Хятадын сургуулиудын бусад орныхоос ялгардаг сонирхолтой онцлогууд

Хятад шиг хүн ам ихтэй улсад чанартай боловсрол эзэмшиж, амьдралд хөлөө олно гэдэг амаргүй даваа байж таарна. Гэхдээ тус улс боловсролын салбарт маш өвөрмөц бодлого явуулдаг бөгөөд хүүхдүүдийг нэгдүгээр ангиас нь эхлээд дэлхий нийттэй нүүр тулахад бэлтгэж эхэлдэг аж. Тэгвэл Хятадын сургууль бусад орныхоос юугаараа ялгардаг юм бол?

Хятадын сургуулиудын бусад орныхоос ялгардаг сонирхолтой онцлогууд

  • Хятадын олон сургууль халаалтгүй байдаг тул багш, сурагчид өвлийн улиралд ангидаа гадуур хувцастайгаа суудаг. Төвлөрсөн халаалт нь зөвхөн тус улсын хойд хэсэгт байдаг аж. Хятадын төв ба өмнөд бүсийн барилга байгууламж нь дулаан уур амьсгалд зориулагдсан байдаг тул өвлийн улиралд агаарын температур тэг хүртэл буурах үед агааржуулагч нь халаалтын цорын ганц хэрэгсэл болдог гэсэн үг юм.

  • Сурагчийн дүрэмт хувцас нь биеийн тамирын хослол болох өргөн өмд, хүрмээс бүрдэнэ. Энэ "загвар" нь хаа сайгүй ижил. Сургуулиудын дүрэмт хувцаснууд зөвхөн өнгө болон цээжин дээрх сургуулийн тэмдгээрээ ялгаатай.
  • Сургуулийн бүх талбайг том төмөр хашаагаар хүрээлсэн байх бөгөөд хаалга нь үргэлж хаалттай байна. Зөвхөн хичээл эхлэх, тарах үед л хаалгыг нээдэг байна. 

  • Хятадын сургуулиудад сурагчид өдөр бүр дасгал хийх ёстой. Сургуулийн өглөө дасгал хийхээс эхэлдэг бөгөөд дараа нь тухайн өдрийн гол мэдээг багш нар сурагчдад тайлагнаж, улсынхаа далбааг мандуулна. Гурав дахь цагийн хичээлийн дараа хүүхдүүд нүд амраах дасгал хийдэг. Өглөөний дасгалуудаас гадна өдрийн цагаар мөн дасгал хийнэ. 

  • Үдийн завсарлага гэж нэрлэдэг их завсарлага ихэвчлэн нэг цаг үргэлжилдэг. Энэ үеэр хүүхдүүд цайны газар руу явж амждаг. (хэрэв сургууль дээр цайны газар байхгүй бол тусгай тавиуртай хоол авчирдаг) Энэ үед хүүхдүүд хооллохоос гадна хоорондоо уулзалдах, тоглох зэргээр завсарлага авна.
  • Хоолны чанар сайн, хэмжээ их бөгөөд үдийн хоол нь ихэнхдээ мах, ногоо, будаа, шөл зэргээс бүрдэнэ. Төлбөр өндөртэй сургуулиуд мөн үүн дээр нэмж жимс, тараг өгдөг. Үдийн хоолны завсарлагын дараа зарим бага сургуулиуд таван минутын унтлага хийдэг.

  • Сурагчид багш нараа дээд зэргээр хүндлэх ёстой. Тэд нарынхаа овгийг lao shi буюу "багш" гэсэн нэг үгтэй холбож дууддаг бөгөөд ангид нь хичээл заадаггүй байсан ч багштай таарвал ёслож хүндлэх ёстой. 
  • Зарим сургуульд цэцэрлэг шиг хүүхдүүдийг унтуулдаг. Үдийн цагаар түр зуур зүүрмэглэж нойр авах нь Хятадын соёлын нэг хэсэг бөгөөд бүхий л ажлын байран дээр ажилчид цайны цагаараа унтацгаах нь хэвийн үзэгдэл юм.

  • Хятадууд сурагчдын ахиц дэвшлийг үнэлэх үнэлгээ нь тэднийг илүү сайн сурахад түлхэц болдог гэж үздэг. Дүнгийн ангилал нь манайхтай адил А-аас F хүртэл байна. Зөв зүйлийг дэмжиж урамшуулах нь боловсролын системийн салшгүй чухал хэсэг юм. Жишээлбэл, хичээлдээ сайн байгаа эсвэл үлгэр жишээ үйлдэл гаргасан сурагч тодорхой өнгө эсвэл нэмэлт оноо бүхий од авдаг. Хичээл дээр ярих, ёс зүйгүй авир гаргах бүрт дүн, одыг нь хасдаг. Сургуулийн сурагчдын ахиц дэвшлийг самбар дээрх тусгай хүснэгтэд харуулна. Ийнхүү тэд нэг нэгэнтэйгээ өрсөлдөж сурдаг байна.

  • Хятад хүүхдүүд өдөр бүр 10 гаруй цаг хичээл хийдэг. Хичээлүүд ихэвчлэн өглөөний 8-аас эхлээд үдээс хойш 3-4 цагт дуусна. Дараа нь хүүхдүүд гэртээ хариад орой ес, арав хүртэл үргэлжлүүлэн гэрийн даалгавраа хийдэг. Амралтын өдрүүдээр том хотуудын сурагчид нэмэлт дугуйлан, секцэд хамрагдана. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ирээдүйнх нь өрсөлдөөнд бэлтгэхийн тулд багаас нь шахаж эхэлдэг байна. Хэрэв тухайн хүүхэд бага, дунд сургуулиас сайн хичээллэж чадахгүй (Хятад улсад сургууль 12-13 жил үргэлжилдэг) бол сайн их сургуульд орох нь зүгээр л мөрөөдөл болно.

  • Сургуулиудыг улсын ба хувийн гэж хуваах ба хувийн сургуулиуд сард дунджаар нэг мянган ам.долларын төлбөртэй. Тэдгээрийн сурагчдад зааж буй боловсролын түвшин улсынхаас хэд дахин өндөр байна. Хувийн сургуулиуд гадаад хэлэн дээр онцгой ач холбогдол өгдөг. Өдөрт 2-3 цаг англи хэлний хичээл ордог бөгөөд элит сургуулийн 5-6-р ангийн сурагчид англиар чөлөөтэй ярьж чаддаг. Гэхдээ нутаг нутгаараа улсын сургуулийн хөтөлбөр өөр байна. Жишээ нь Шанхайд засгийн газраас төлбөрийг нь төлдөг төрийн тусгай хөтөлбөр байдаг бөгөөд үүний дагуу гадаадын багш нар жирийн сургуульд багшилж хэл заадаг. 

  • Боловсролын систем нь олон дахин давтлага хийлгэх аргад суурилдаг. Үүний дагуу хүүхдүүд асар их хэмжээний материалыг цээжилдэг. Багш нар материалыг сурагчдын цээжинд яг таг орох тал дээр анхаарч ажиллана. Харин одоо хүүхдүүдийн бүтээлч чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн Монтессори эсвэл Валлдорф гэх мэт өөр системүүд улам бүр түгээмэл болж байна.
  • Ядуу айлын, хичээл хийхийг хүсдэггүй эсвэл хэтэрхий дэггүй (эцэг эхийнх нь хэлснээр) хүүхдүүдийг ихэвчлэн энгийн сургуулиас гаргаж кунг-фугийн сургуульд явуулдаг. Тэнд хүүхдүүд хоол, байраар хангагдах бөгөөд өглөөнөөс үдэш хүртэл бэлтгэл хийж, азтай бол  уншиж, бичих зэрэг анхан шатны боловсрол эзэмшдэг. 

  • Хятад хүүхдүүд кунфугийн, жирийн, хувийн гээд аль ч сургуульд сурч байгаагаас үл хамааран хичээнгүй чадвар, сахилга бат, ахмад настнууд болон дээд тушаалын хүмүүсийг хүндэтгэх гэсэн гурван үндсэн шинж чанарыг эзэмшдэг.
  • Үүний үр дүнд эцэг эхчүүд кунфугийн дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн сахилга баттай, өөрийгөө хамгаалах чадвартай хүүхэдтэй болно. Алдарт кунфугийн мастеруудын ихэнх нь яг ийм амьдралыг туулж ирсэн байдаг. Мөн энд эрүүл мэнд тааруухан хүүхдүүдийг нэг, хоёр жил явуулж бие бялдрыг нь хөгжүүлдэг. 

  • Хүүхдүүдэд юу ч болсон хамаагүй хамгийн шилдэг нь байх ёстой гэж багаас нь сургадаг. Магадгүй Хятадууд одоо дэлхийн олон салбарт тэргүүлж байгаа нь үүнтэй холбоотой болов уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()