1
Михаил Сердюков
Оросын анхны Буриад гаралтай язгууртан Михаил Сердюков I Петрийн итгэлийг хүлээсэн нэгэн байв. Сердюков Вышневолоцкийн усны системийг зохион бүтээж, Оросын анхны усжуулалтын инженерүүдийн нэг болжээ. Эмгэний Бороной буюу Михаил Иванович Сердюков 1678 онд Монголд Сэлэнгэ мөрний хөвөөнд төрсөн юм. Тэрээр 10 настай байхдаа олзлогдож, Михаил Сердюков хэмээх нэртэй болжээ. Нилээд хожим нь Михаилын сэргэлэн занг I Петр өндрөөр үнэлж, Новгородын худалдаачин болгосон байна.
Худалдаачин байхдаа Сердюков усан замаар бараа ачдаг байв. Хааны урьсан Голландчууд хотод хөлөг онгоц оруулах систем байгуулахыг оролдсон боловч үр дүнд хүрээгүй учир Сердюков хэдийгээр инженерийн боловсролгүй хүн байсан ч тус системийн бүх алдаануудыг засаж, жилийн аль ч үед усан замаар завь явах боломжтой болгосон гавьяатай.
2
Дорж Банзаров
Дорж Банзаров бол Европын боловсрол эзэмшсэн Буриадын анхны эрдэмтэн юм. Тэрбээр Сибирийн нүүдэлчдийн гэр бүлээс гаралтай. Орчин үеийн ертөнцөд Банзаровыг суут ухаантан гэж нэрлэдэг болжээ. Тэрээр 9 настайдаа Харанцай сүмийн сургуулийг ердөө ганцхан жилийн хугацаанд дүүргэж, амжилттай төгссөн байна. Хожим Троицкосавская орос-монгол цэргийн сургуулийг төгссөнийхөө дараа тэрээр Казанийн нэгдүгээр гимназид үргэлжлүүлэн боловсрол эзэмшжээ. Тэнд Дорж Банзаров бусад буриад хүүхдүүдээс илт ялгарч байсан гэдэг.
Банзаров нь орос хэлээр ярихын зэрэгцээ монгол, манж, франц, халимаг, төвд, герман хэлээр чөлөөтэй ярьдаг байсан бөгөөд англи, латин хэлийг ойлгодог байв. Тэрбээр Казанийн их сургуулийн философийн факультетэд элсэн орж, таван жилийн дотор дорно дахин судлаач болж, улмаар засгийн газрын томоохон албан тушаалтан болжээ. Тэрээр Буриад-Орос-Монгол толь бичиг эмхэтгэн Буриадын газрын зургийг шинэчилж, Соёот, Тувачуудын гарал үүслийг судалсан, Чингис хааны төрсөн газрыг олж нээсэн гээд ололт амжилт арвин. Банзаров 33-хан насандаа таалал төгссөн хэдий ч хийж бүтээсэн ажил нь 300 жил амьдарсан юм шиг асар их байсан гэдэг.
3
Итгэлт хамба
Итгэлт хамбыг мэдэхгүй хүн ховор байх. 1852 онд хорвоод мэндэлж, буддын сургааль номлолыг гаргуун эзэмшсэн тэрбээр өмнөх 12 дүрээ маш сайн мэддэг байсан төдийгүй өөрийнхөө өөд болох өдрийг ч тодорхой хэлж байсан гэлцдэг. Итгэлт хамба 75 настайдаа шавь нараасаа нас барсан хүний хойноос уншдаг “Гүнцэг” хэмээх номыг өөрт нь зориулан уншихыг хүсчээ. Ламхай нар их багшийнхаа энэ үгэнд гайхширч, өөд болоочийн хойноос уншдаг тэрхүү номыг уншиж зүрхлэхгүй байтал Итгэлт Хамба өөрөө уншиж эхлэхэд шавь лам нар нь даган уншсан гэнэ.
Удалгүй Хамба ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ба ёсыг түүний гэрээслэлийн дагуу гүйцэтгэн биеийг нь бадамлянхуа цэцгийн суудлаар суулгаж, хуш модон хайрцганд хийн хулсаар чигжиж, Хөх зүрхэн хэмээх газар нутаглуулжээ. Итгэлт хамба бие барахаасаа өмнө шавь нартаа "Намайг 75 жилийн дараа шалгаарай. Хэрэв хэвээр байвал шүтэн дээдэлж, зэм болж муудсан бол буцааж булаарай." хэмээн гэрээсэлжээ.
Ийнхүү 1927 оноос хойш 75 жилийн дараа буюу 2002 оны намрын эхэн сарын 15-нд Итгэлт Хамбын шарилыг газрын хөрснөөс гаргаж ирэхэд бие нь огт муудаж ялзраагүй арьс нь зөөлөн чийглэг, анхилуун үнэр ханхалж байсан төдийгүй, түүнийг агуулж байсан мод эд зүйлс нь хүртэл муудаж өмхрөөгүй байв. Оросын эрдэмтэд Итгэлт хамбын тэргүүнээс дөрвөн ширхэг үс, биеэс нь гуужсан дөрвөн грамм арьс, баруун хөлийнх нь хоёр дахь хурууны хумснаас дөрвөн хэлтэрхий авч эд эсийн шинжилгээ хийжээ. Шинжилгээний үр дүнд тархинд нь пульс мэдрэгдэж, үс, хумс, гуужсан арьс зэрэг эдүүд нь амьд хүний эд эстэй адил хэвийн байсан нь эрдэмтдийг гайхшруулж, шашингүй үзэлтнүүдийг хүртэл нэгийг бодоход хүргэсэн ажээ. Энэхүү гайхамшиг нь өнөөг хүртэл тайлагдаагүй хэвээр байна.
4
Даши Намдаков
Орчин үеийн алдарт уран барималч Даши Намдаков нь Байгал нуурын зүүн бүс болох Транс-Байгальд нутагладаг Буриад гэр бүлд төрсөн юм. Түүний аав гарын ур дүйтэй дархан хүн бөгөөд модон сийлбэр, хивс урладаг байв. Даши 2000 онд Эрхүү хотод анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, олон нийтийн анхаарлыг татжээ. Түүний бүтээлүүд Эрмитаж, Бээжингийн дэлхийн урлагийн музей, АНУ, Их Британи, Франц дахь галерейд тавигдсан байдаг.
Даши Намдаковын бүтээлүүд дэлхийн 25 өөр уран зургийн цуглуулгад хадгалагдсанаас гадна Владимир Путин, Юрий Лужков, Роман Абрамович, Герхард Шредер, Ума Турман нарын хувийн цуглуулгад багтжээ. Лондонд дэлгэж байсан Чингис хааны баримал ч Даши Намдаковын бүтээл байв.
5
Александр Вампилов
Александр Вампилов нь буриад гаралтай жүжгийн зохиолч бөгөөд түүний бүтээлүүд нь Хуучин зөвлөлтийн орнуудад алдаршжээ. Вампиловын хамгийн алдартай жүжгүүд бол "Ахмад хүү", "Нугас агнуур", "Өнгөрсөн зун Чулимск хотод" зэрэг аж. Вампиловын жүжгийг хамгийн түрүүнд Латвийн театрууд, дараа нь Москвагийн театрууд тайзнаа тавьсан юм. Зохиолчийг 1972 онд нас барсны дараа түүний жүжгүүд Ермолова театр, Станиславскийн театр, Ленинградын БДТ-ийн тайзан дээр олны хүртээл болсон юм. Вампиловын жүжгүүд дэлхийн 20 гаруй хэлээр орчуулагдсан бөгөөд өнөөг хүртэл театруудад тавигдсан хэвээр байгаа аж. Мөн тэдгээрээс сэдэвлэсэн хэд хэдэн кино хүртэл гарсан билээ.