Холын тээврийн жолооч Орос бүсгүй ажлынхаа онцлогийг хуваалцжээ

Манай хойд хөршийн Ижил Мөрний Холбооны тойргийн захиргааны төв буюу Доод Новгород хотоос гаралтай 28 настай Екатерина Миронова бүсгүй 20 тонн жинтэй ачааны машин жолооддог. Баргийн эмэгтэй хүний зүрхэлж сонгохооргүй энэ мэргэжлийг тэрээр амьдралын эрхээр биш, эсрэгээрээ өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөн сонгожээ. Саяхан Екатерина ачааны машины эмэгтэй жолоочийн амьдралын тухай цахим орчинд хуваалцсанаас та бүхэнд орчуулан хүргэж байна. 

Холын тээврийн жолооч Орос бүсгүй ажлынхаа онцлогийг хуваалцжээ

"Би Нижний Новгород (Доод Новгород) хотод төрж өссөн. Насаараа түргэний машины жолооч хийсэн аав минь намайг их эрхлүүлж, машиндаа суулгадаг байсан. 

Би төрөлх хотдоо хөдөө аж ахуйн академийг малын эмч мэргэжлээр төгссөн. Гэхдээ хувь заяаны эрхээр мэргэжлээрээ ганцхан жил ажилласан юм. Амьтанд хайртай учраас энэ мэргэжлийг сонгосон ч удаан ажиллаж чадахгүйгээ ойлгосон л доо. Зовж шаналсан амьтдыг хараад л зүрх шимширдэг байсан болохоор эртхэн мэргэжлээ солихоор шийдсэн юм. Тэгээд л өөрийн хамгийн их сонирхдог зүйл болох машинтай амьдралаа холбосон хэрэг. 

Хүүхэд байхаасаа л би техник технологид их дуртай байсан юм билээ. Өвөө маань механикч хүн байсан юм. Өвөө дээрээ очих бүртээ хийж байгаа зүйлийг нь харж биширнэ. Дараа нь би засварын газар туслахаар ажилд ороод машиныг жинхнээсээ хайрлаж эхэлсэн дээ. 

17 настайдаа их сургуульд орохоор бэлдэж байх үедээ би машинтай болохыг их хүссэн юм. Машин гэдэг хүнд санасан газраа саадгүй хүрэх боломж олгодог буянтай эд. Аав маань насаараа жолооч хийсэн ч манайх хэзээ ч хувийн тэрэгтэй байж үзээгүй. Хаа нэг тийш хүрэх хэрэг гарвал дандаа хөршийн унааг гуйна. Тэр үед нийтийн тээвэр ч ховор байсныг хэлэх үү...

Ингээд би бага багаар мөнгөө хуримтлуулсаар жолооны үнэмлэх маань гармагц Лада Ока гэдэг машин худалдаж авч байсан юм. Хуучирч муудсан машин байсан учраас ердөө 23 мянган рубль төлсөн. Тэр үед юу ч мэдэхгүй хүүхдээрээ амьтан аль таарснаа авсан нь тэр. 

Азаар надад машин засдаг найз байлаа. Түүнтэй уулзаад тусламж гуйтал намайг туслахаараа авчихсан нь тэр. Ингэж л би машинтай танилцсан юм даа. Удалгүй миний чадвар ч сайжирч, өөрөө машинаа янзалж дөнгөсөн. Харин дараа нь том тэрэг жолоодох хүсэл төрж эхэлсэн юм.

Бүр 14 настайгаасаа эхлээд том машин жолоодох хүсэл төрж байснаа санаж байна. Зүгээр нэг суудлын тэрэг биш, хүнд даацын ачааны машин жолоодохыг хүссэн охиныхоо үгийг манай гэрийнхэн тэр үед хүүхдийн мөрөөдөл гээд л өнгөрсөн. 

Би 2008 оноос эхлээд машин, 2016 оноос эхлээд хүнд даацын машин барьж байна. Өмнө нь Scania, Renault, Volvo маркийн машинууд барьж байсан бол одоо DAF XF105 миний гол тэрэг болчхоод байгаа.

Том машин барина гэдэг миний хувьд онцгой, ер бусын чадвар шаардахгүй, бусад машин жолоодохтой л адил энгийн зүйл. Хамгийн чухал нь машины хэмжээнд л дасах хэрэгтэй. Нэгэнт сурчихвал дараа нь та дурын машинаа жолоодох чадвартай болчихно гэсэн үг. Надад машины зогсоолд орох, ухрах зэрэг дээр асуудал гардаггүй. 

Ачаа ачаад миний машины жин 20 тонноос илүү гардаг ч гэсэн хүнд санагддаггүй. Ийм машиныг хэдхэн сар бариад л дасчихдаг учраас би өөрийгөө мэргэшсэн жолооч ч гэж нэрлэхгүй. Угтаа энэ хэн бүхний сурч чадахаар зүйл шүү дээ. 

Том тэрэгний жолоочийн ажилд орох эхэндээ амар байгаагүй. Мэдээж эмэгтэй хүн учраас хэн ч намайг жолоочоор авахыг хүсээгүй юм. Тиймээс би өөрөө жижиг оврын ачааны машин худалдаж аваад түүгээрээ ажил хийж эхэлсэн. Дараа нь нэг тээврийн компанид дадлагажигчаар орж илүү туршлагатай хүнтэй цуг гарч эхэлсэн юм. Түүний тусламжтай илүү их туршлага хуримтлуулж чадсандаа би их баярлаж явдаг. 

Одоо үед ачааны машины эмэгтэй жолооч нар олширсон. Бид Whats App дээр нэгдсэн групптэй учраас байнга хоорондоо холбоотой байж, ойрхон явж байвал уулзалддаг. 

Би хилээс гадагш гардаггүй, зөвхөн Орос дотроо Сибир, Төвийн нутгуудаар л тээвэр хийдэг. Миний ажил үүрэг бараг бүхэлдээ цаг агаар, замаас хамаардаг гэхэд болно. 

Тээвэрчдийн дүрмийн дагуу өдөрт 9 цагаас илүү машин барих хориотой. Өмнө нь хэлсэнчлэн цаг агаар, замын түгжрэл гээд олон зүйлээс болж асуудал гарах үе бий. Нижний Новгородоос Москва хүртэл 400 км зам Новгородоос Уфа хүрэх 900 км замаас ч илүү хэцүү байх үе ч байдаг. 

Бусад жолооч нарын хувьд Москвагаас холдох тусам илүү аюулгүй болдог гэлцдэг. Москвагийн тойрог замд орох мөчөөс эхлээд жинхэнэ "зэрлэгүүд" гарч ирдэг. Москвагийн жолооч нар илүү жижиг тэрэгтэй хэр нь урдуур зүтгэнэ, хараал урсгана гэхчлэн дээрэлхэх гэж их оролдоно.

Цөөн хэдэн онцгүй хүмүүсийг эс тооцвол ачааны машины жолооч нарын ихэнх нь надад аав шиг сайхан минь ханддаг даа. Мөн энэ мэргэжилд бусад бүх салбарт байдаг шиг сурах ёстой нарийн зүйл олон. Цаг баримтлах, RTO-г дагаж мөрдөх (ажлын ба амралтын горим), эвдрэл гэмтлийг анзаарч цаг тухай бүрт нь яаралтай арга хэмжээ авах, ачааны аюулгүй байдлыг хангах, машины даацыг тэнхлэгийн дагуу хуваарилах гээд дурдаад байвал дуусахгүй. 

Мэдээж хэрэг дугуй хагарвал өөрөө солих хэрэг гарна. Би үнэндээ эрчүүдийг бодвол арай удаан ч бүгдийг өөрөө хийж чадна гэдгээрээ бахархдаг. 

Надад тээврийн жолооч нарын хийдэг ажлыг бусад хүмүүст танилцуулах зорилготой Yоutube суваг бий. Жолооч нарт өөрсдийн гэсэн соёл байдаг бөгөөд түүнийг илүү олон хүн мэдээсэй гэж хүссэндээ энэ сувгаа нээсэн дээ. 

Би өмнө нь оффист ажиллаж байхдаа байнга өвддөг байлаа. Миний бие сул доройдоо биш, нэгэн хэвийн хөдөлгөөнгүй ажил намайг дотроос минь идэж байсан хэрэг. Дээрээс нь хүсээгүй зүйлээ хийсэн хүн ямар л сайн сайхан үр дүнд хүрэхэв. 

Энэ ажилд ороод би хүссэн зүйлээ олсон учраас үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Миний гэр бүл 28 настай охин нь ачааны тэрэг барьдаг жолооч болсон гэдэгтэй эвлэрэхийг хүсдэггүй. Тэд намайг дэргэд нь байж, эгэл жирийн эмэгтэй хүн шиг л амьдраасай гэж хүсдэг юм.

Эдийн засагч мэргэжилтэй нөхөр маань заримдаа намайг яагаад ийм ажил хийдгийг гайхширч, тэвчээр алдан маргалдах үе бий. Үүнтэй холбоотой хэрүүл маргаан удаан үргэлжилдэггүй л дээ. 

Би хүүхэдтэй болохыг хүсдэг учраас эрт орой хэзээ нэгэн цагт энэ ажлаа орхиж таарна. Зарим жолооч нар нялх хүүхдээ аваад замд гарч байгаа харагддаг ч би тэгж чадахгүй байх. Цалингийн хувьд тийм ч их биш. Сард дунджаар 60 мянган рубль авна. 

Машин маань миний хоёр дахь гэр болсон гэхэд болно. Би энд л ажиллаж, амарч, хооллодог. Гэртээ танихгүй хүн оруулдаггүйтэй адил би машиндаа өөрөөсөө өөр хүн оруулах дургүй. 

Тиймээс би зам дээр хүн даллавал машиндаа суулгахаас татгалздаг. Ямар хүн юу хийгээд явж байгааг би мэдэхгүй шүү дээ. Зарим жолооч нар биеэ үнэлэгчдийн талаар ярьдаг. Тэд үнэндээ хаа сайгүй байдаг. Амьдрал нь үнэхээр хэцүү болоод л ийм ажил хийж байгаа гэж боддог болохоор би тэднийг шүүмжлэхийг хүсдэггүй. 

Бас луйварчид олон бий. Олон жолооч тэдний олз болж байсан тохиолдлуудыг би сайн мэднэ. Зарим нь эвтэйхан аргалж байгаад мөнгө, бичиг баримтыг нь залилдаг. Харин зарим нь жолооч нарыг харуулгүй зогсоол дээр амарч байхад нь ухаан алдуулаад ачааг нь ачаад алга болно. Ийм үед өөрийгөө л буруутгахаас өөр аргагүй. Би дандаа хамгаалалттай газар байрладаг учраас тийм зүйл азаар тохиолдоогүй байна. 

Надад өөрийн гэсэн тээврийн компани байгуулах мөрөөдөл байдаг. Эхлээд нэг машинтай эхлээд Орос даяар байдаг компаниудтай гэрээ байгуулж, аажмаар тэлэх боломж бий. 

Бүсгүйчүүд надаас ачааны жолооч болох зөвлөгөө өгөөч гэж асуудаг. Би тэр үед эхлээд давуу болон сул талыг нь тооцоолж үз гэж зөвлөдөг. Хэдий хүнд мэргэжил хэдий ч үнэхээр донтохоор сайхан гэдгийг хэлэх нь зүйтэй. Ямартай ч хүссэнээрээ амьдарч байгаадаа би их сэтгэл хангалуун байдаг. "

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()