Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Төрийн банкны Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Г.Энхтамиртай ярилцлаа.
Цонх: “Банкны тархи” гэж тодорхойлж болох бүртгэлийн суурь систем сайн байх тусмаа банкны үйл ажиллагаа өргөжин хөгжиж байдаг. Тийм ч учраас бид өнгөрсөн гуравдугаар сард системийн шинэчлэл хийж, харилцагчиддаа олон шинэ боломж нээж өглөө.
Цонх: Хамгийн гол нь теллер, харилцааны менежерүүдийн гар ажиллагааг автоматжуулснаар банкны үйл ажиллагаа хурдан шуурхай болж байна.
Цонх: Иргэд банкинд урт дараалалд зогсож, багагүй бухимддаг шүү дээ. Ялангуяа манайх шиг ачаалалтай банк энэ асуудлыг бага ч болов шийдэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Шинээр нэвтрүүлж буй киоск төхөөрөмжөөр дамжуулан харилцагч бэлэн бус төлбөр тооцооны бүх үйлчилгээг авах боломжтой.
Манай улсын банк, санхүүгийн байгууллагууд технологийн шийдлээрээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байгаа болов уу. Бусад улстай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?
Манай банкууд технологийн шийдлээрээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд бэлэн бус төлбөр тооцоог чухалчилсан цахим шилжилтийн үйл явц дэлхий дахинд хурдацтай өрнөх боллоо. Ирээдүйд банкны үйлчилгээ улам ойртоно. Одоо ч гэсэн банкинд ирэхгүйгээр асуудлаа шийдчихдэг харилцагчдын тоо олширсоор байна. Тийм ч учраас банк, санхүүгийн байгууллагууд харилцагчаа мэдэрч, шинэлэг цахим бүтээгдэхүүн гаргах тал дээр цаг ямагт анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харилцагчдынхаа нийтлэг эрх ашгийг бодолцож, хөгшин, залуу ямарч насны хүн ашиглаж болохоор энгийн, ойлгомжтой бас орчин үеийн шийдэл нэвтрүүлэх нь өнөөгийн хэрэгцээ, шаардлага болоод байна. Гэхдээ энгийн гээд нууцлал, аюулгүй байдлыг орхигдуулж болохгүй л дээ. Ялангуяа “банкны тархи” гэж тодорхойлж болох бүртгэлийн суурь систем сайн байх тусмаа банкны үйл ажиллагаа өргөжин хөгжиж байдаг. Тийм ч учраас бид өнгөрсөн гуравдугаар сард системийн шинэчлэл хийж, харилцагчиддаа олон шинэ боломж нээж өглөө. Өндөр хөгжилтэй улсын банк, санхүүгийн байгууллагуудтай ч эн зэрэгцэх боломж бүрдлээ.
Төрийн банк одоогоор хэчнээн харилцагчтай вэ. Банкны суурь системээ үндсээр нь шинэчилснээр харилцагчдад ямар боломж нээгдэв?
Манай банк 2.2 сая гаруй харилцагчтай. Орон сууц буюу хэрэглээний төлбөрийн 90 гаруй хувийн гүйлгээ манай банкаар дамжиж байна. Мөн тэтгэврийн тал хувийг, халамжийн дийлэнх хэсгийг Төрийн банкаар олгодог. Тиймээс бид энэ олон харилцагчийнхаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор системээ шинэчилсэн. Ингэснээр харилцагчийн бүртгэлийг илүү дэлгэрэнгүй бүртгэх нөхцөл бүрдсэн. Харилцагч ямар нэг гүйлгээ хийхдээ эхлээд ХУР системээр хурууны хээгээ баталгаажуулдаг боллоо. Энэ бол аюулгүй байдал сайжирсны нэг том илрэл. Түүнчлэн шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдээд байна. Тухайлбал, Төрийн банк киоск машинтай болж байна. Ингэснээр иргэд банкинд урт дараалал үүсгэх шаардлагагүй болно. Манай банкны 2011 оноос хөгжүүлсэн Гялс банкин дээр л гэхэд маш олон шинэ бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Гялс банк бол манай гол брэнд шүү дээ. Мөн өмнө нь бусад системийн өндөрлөгөөг хүлээж, 00:00 цагаас гүйлгээ саатдаг байсан. Энэ байдал өөрчлөгдлөө. Бид суурь системээ шинэчилснээр системүүдийн өндөрлөгөө зэрэг хийгддэг болсон. Хамгийн гол нь теллер, харилцааны менежерүүдийн гар ажиллагааг автоматжуулснаар банкны үйл ажиллагаа хурдан шуурхай болж байгаа юм. Бид шинэ системийнхээ хөгжүүлэлтийг байнга л хийж явна.
Системээ шинэчилснээр хадгаламж, зээлийн үйлчилгээний бүртгэл илүү хурдан шуурхай болж, энэ хэрээр банкны үйлчилгээ хурдан шуурхай болно гэсэн байсан. Энэ талаар тодорхой тайлбарлахгүй юу?
Системийн шинэчлэл хийснээр хадгаламж, харилцах дансны бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтөлдөг болсон. Хадгаламж, харилцах, зээлийн дансны үлдэгдэл хөтлөлт, хүүний сан хөтлөлт илүү дэлгэрэнгүй, тодорхой болж ирсэн. Мөн ковер данс хөтлөх боломжтой болсон. Жишээ нь, 1111 гэсэн харилцах данс дээр 2222 гэсэн ковер данс холболоо гэж бодьё. Хэрэв 1111 дансны үлдэгдэл гүйлгээ хийж, төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол 2222 гэсэн ковер данснаасаа автоматаар гүйлгээ хийх боломж бүрдсэн гэсэн үг. Энэ мэт маш олон давуу тал бий болсон.
Уншигчид маань санаж байгаа бол гуравдугаар сард Төрийн банкны АТМ болон интернэтийн гүйлгээ гурван өдрийн турш зогссон. Тэр үед банкны систем яг шилжиж байсан байх. Цаашид тийм байдал давтагдах уу? Ер нь шилжилт бүрэн дууссан гэж ойлгож болох уу?
Банкны суурь бүртгэлийн системийг шинэчлэн солино гэдэг бол маш нарийн төвөгтэй ажил. Хүнээр бол нэг үе дуусаад дахин шинэ залуу, эрч хүчтэй үе төрж байгаатай адил. Гэхдээ харилцагчийн мэдээлэл, датанд ямарч өөрчлөлт орохгүй. Төрийн банкны хуучин ашиглаж байсан систем технологийн хувьд хуучирч, шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боломжгүй болоод байсан юм. Харин Төрийн банкны 3000 гаруй ажилтан, тэр дундаа мэдээллийн технологийн ажилтнуудаар ахлуулсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн нөр их хөдөлмөрөөр энэ ажил биелэлээ оллоо. Бид ГрейпСити Монголия компанитай хамтран нэг жил гаруйн хугацаанд системээ хөгжүүлж, туршиж байж энэ том ажлын ард гарсан. Монгол инженерүүдийн ур ухаанаар дэлхийн хэмжээний систем хөгжүүлж, нэвтрүүлж болдгийн тод жишээ энэ байлаа. Мэдээж ийм том хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний саатал, бэрхшээл, доголдол, тооцоолж чадаагүй эрсдэл гарсан. Үүнийг манай хамт олон шуурхай шийдвэрлэж, шинээр нэвтрүүлсэн систем маань долоон хоногийн дотор л тогтворжсон. Тиймээс цаашид үйл ажиллагаагаа түр зогсоох шаардлага гарахгүй. Мөн ямар нэг доголдол үүсч, харилцагчдаа бухимдуулахгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан систем шилжих үед хүндрэл учруулсандаа харилцагч та бүхнээсээ хүлцэл өчье. Бид цаашид улам хичээх болно оо.
Монголын томоохон арилжааны банкуудаас хамгийн түрүүнд Төрийн банк олон улсын банк, санхүүгийн байгууллагад ашигладаг IBAN дансны дугаарлалт руу шилжлээ. Энэ дугаарлалтын давуу тал нь юу вэ?
IBAN (International Bank Account Number) дансны дугаарлалт нь олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий дугаарлалт юм. Манай банк ISO13616-1, 2 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаарлалтыг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүсэн анхны банк боллоо. Ингэснээр манай харилцагчид дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн дансны дугаараар олон улсын гүйлгээ хийх боломж бүрдэж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалын дагуу ирэх он гэхэд бүх банк IBAN дугаарлалт ашиглаж эхэлнэ.
Төрийн банк үйлчилгээндээ киоск машин нэвтрүүлэхээр туршилт хийж байна. Хэзээнээс хэрэглээнд нэвтрэх вэ?
Бид системийн шинэчлэлээс гадна технологийн шинэчлэлд ч анхаарч байна. Хэрэглээний төлбөр төлөх, халамжийн мэдээлэл авах зэрэг шалтгаанаар иргэд банкинд дараалал үүсгэдэг. Энэ байдал өөрчлөгдөнө. Манай банкны хувьд цахим шилжилтийн хүрээнд нэлээн олон бүтээгдэхүүн үйлчилгээг тусгаад явж байна. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахал биднийг тойрсонгүй, ажилд багагүй төвөг учрууллаа. Гэхдээ бид хойш суусангүй, зарим салбартаа нэвтрүүлээд туршилтын хэмжээнд явж байна. Бид энэ сардаа багтаад банкны салбарууд дээрээ 40-өөд киоск машин байрлуулна. Харилцагчдаа хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгнө. Мөн эхний ээлжинд Дархан, Эрдэнэт гэх мэт хүн ам ихтэй хотуудад байршуулна. Цаашлаад улс орон даяар хүртээмжийг нь шат дараатай нэмэх төлөвлөгөөтэй байна.
Киоск машинаар ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой вэ?
Иргэд банкинд урт дараалалд зогсож, багагүй бухимддаг шүү дээ. Ялангуяа манайх шиг ачаалалтай банк энэ асуудлыг бага ч болов шийдэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Шинээр нэвтрүүлж буй киоск төхөөрөмжөөр дамжуулан харилцагч банкны бэлэн бус төлбөр тооцооны бүх үйлчилгээг авах боломжтой. Гэхдээ үйлчилгээний нэр төрлийг үе шаттайгаар нэмнэ. Манай банкны харилцагчдын хувьд хурууны хээгээрээ ХУР системд өөрийгөө баталгаажуулаад бүхий л төлбөр тооцоо, гуйвуулгаа хийж болно. Мөн дурын банкны харилцагч Төрийн банкны киоск машиныг ашиглан байрны төлбөрөө карт болон QPay ашиглан төлөх боломжтой. Ер нь ашиглахад аль болох ойлгомжтой байхаар хөгжүүлсэн гэж бодож байна.
Энэ дашрамд Төрийн банкны нийт харилцагчиддаа хамт олныхоо өмнөөс Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн мэндийг хүргэе. Та бүхэн цахим бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал, зөвлөгөөгөө бидэнд харамгүй өгч байгаарай. Төрийн банк харилцагч та бүхнийхээ санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж, хурдан шуурхай үйлчлэхийн төлөө зүтгэх болно оо.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.