Судалгааг удирдсан Аризонагийн Их Сургуулийн хувьслын биологич Дэвид Энард "Энэ бол маш ноцтой асуудал. Яг одоо бидэнд нүүрлээд байгаа цар тахал нь өвөг дээдсээс маань бидэнд уламжлагдан ирсэн байна" гэж Current Biology сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ дурджээ.
Өнөөг хүртэл судлаачид коронавирусийн уг гарлыг тогтоох тал дээр ахиц гаргаж чадаагүй байсан юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд Ковид-19, SARS, MERS гэх гурван төрлийн коронавирус хүнд халдварлаж, амьсгалын замын хүнд өвчин үүсгэж байсан билээ. Эдгээр коронавирус тус бүр дээр хийсэн судалгаагаар тэдгээр нь сарьсан багваахай эсвэл бусад хөхтөн амьтдаас хүнд халдсан болохыг тогтоосон байна.
Бусад төрлийн коронавирус нь хүмүүст халдварлаж болох ч ихэвчлэн хөнгөн ханиад үүсгэдэг. Эрдэмтэд эдгээр коронавирусыг хүнээс хүнд халдварлахыг нь ажиглаж чадаагүй тул хэзээ ийм чадвартай болохыг нь тооцоолохын тулд бусад төрөл зүйлс дээр туршилт хийхээс өөр аргагүй болсон байдаг. Коронавирус нь тогтмол хурдаар шинэ мутацид ордог тул тэдний хоорондох генетикийн хэлбэлзлийг харьцуулснаар анхны хувилбар нь хэрхэн, хэзээ үүссэнийг нь тооцоолох боломж олдсон аж.
Хамгийн сүүлд илэрсэн, хөнгөн өвчин үүсгэгч коронавирусын хувилбарыг HCoV-HKU1 гэж нэрлэдэг бөгөөд 1950-аад онд анх хүнд халдварлагдсан байдаг. Бидэнд мэдэгдээд байсан хамгийн эртний коронавирусыг HCoV-NL63 гэж нэрлэсэн байна. Тус вирус нь 820 жилийн өмнө үүссэн байх боломжтой.
Харамсалтай нь эрдэмтэд үүнээс илүү "хөгшин" коронавирусын төрлийг илрүүлж чадаагүй байжээ. Доктор Энардын судалгааны баг шинэ арга барил нэвтрүүлсний хүчинд энэ саадыг давсан байна. Судлаачид коронавирусын генийг бус халдвар авсан хүний ДНХ-д тус вирус хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.
Үе дамжих тусам вирусууд хүний генийн санд асар том өөрчлөлт гарахад нөлөөлдөг. Хүний дархлааны систем шинэ төрлийн вирусын эсрэг хамгаалалт гаргаж ирэх бүрт тэр нь генийн мэдээлэл болж үлдэнэ. Жишээлбэл, тухайн вирусын уургийг задалж хөнөөх чадвар аавд нь үүссэн бол тэр нь хүүд нь уламжлагддаг. Энэ бол хувьслын энгийн жишээ юм.
Гэхдээ вирус өөрөө амьд үлдэхийн тулд хувьсаж өөрчлөгддөг. Жишээлбэл тэдний уургууд нь дархлааны системийг дийлэхийн тулд хэлбэрээ өөрчилж, задралд оролгүй үлдэж болно. Энэ мэтээр хүн болоод вирус бие биенээ дийлэхийн тулд эцэс төгсгөлгүй хувьсалд орж байдаг.
Санамсаргүйгээр үүссэн шинэ хувьсал нь тухайн вирусыг эсэргүүцэх чадварыг бий болговол энэ мэдээлэл хойч үеийн хүмүүсийн генд бичигдэж үлддэг байна.
Сүүлийн жилүүдэд Доктор Энард болон түүний хамтрагчид олон тооны вирусын өмнөх үеийн хувилбарыг нээхийн тулд хүний генетикийг судлахаар шийджээ. Ингэхдээ тэд хүний генийн сан дахь хувьслыг судалсан байна. Коронавирусын цар тахал дэгдэх үед тэрээр эртний коронавирусууд өөрийн гэсэн өвөрмөц ул мөрийг хүний генд үлдээсэн эсэхийг тогтоохоор шийдсэн аж.
Энард дэлхийн 26 өөр газрын мянга мянган хүмүүсийн ДНХ-ийг харьцуулж, зөвхөн коронавирустэй холбоотой генийн хослолыг судалж үзжээ. Зүүн Азийн иргэдийн хувьд коронавирустай холбоотой 42 төрлийн генийн мэдээлэл байгааг эрдэмтэд тогтоожээ. Энэ бол Зүүн Азийн хүмүүс эртнээс коронавируст дасан зохицсон гэдгийн илрэл юм.
Гэхдээ энэ генийн мэдээлэл зөвхөн тухайн бүс нутгаас л илэрсэн байна. "Бид Зүүн Азийн иргэдийн мэдээллийг дэлхийн бусад бүс нутгийн хүн амтай харьцуулж үзэхэд ижил зүйл олдоогүй" гэж Австралийн Аделаидын Их Сургуулийн судлаач Яссин Суилми хэлжээ.
Эрдэмтэд дараа нь Зүүн Азиуд коронавируст хэдэн жилийн өмнө дасан зохицсон болохыг тооцоолохыг оролдов.
Доктор Энардын баг дээрх 42 төрлийн ген бүгд ойролцоогоор ижил тооны мутацитай болохыг тогтоожээ. Иймээс тэдгээр нь бүгд нэгэн зэрэг хурдацтай хувьсалд орсон гэсэн үг юм.
Дээрх мэдээлэл дээр үндэслэн эрдэмтэд эдгээр генүүд бүгд 20-25 мянган жилийн өмнө вирусын эсрэг мутаци болон үүсэж хөгжсөн хэмээн үзсэн байна. Тухайн үед Зүүн Азид хүн амын нягтрал ихтэй газар бараг байгаагүй харин бүгд ан агнуур, түүврийн аж ахуй эрхэлж, жижиг овгуудад хуваагдан амьдарч байсан тул нийтдээ ийм хэмжээний хувьсалд орсон гэдэг нь ардаасаа ихээхэн асуулт дагуулж байна.