Өмнөд Хятадад үлдсэн Монголчуудын удам Хацо хүмүүс гэж хэн бэ?

БНХАУ-д нийт 6.3 сая Монгол үндэстэн амьдардаг бөгөөд энэ тоог сонсохоор бидэнд хамгийн түрүүнд Өвөр Монгол, Бортал, Ховогсайр, Цастын монголчууд бодогдох нь дамжиггүй. Гэхдээ урд хөршийн алс өмнөд зүгт, Мьянмар, Лаос улстай хиллэн орших Юннань мужид хүртэл монгол угсаатнууд амьдардаг гэвэл итгэх үү? Ингээд та бүхэнд тус мужийн Тонхай аймгийн бүрэлдэхүүн дэх Монголын их байлдан дагуулалтаас үлдэж хоцорсон "Хацо Монгол" буюу Юннаний Монголчуудын тухай хүргэж байна.

Өмнөд Хятадад үлдсэн Монголчуудын удам Хацо хүмүүс гэж хэн бэ?

Эртний сүм хийд, нууцлаг агуйнууд, баялаг түүхтэй тосгодоос гадна Тонхай аймгийг онцгой болгодог зүйл бол төв хотоос баруун тийш хэдэн километрийн зайд орших Тогос уулын өвөрт байдаг гурван тосгон юм. 

Энэ бол Хятад улсыг байлдан дагуулсан монголчуудын үр удам амьдардаг Юннань дахь цорын ганц газар болох Шиньмэний монгол хошуу юм. Манай улс болон Өвөр Монголоос алс хол амьдардаг эдгээр хүмүүс энд хэрхэн ирсэн нь тун сонирхолтой. 

XIII зуунд одоогийн Юннань мужийн нутаг дэвсгэр нь Далийн вант улсад харьяалагддаг байв. Энэ бол Азийн зүүн өмнөд хэсэг дэх ноёрхлын төлөө Төвд болон Тан улстай байлдаж байсан Нанжаогийн хаант улсын залгамжлагч улс байв.

Тан гүрэн задран унасны дараахан Нанжаогийн хаант улсад бослого гарч Дали улс болж хувирсан юм. Харин Тан улсын дараа гарч ирсэн Сүн улс нь Далитай муудалцахгүй байхаар шийджээ. Учир нь Сүн улсын хувьд Далигаас морьд авах нь асар чухал байсан юм. 

Далигийн хувьд цорын ганц аюул нь хойд зүгийн нүүдэлчин овгууд байв. Сүн улс хүчирхэг цэрэгтэй байхын тулд Далигаас заавал адуу авах хэрэгтэй байсан учраас Юннань-Төвдөөр дамжин явдаг уламжлалт "Цай, адууны зам"-аар дамжуулан худалдаа хийж байв. Далигийн вант улс дайн дажингүй олон жил тайван амгалан байсан бөгөөд Чингис хаан Хятадын хойд хэсгийг эзлэн авсны дараа ч гэсэн энэ байдлаа хадгалжээ.

Гэвч Монголчууд Сүн улсыг бүрэн эзэлж чадалгүй бараг 100 жил турш болсон учраас хамгаалалт багатай баруун өмнөд талаас нь довтлохоор болсон гэдэг. Үүнээс болж замд нь байрлах Далигийн вант улсыг эзлэхээс өөр аргагүй болжээ. 1253 онд Хубилай хааны их цэрэг Сычуанийн уулсыг давж баруун хойд талаас нь Юннань нутаг руу орж ирэв. Хэд дахин илүү хүчтэй тулгарсан Юннаньчууд бууж өгсөн бөгөөд Монголчуудыг гол мөрөн гатлахад нь туслаад зогсохгүй өөрсдөө дагаар оржээ. Хубилай хаан үүний дараа тус нутгийг захирах Монгол ноёдыг томилсон юм. 

Юннань муж нь олон жилийн турш Монголын эзэнт гүрний нөлөөн дор мусульман захирагчдын мэдэлд байв. 1368 онд Юань гүрэн мөхөхөд Юннань нь Хөх мөрнөөс өмнө зүгт монголчуудын сүүлчийн түшиц газар хэвээр үлдсэн бол 13 жилийн дараа шинээр байгуулагдсан Мин гүрэнд нэгдсэн байна.

Үүний дараа Мин улсын эзэн хаан Монголчуудыг Юннаниас бүрмөсөн хөөх цэрэг илгээв. Мин улсын цэргүүд 1381 онд Кучингийн ойролцоох монгол цэргүүдийг бут цохиж, дараа нь үлдсэн хүмүүсийг нэг нэгээр нь олж хүйс тэмтэрсэн байна. Энэ үеэс эхлэн Юннань муж нь Хятадын нэг хэсэг болсон юм. 

Азаар цөөн хэдэн монголчууд Мин улсын цэргээс зугтаж толгод руу гарсан бөгөөд тэнд амьдралын хэв маягаа өөрчилж, өөрсдийгөө монголчууд гэдгээ нуун, нөхцөл байдал сайжиртал хүлээн амьдрахаар болов. Эдгээр монголчууд олон зууны туршид загасчилж, яваандаа газар тариалан, хөдөө аж ахуй, барилгын салбарт түшиглэн амьдрах болжээ.

Амьдралын хэв маягаа өөрчилсөн ч гэсэн тэд тал нутгаасаа авчирсан зан заншил, уламжлалаа хадгалсаар ирсэн байна. Өнөөдөр ч энэ газрын ихэнх эмэгтэйчүүд уламжлалт хувцсаа өмссөн хэвээр байгаа аж.

Юннаний монголчууд нарийн чулуун замаар тусгаарлагдсан өндөр, зузаан ханатай, бат бөх байшинд амьдардаг.

Тэд хуучин цагт зөвхөн газар тариалан эрхэлдэг байсан бол одоо эрчүүд нь мужааны ажил, тоосго цохих, өрлөг хийхэд гарамгай суралцаж, барьсан барилгын чанараар муждаа гайхагддаг болсон аж. Харин ургац хураалтаас бусад үед эмэгтэйчүүд, хүүхдүүд газар тариаланг хариуцдаг байна.

Шиньмэн хот дотор

Нутгийн үлгэр домог нь эндэхийн монголчуудын амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдсөн болохыг агуулдаг. Тэдгээрийн нэг дээр:

"Мин улсын цэргүүд монголчуудыг хүйс тэмтэрч байх үед оргон зайлсан долоон хүн Килу нуурын эрэг дээр ирээдүйнхээ талаар эргэцүүлэн бодож суутал гэнэт усан доороос хирсний арьсан завьтай өвгөн гарч ирэв.

Тэр өвгөн монголчуудыг арьсан завин дээрээ суулгаж аваад цааш явав. Нуурын эрэг рүү дөхөхөд нэгэн хийд харагдсан бөгөөд тэрхүү хийдийн баганыг ороосон аварга загасны зургийг өвгөн хуруугаараа заажээ. Эрэг дээр гарч ирсэн хойноо монголчууд хөгшин эр тэдэнд загасчилж амьдралаа залгуулах ёстойг сануулсан болохыг ойлгов. Тэрхүү долоо дараа нь нутгийн эмэгтэйчүүдийг авч суугаад өөрсдийн хэл соёлдоо уусгажээ." гэдэг байна. 

Шашин шүтлэгийн хувьд тэд Шиньмэн хотод байх Саншен хэмээх хийдэд мөргөл үйлддэг. Энд Монголын эзэнт гүрний хаад болох Чингис, Өгөдэй, Хубилай нарын гурван том баримлыг хүндэтгэн байрлуулсан байдаг.

21-р зуун гарсаар Шиньмэн нь аймгийнхаа хамгийн их жуулчид (жилд 10 мянга гаруй) хүлээн авдаг газар болжээ. Шиньмэн хотын үүдэн дээр Монгол маягийн хээ угалзтай байшингууд боссоны дээр Монгол үндэсний хоол хийдэг олон зоогийн газрууд нээгджээ. 

Шиньмэний иргэдийг олон зуун жилийн дараа буюу 1979 онд л монгол хүмүүс гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн юм. Тэр үед тосгоны эрчүүд Өвөр Монгол руу явж хүүхдүүдэд нь монгол хэл, нүүдэлчдийн ёс уламжлалыг заах хүмүүсийг урьж авч ирсэн гэнэ. 

Тэр цагаас хойш тосгоны хаяг, шошгонууд хятад болон монгол хэл дээр бичигдэж, хүүхдүүд морь унаж, сур харваж, бөх барилдах болжээ. Эмэгтэйчүүд нь айж ичилгүйгээр үндэсний хувцсаа өмсөх болсон бөгөөд энэ бүхнийг хятадын соёлыг хувьсгалын үед хааж боож байсан юм. 

Мэдээж хэрэг Шиньмэний монголчуудад өөрсдийн гэсэн өвөрмөц уламжлал бий. Тэд монголоор ярихдаа өвөр монголоос арай өөр, илүү хятад шинж агуулсан аялгаар ярьдаг. 

Шиньмэнчүүд мөн жил бүр үндэстний уламжлалт баяр Наадам тэмдэглэдэг. Орон нутгаас тэднийг үндэсний цөөнх учраас баяраа зохион байгуулахад тусалж, төсөв гаргадаг байна. Тиймээс Шиньмэнчүүд нүүдэлчдийн хувцсаа бахархалтайгаар өмсөж сур харваа, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зохиож нааддаг.

Хацо монгол охин наадмын үеэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()