Линдсей Хоукер нь 1984 оны 12-р сарын 30-нд Их Британийн Уорвикширийн Брэндонд төрсөн бөгөөд Лидсийн их сургуульд биологийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг хамгаалаад, үргэлжлүүлэн Япон улсад суралцахаар ирээд байжээ. Энэ хугацаандаа тэрээр гадаад хэлний боловсролын төвд англи хэлний багшаар ажиллаж байв.
Санамсаргүй байдлаар Линдсейг олж харсан нэгэн эрэгтэй түүнээс англи хэлний тусламж авахыг хүссэн учир Линдсей зөвшөөрснөөр гэмт хэргийн золиос болж, харамсалтайгаар амиа алдсан байна. Охин үл таних япон эрэгтэйд хичээл заахаар тохиролцсон тухайгаа найз залуудаа и-мейлээр хэлсэн байсан аж.
Цусанд хутгалдсан охины цогцос гэмт хэрэгтний гэрийн тагтан дээрх ваннаас олдсон байна. Ваннд элс, хар шорооны хольц хийж дүүргэсэн байсан бөгөөд Линдсейн цогцсыг хурдан задлах зорилгоор тусгай бодис цацсан байжээ. Хэргийн газрын нөхцөл байдлаас харахад Линдсейг амьсгал хураахаас өмнө бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь илт байв. Мөн түүний биенд маш олон ил шарх үлдсэн байсан нь Линдсей гэмт хэрэгтний үйлдлийг амь тэмцэн эсэргүүцсэн болохыг баталсан байна. Британи охин, Ичихаши нар хоёулаа багадаа тулааны урлагаар хичээллэж байсан боловч Линдсей аргагүй эрхэнд Ичихашид дийлджээ.
Мөрдөгчид гэмт хэрэгтнийг олохоор шаргуу ажилласны хүчинд бүсгүйн амийг 28 настай Тацуяа Ичихаши гэх эр бүрэлгэсэн болохыг олж тогтоосон байна. Улмаар хэрэгтнийг орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн боловч түүнийг олж чадалгүй удаан хугацааг өнгөрүүлсэн аж.
Хүн амины гэмт хэрэгтнийг барихад тусалсан иргэдэд мөнгөн шагнал олгоно гэж зар тавиад ч нэмэр бололгүй удаан хугацааг өнгөрүүлсэн байна.
Гэвч асуудлын учир Ичихаши гадаад төрхөө өөрчлөхийн тулд өөртөө гоо сайхны мэс засал хийсэн болж таарчээ. Эхний удаад тэрээр өөрөө хамраа өндөрлөж, хацар дээрх хоёр мэнгээ авсан байснаар барахгүй, нүдэндээ хүртэл давхраа хийсэн байв. Харин хожим 2009 оны 10-р сарын 24-ний өдөр Ичихаши Нагояа дахь нэгэн гоо сайхны эмнэлэгт дахин хамрын мэс засалд орсон гэдэг нь тодорхой болсноор мөрдөгчид хэрэгтнийг барих сэжүүрийг олж авсан аж. Түүнд мэс засал хийсэн эмч Ичихашигийн гадаад төрх, мэргэжлийн бус аргаар өөртөө мэс засал хийсэн байдал зэргээс сэжиг авч, улс даяар эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн мөн байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн гэнэ.
Хэрэгтэн хохирогчийн аминд хүрснээс хэсэг хугацааны дараа Окинава арал руу явж, жил гаруй хугацаанд барилга дээр ажилласан байв. Ичихаши мэргэжлийн гоо сайхны эмчид хандахаасаа өмнө өөрөө хамраа өндөрлөж, давхраа хийснээс гадна уруулынхаа хэлбэрийг хүртэл өөрийн гараар өөрчилжээ.
2009 оны 11-р сарын 10-нд Ичихашиг Осака хотод, Окинава явах хөлөг онгоцонд суух гэж байхад нь баривчилжээ. Шүүх явц хоёр жилийн турш үргэлжилсний эцэст 2011 оны долдугаар сард Чиба мужийн дүүргийн шатны шүүхээс гэмт хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноосон байна.