Үзэсгэлэнт ээж, охин хоёр алдарт Vogue сэтгүүлийн 7-р сарын дугаарт стилист Иб Камара, гэрэл зурагчин Паола Роверси болон найруулагч Фердинандо Вердери, Пьержиоржио Дел Моро, Самуэль Эллис Шейнман нартай хамтран ажилласан байна.
Нэрт жүжигчний охин Дева Кассель урьд өмнө нь Dolce & Gabbana брэндтэй удаан хугацааны туршид хамтарч ажиллаж байсан туршлагатай. Одоогоос жилийн өмнө охин "Dolce & Gabbana"-аас гаргасан шинэ сүрчигний нүүр царай болж байсан юм.
Дэлхий даяарх олон сая хүнд үзэсгэлэн төгс төрхөөрөө гайхагдсан Моника Беллучигийн охин Дева ээжтэйгээ яг л усны дусал мэт адилхан гэдгээрээ алдартай. Дева хэмээх нэр энэтхэг хэлэнд бурханлаг оршихуйг илэрхийлдэг бөгөөд deus («бурхан») болон divus («бурханлаг») гэсэн үгнүүдийн нийлбэр аж.
Нэгэн ярилцлагынхаа үеэр Моника охиныхоо нэрийг Итали хэл дээр “тэнгэрийн гэрлээр ивээгдсэн” гэсэн утгатай болохыг хэлж байсан юм. Тэнгэрийн ивээлийг хүртсэн мэт сахиусан тэнгэрийн төрхтэй Дева ирэх 9-р сард 17 нас хүрнэ.
Дева 15 настайгаасаа эхлэн загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хэд хэдэн томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж, зураг авалтад ороод амжсан байна.
Түүний гадаад төрхний гоо сайхныг бишрэхгүй байхын аргагүй үзэсгэлэнтэй ч охин ирээдүйд мэргэжлийн модель болох төлөвлөгөөгүй гэнэ. Энэ тухай түүний ээж "Дева боловсрол эзэмшихэд гол анхаарлаа хандуулахыг хүсдэг." хэмээн L'Officiel-д өгсөн ярилцлагадаа дурдсан байв.
Ээжийнхээ адилаар Дева хувийн амьдралаа олны нүднээс далд байлгахыг хүсдэг гэдгийг түүний цахим хуудсаас олж харах боломжтой. Тэрээр инстаграм дээр ямар ч хүнийг дагадаггүй.
Эрдэм мэдлэг, боловсролыг эрхэмлэдэг үзэсгэлэнт охин итали, англи, франц болон португали гэх дөрвөн хэлээр чөлөөтэй ярьж чадна.
Ингээд түүний сүүлийн үеийн зураг авалтуудаас хүргэж байна.