Халиу ашиглан загас барих Бангладешийн хачирхалтай уламжлал

2021-08-06, 19:01
5,467

Ганга мөрний адагт орших Бангладешийн загасчид олз омог сайтай байхын тулд бусад загасчид шиг дэгээ хаяж, тор тавих ч шаардлага байдаггүй гэнэ. Харин үүний оронд тэд гаршуулсан халиунуудыг ашигладаг бөгөөд хурдан хөдөлгөөнтэй, сайн сэлдэг тэрхүү бяцхан амьтад бүх загасыг нь бариад өгчихдөг аж. Тэгвэл байгалиас заяасан анч чанартай халиуг нутгийн загасчид өөрсдөдөө хэрхэн ашигтайгаар "ажиллуулдаг" юм бол? 

Халиу ашиглан загас барих Бангладешийн хачирхалтай уламжлал

Орчин цагт хүн бүр өөрсдөдөө шаардлагатай загасчлалын хэрэгслүүдийг төрөлжсөн дэлгүүрүүдээс ороод худалдан авах боломжтой. Гэхдээ хобби чиглэлээр бус, техникийн хүчээр асар олноор нь барих явдал усны экосистемд томоохон хохирол учруулсаар байна.

Тэдгээр шударга бус хүмүүсээс ялгаатай нь Бангладешийн загасчид халиу ашиглаж, олз омог маш сайтай байдаг гэнэ.

Ан хийх дуртайн дээр хурдан шаламгай хөдөлгөөнтэй эдгээр бяцхан амьтад нь загасыг тор руу хөөн оруулдаг бөгөөд эзэд нь олзоо ууталж авахад л хангалттай юм.

Загасчлах энэ аргыг ихэнх хүмүүс тун өвөрмөц, ховор гэж боддог ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Ойролцоогоор 600 жилийн өмнө Хятадын загасчид халиуг анх ийм зориулалтаар гаршуулж байжээ.

Халиуг загасчлалд сургах ажил зулзага байхаас нь эхэлдэг. Нас бие гүйцсэн хойно нь загасчид халиунуудаа олсоор оосорлон ажилдаа гардаг бөгөөд энэ үед зулзаганууд нь тэдний хажууд чөлөөтэй сэлж байдаг. Халиуны зулзага эцэг эхээсээ огтхон ч холддоггүй, төөрч явдаггүй аж.

Халиу ийм байдлаар Бангладешийн загасчидтай "хамтран ажилласаар" олон зуун жилийг өнгөрөөжээ. Ихэвчлэн голын намаг багатай, задгай эргээс нь халиунуудаа оруулдаг байна.

Нэг загасчин ажилдаа гарахдаа ихэвчлэн 3-аас 5 халиу авч явна. Завьтай явахаар бол голын дунд очоод халиуг торноос нь суллан тавина. Хашхирах дохиогоор халиу ус руу шумбаж, загаснуудыг бэлдсэн тор руу идэвхтэй хөөж эхэлдэг. Мэдээжийн хэрэгт тэд олзон дээрээ өөрсдөө ч мөн найрлаад амждаг.

Зөвхөн Сундарбаны усан сувгуудад л гэхэд ийм аргаар загасчилдаг 8000 орчим завь гардаг байна. Загасчлахаар явахдаа эрчүүд завиндаа нэг болон түүнээс олон сараар амьдардаг.

Загасчид завиа мөчрөөр дээвэрлэж, тэндээ хоол ундаа хийж идэцгээдэг. Өдрийн хоолондоо ихэвчлэн будаа, загасаа халуун ногоогоор амтлан иднэ. Энэ үед тэдний бяцхан туслахууд үргэлж хамт байдаг.

Загасчид нэг шөнийн дотор ойролцоогоор 12 кг загас барьдаг бөгөөд бүгдийг нь орон нутгийнхаа зах дээр очиж зардаг. Ингэснээр нэг загасчин сард дунджаар 100 долларын орлого олдог.

Тосгоны олон хүүхдүүдэд сургуульд явах боломж хомс тул өсвөр наснаасаа эхлэн өвөг дээдсээсээ өвлөгдөж ирсэн энэхүү ажлыг хийхэд суралцдаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()