"Хуурамчаар үхсэн хүмүүс" - Хачирхалтай санаа сэдээд бүтэлгүйтсэн нь

Ямар нэг ашиг олохын тулд өөрийн үхлийг хуурамчаар үйлдэж буй явдал маш олон ном зохиол дээр гардаг. Тэгвэл бодит амьдрал дээр ч гэсэн ийм түүх цөөнгүй тохиолддог гэнэ. Тэр бүү хэл олны танил болсон хүмүүс хүртэл ингэдэг аж. Гэхдээ энгийн хүмүүсээс ялгаатай нь тэд олон мянган хүний хэзээний танил учраас удалгүй баригдчихдаг. Энэ удаа бид та бүхэнд худлаа "үхсэн" нь илчлэгдсэн хүмүүсийн түүхийг хуваалцъя.

"Хуурамчаар үхсэн хүмүүс" - Хачирхалтай санаа сэдээд бүтэлгүйтсэн нь

1 Тимоти Декстер (Timothy Dexter)

1800-аад оны эхээр Массачусетс мужид Тимоти Декстерийг танихгүй хүн ховор байв. Тэрээр 8 настайдаа сургуулиа орхисон боловч гүйлгээ ухаан сайтай байсан учраас төрөл бүрийн бизнес эрхэлж, Бостоны хамгийн баян хүмүүсийн нэг болсон байна. Нэгэнт чинээлэг болсон Тимоти дээдсийн хүрээлэлд багтаж, хүрээллээ тэлэхийг хүсдэг байжээ. Гэвч мөнгөөр тийм зүйлсийг худалдаж авч болдоггүй гэдгийг Тимоти хожуу ухаарсан юм. 

Декстер үнэхээр дээдсийн хүрээний хүн болохыг хүссэн тул өөрийгөө "Лорд" гэж дуудаж эхэлсэн байна. Өөрийнх нь язгууртан болох оролдлогууд бүтэлгүйтэж байгаад унтууцсан Тимоти эцэст нь хүмүүс өөрийнх нь талаар юу гэж бодож явдгийг мэдэхээр шийджээ. Ингэхийн тулд тэрээр өөрийгөө үхсэн гэж зарлаад, хуурамч оршуулга хийхээр тооцоолсон байна. Оршуулгын ёслол болох зуур Тимоти нуугдаад хүмүүс өөрийнх нь араас хэр их гашуудаж байгааг харах ёстой байв.

Тэгтэл Декстер өөрийнх нь ойр дотны хүмүүс тэр дундаа эхнэр нь хүртэл тийм ч их гашуудахгүй байгааг олж харжээ. Уурссан тэрээр нуугдаж байсан газраасаа ухасхийн гарч ирээд "өөрийнхөө" оршуулгад ирсэн бүх зочдыг хөөж явуулсан төдийгүй, эхнэрээ шийтгэсэн юм. Эцэст нь Декстер дээдсийн зиндааны хүн болж чадалгүй жинхнээсээ хорвоог орхижээ.

Тимоти Декстер (Timothy Dexter)

2 Жон Стоунхаус (John Stonehouse)

Их Британийн парламентын гишүүн асан Жон Стоунхаус 1970-аад онд Майамид өөрийн үхлийг хуурамчаар үйлдсэн байдаг. Тэрээр нууц амрагтайгаа хамт шинэ амьдрал эхлүүлэх хүсэлтэй байсан бөгөөд үүний хажуугаар хэд хэдэн луйврын бизнес эрхэлж байгаа нь ил болсон учраас ийм шийдвэр гаргасан аж. Тэрбээр Майамид байхдаа живж үхсэн дүр эсгэн, Жозеф Мархэм нэрээр Австрали руу зугтжээ.

Гэсэн ч Жон удалгүй баригдаж, дараа жил нь Их Британид буцаж ирсэн байна. Тэрбээр хууль зөрчсөн хэд хэдэн явдалд гэм буруутай нь тогтоогдсон ч азаар шоронд богино хугацааг өнгөрөөсөн гэнэ. 

Жон Стоунхаус (John Stonehouse)

3 Игорь Воротинов (Igor Vorotinov)

Сүүлийн 20 жилд хуурамчаар нас барсан хамгийн алдартай хүмүүсийн нэг бол Игорь Воротинов юм. Миннесотагийн оршин суугч Игорь 2010 онд өөрийн амь насаа даатгуулж байжээ. Тэрээр дараа нь төрөлх орон Молдавдаа явж байгаад "нас барсан" бөгөөд гэр бүл нь даатгалаас 2 сая ам.доллар авсан байна. Гэр бүлийнхэн нь түүний оршуулах ёслолыг хүртэл зохион байгуулжээ.

Үүнээс гурван жилийн дараа Холбооны мөрдөх товчоонд Игорь амьд байгаа бөгөөд шинэ нэр аваад Украйнд амьдарч байна гэсэн мэдээлэл иржээ. Тиймээс мөрдөх товчооны ажилтнууд мөрдлөг хийсний үр дүнд хүүгийнх нь компьютер дээрээс Игорийн саяхны зургийг олсон байна. Мэдээж үүний дараа Игорийг баривчилсан юм. 

Игорь Воротинов (Igor Vorotinov)

4 I Александр

Заримдаа хуурамч үхэл хэдэн арав, бүр хэдэн зууны дараа илчлэгддэг. Энэ бол түүхчдийн нөр их зүтгэлийн үр дүн юм. Оросын эзэнт гүрний хаан I Александрыг 1825 онд хижиг өвчнөөр нас барсан гэдэгт олон хүн эргэлздэг байсан бөгөөд үүнийг батлах баримтыг олон жилийн өмнөөс хайсаар иржээ. 

Оросын судлаачид I Александр ба Феодор Кузьмич хэмээх лам эрийн бичгийн хэвийг харьцуулсан шинжилгээ хийж байна. Учир нь энэ хоёрыг нэг хүн байсан гэсэн таамаглал гарч ирсэн бөгөөд ДНХ-ийн шинжилгээгээр тус таамаг батлагдаж ч магадгүй.

I Александр

5 Белле Ганнесс (Belle Gunness)

20-р зууны эхээр өөрийн үхлийг хуурамчаар үйлдсэн хамгийн алдартай "оддын" нэг бол Белле Ганнесс юм. “Хатагтай сахал” хэмээн алдаршсан тэрээр амьдралынхаа туршид 40-180 хүний​​ амийг хороосон аж. Ялаас бултахын тулд Белле хуурамчаар үхэхээр шийджээ. Беллед үүнийг хийхэд тусласан эр хожим нь түүнийг амьд байгаа гэдгийг мэдэгдсэн байдаг. 

Белле Ганнесс (Belle Gunness)

6 Жакот Делахайе (Jacquotte Delahaye)

Жакот Делахайе нь "далайн дээрэмчин хатан хаан" хэмээх хочтой нэгэн байв. Тэрээр ганц бие ээж байсан бөгөөд амьдралын эрхээр далайн дээрэм хийх болсон аж. Жакот олон зуун гишүүнтэй далайн дээрэмчдийн бүлэглэлийг удирдаж, тэдний тусламжтайгаар 1656 онд Карибын тэнгисийн нэгэн арал дээр юу хүссэнээ хийж болдог жижиг улс хүртэл байгуулсан байна. Мэдээж хэрэг эрх баригчид энэ явдлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд удтал хөөцөлдсөний эцэст Жакотыг барьж чаджээ. 

Тэрбээр баригдсаныхаа дараа зугтахын тулд өөрийнхөө үхлийг хуурамчаар үйлдэх шаардлагатай болжээ. Жакот шоронгийн харуулуудад өөрийгөө үхсэн гэж итгүүлж чадсан тул "цогцсыг" нь цэргүүд оршуулсан байна. Дараа нь Жакот нуугдахын тулд эр хүний дүрд хувилж хэдэн жил амьдарсан аж. Гэхдээ сурсан занг сураар боож болдоггүй учраас хуучин хамтрагчидтайгаа нэгдэж, дээрэмчний амьдралдаа эргэн оржээ. Эцэст нь нэгэн тулааны үеэр Жакот шархдаж амиа алдсан юм. 

Жакот Делахайе (Jacquotte Delahaye)

7 Аугусто Галлего (Augusto Gallego)

Колумбын иргэн энэ Аугусто Галлего өөрийнхөө үхлийг хуурамчаар үйлдээгүй. Харин олон жилийн томоохон хар тамхины бүлэглэлүүдийн боссуудад хуурамчаар "нас барахад" нь тусалж байсан гэдэг. 2012 онд Карибын тэнгис дэх нэгэн эдлэнгээс аль эрт амиа алдсан хар тамхины наймаачин эр эсэн мэнд олдсоны дараа цагдаа нар Галлегог шалгаж эхэлсэн байна. Үүнээс гадна тэрээр "хар тамхины хаан" Камило Торрез Мартинесын үхлийг хуурамчаар үйлдэхэд оролцсон нь тогтоогджээ.

Галлего эмнэлгийн мэргэжилтний хувьд давуу эрхээ ашиглан нас барсан бичгийг хуурамчаар үйлдэж зардаг байсан гэнэ. Өмнө нь ийм явдал хэд хэдэн удаа гарч байсан боловч Аугусто Галлего нь тангараг өргөсөн эмч нараас энэ төрлийн гэмт хэрэг хийсэн анхны эмч аж. 

Аугусто Галлего (Augusto Gallego)

8 Уильям Грот (William Grothe)

Уильям Грот хэмээх эр нэг шөнө цагдаа дууджээ. Ингэхдээ тэрээр өөрийгөө алуурчин гэж тайлбарлаад, Уильям Грот гэдэг хүнийг хөнөөсөн гэж хэлжээ. Түүний машиныг цагдаа нар Нэшвиллийн цэцэрлэгт хүрээлэнгээс олсон бөгөөд дэргэдээс нь Уильям Гротын бичиг баримтыг олсон байна. 

Гэсэн хэдий ч энэ бүхэн дэндүү хачирхалтай байсныг цагдаа нар анзаарав. Алуурчин өөрөө цагдаа руу залгасны дараа эд мөрийн баримт ингэж авархан олдоно гэдэг яавч санаандгүй тохиолдол биш учраас тэд илүү гүнзгий мөрдлөг явуулахаар шийджээ. 

Эцэст нь цагдаа нар Уильям Гротыг амь насаа 1 сая ам.доллараар даатгуулсан болохыг олж мэдсэн байна. Тиймээс Гротыг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд удалгүй баривчилж, таван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн гэнэ.

Уильям Грот (William Grothe)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()