мөн шинэхэн хос хуримын бэлэг болгож бэлэн мөнгөөр 8 сая рубль (300 гаруй сая төгрөг) зочдоос авсан аж. Харамсалтай нь гэрэл гэгээтэй бүхнээр бялхсан жаргалтай үйл явдал дэндүү гунигтай өндөрлөсөн юм.
Хуримын эхний өдрийг ресторанд тэмдэглэсэн бол хоёр дахь өдөр нь хосуудын гэрт зочид нь цугларсан байна.
Осет үндэстэн Заурбекийн нутгийн уламжлалын дагуу заавал гэртээ зочдоо оруулах ёстой бөгөөд шинэ бэр зочдын дэргэд биш, өрөөний буланд ганцаар суух ёстой байв.
Гэхдээ орчин үед тэднийг тусдаа өрөөнд байлгадаг болсон учир Мадинад ч энэ нь илүү дээр сонголт шиг санагдаж зөвшөөрсөн байна. Харин найр ид хавтгайрч байх үед зочдын утсанд мессеж иржээ.
Бүгд утсаа шалгатал Мадинагийн өөр хүнтэй хамт нүцгэн байгаа зураг, бичлэгүүд ирсэн байв. Тус мессежийг явуулсан хүн үүн дээр нэмж сүйт бүсгүйг өмнө нь биеэ үнэлдэг байсан гэсэн аж.
Үүний дараа Заурбек биеэ барьж дийлэлгүй эхнэрээ үсдэж, өрөөнөөс нь чирж гаргаж ирсэн бөгөөд дараа нь сандал дээр суугаад цурхиртал уйлсан байна.
Гэхдээ Мадина чинээлэг эцэг эхтэй тул биеэ үнэлэх шаардлага байгаагүй юм. Бүсгүй 3 жилийн өмнө эхнэртэй хүнтэй нууц амрагийн харилцаатай байсан бөгөөд энэ үйлдлийг өнөөх эрийн эхнэр нь Мадинагаас хариугаа авахын тулд хийсэн аж.
Заурбек хожим нь харамсах зүйл хийхээс өмнө найз нар нь аваад явжээ. Тэрээр энэ явдлын маргааш нь эхнэрээсээ салсан байна. Харин Мадина энэ үйл явдлын дараа Москва руу нүүж, цахим ертөнцөд ч үзэгдэхээ больжээ.
Заурбек үүнээс хойш хуучин эхнэрийнхээ тухай нэг ч үг дурсаагүй. Тэрээр бүх анхаарлаа бэлтгэл хийхдээ зориулсан бөгөөд үүнийхээ ачаар Токиогийн Олимпоос алдан медал авч чадсан юм.
Хайр бүхнээс хүчтэй гэдэг ч Заурбек уур хилэнгээ зөв зүйлдээ ашиглаж чадсан учраас ийм хэмжээний амжилт байгуулсан байна.
Энэ үйл явдлын тал дээр цахим хэрэглэгчид байр сууриараа хоёр хуваагдсан байна. Зарим хүмүүс Сидаковыг бүх зүйлийг зөв хийсэн гэдэг бол бусад нь өнгөрсөн үе өнгөрсөндөө л үлдэх ёстой байсан гэж үзсэн аж. Мэдээжийн хэрэг, олимпын аварга болох хэмжээний чансаатай тамирчны хувьд сэтгэл зүйн байдал нь хамгийн чухал учраас ийм зүйл том нөлөө үзүүлсэн нь тодорхой.