Шаби Лейм 2000 оны 3-р сарын 9-нд Сенегалд төрсөн. Түүнийг нэг настай байхад гэр бүл нь Италийн Чивассо хот руу цагаачилсан байна. Сургуульд байхдаа Хаби хөл бөмбөг, сагсан бөмбөгт дуртай байсан бөгөөд тэрээр дижитал тоног төхөөрөмж үйлдвэрлэх компани CNC-д машинистаар ажилд орсон аж. Ерөнхийдөө Хаби маш энгийн амьдралаар амьдардаг эгэл жирийн нэгэн байв. Гэвч Хаби 2020 оны 3-р сард орон тооны цомхотголоос болж ажлаа алджээ.
Хабигийн эцэг түүнийг өөр ажил хайхыг шаардсан ч тэрээр эсэргүүцэж, эцэг эхтэйгээ дахин цуг амьдрах болсон байна. Энэ үед л тэрээр TikTok дээр бичлэгээ байршуулахаар шийдсэн аж. Хаби эхэндээ итали хэл дээр (итали хадмалтай) бичлэг хийдэг байв. Хаби дүүтэйгээ цуг нэг өрөөнд амьдардаг байсан бөгөөд тухайн үеийн бичлэг дээрээс Сенегалын туг, түүний дэмждэг Ювентүс хөлбөмбөгийн клубын ороолтыг харж болно.
Тэрээр олон янзын бичлэг хийж, удаан зүтгэсний эцэст 2 сая дагагчтай болоод байв. Тэгтэл энэ оны 4-р сараас эхлэн lifehack-уудыг элэглэж эхэлсэн нь түүний хувьд жинхэнэ "тэсрэлт" болсон байна. Сая сая хүмүүс Хабигийн бичлэгийг хуваалцаж эхэлсэн бөгөөд өдгөө тэрээр нийт 83.6 сая дагагч, 1.2 тэрбум лайк цуглуулж чаджээ.
Тэрбээр өнгөрсөн 4-р сард ердөө 2-хон сая дагагчтай байсан гэдгийг ахин дурдъя. Өөрөөр хэлбэл 83.6 сая дагагч гэдэг нь Кайли Женнер (32.9 сая), Дуэйн Жонсон (36.9 сая), Уилл Смит (56.3 сая) зэрэг дэлхийн хэмжээний алдартнуудаас илүү үзүүлэлт юм. Өдгөө Charli Damelio (119.2 сая) л түүнээс илүү дагагчтай байгаа юм.
Мөн Хаби инстаграм дээр 26.5 сая бишрэгчтэй болоод буй. Үүнээс гадна Хабигийн бичлэг алдартнуудад ч таалагдаад амжсан гэдгийг онцлох нь зүйтэй. Жишээ нь Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг өөрийн инстаграм дээр түүнийг бичлэгийг хуваалцсан байна. Мөн 5-р сарын 19-нд Ювентүс клубын хөлбөмбөгч Алессандро Дель Пьеро түүнтэй өөрийн биеэр уулзжээ.
Сонирхолтой нь Хаби Италийн иргэн биш юм. Өнөөг хүртэл тэрээр Сенегалийн иргэншилтэй хэвээр байгаа бөгөөд албан ёсоор Италид цагаачлан амьдарч байгаа аж. Гэхдээ Хаби Италийн иргэншил авах төлөвлөгөөтэй бөгөөд хэрэв энэ нь бүтвэл АНУ-ыг зорих боломж нээгдэх гэнэ. Эрх чөлөөний орон гэгддэг энэ улс Хабигийн ирээдүйн амьдралд үр өгөөжөө өгөх нь гарцаагүй юм.
Хаби өөрийн хувийн амьдралыг бусадтай төдийлөн хуваалцдаггүй. Гэхдээ тэрээр Зайра Нучи хэмээх найз бүсгүйгээ инстаграм дагагчиддаа танилцуулсан байна.