Жүжигчин Вин Дизелийн загалмайлсан охин Мидоу Уокер "Fast and Furious 9" киноны нээлтэд оролцохдоо бэлхүүс задгай Yves Saint Laurent брэндийн хар даашинзтай ирж үзэгчдийн нүдийг хужирласан байна.
Нас барсан жүжигчний 22 настай охин ааваасаа ялгаатай нь кино урлагийн салбарт биш, загварын салбарт ажиллахаар сэтгэл шулуудсан юм.
Түүний энэхүү дүр төрхийг үзэгчид ямар нэгэн нууц мессеж агуулж байж болох юм гэж үзсэн бөгөөд магадгүй дараа жил олны хүртээл болох "Fast and Furious 10" киногоор бидэнтэй уулзахыг ч үгүйсгэхгүй байв.
Улаан хивсний ёслолыг дэлхий даяар шууд дамжуулсан E! Red Carpet & Award Shows-ын хөтлөгчийн дараагийн ангийн талаарх асуултад жүжигчин Вин Дизель "Бид ямар зүйлд дүрэм журам үүсгэх бодолгүй байгаа. Би одоо шууд дараагийн киноны бүх нууцыг задалмааргүй байна. Товч бөгөөд тодорхой ганцхан зүйлийг л хэлье. Та бүгдийн таамаглаж байгаа бүх зүйл боломжтой шүү." гэж хариулжээ.
Мидоу жүжигчин Вин Дизелийн хүүхдүүдийн хамт
Мидоу Уокер 1998 оны 11-р сарын 4-нд Ребека Сотерос, Пол Уокер нарын дундаас төрсөн юм. Олон нийтийн өмнө бараг гарч ирдэггүй Ребека Сотерос хэмээх эмэгтэй жүжигчин Пол Уокертой удаан хугацааг хамтдаа өнгөрүүлээгүй ч хэдхэн сар болзох хугацаандаа жирэмсэн болж, Мидоу Уокер хэмээх охиныг төрүүлсэн байна.
24, 25 настайдаа аав, ээж болсон тэдний харилцаа албан ёсны эхнэр, нөхөр болтлоо гүнзгийрээгүй хэдий ч бяцхан охиноо өсгөх тал дээр харилцан адил үүрэн хүлээж, эрх эдэлдэг байсан аж. Пол бараг оролцсон нэвтрүүлэг, өгсөн ярилцлага бүрдээ охиныхоо тухай хуваалцдаг байсан билээ.
Мидоуг 16 настай болоход түүний гадаад төрх, бие галбир нь гэрэл зурагчдын анхаарлыг татах болсон тул охин энэ үеэс эхлэн загварын салбарт ажиллаж, томоохон зураг авалтуудад оролцож эхэлжээ.
Тэрээр нас барсан аавыгаа одоо ч үгүйлсээр байгаа гэдгээ инстаграм хуудсандаа байнга илэрхийлдэг бөгөөд аавынхаа нэрэмжит санг байгуулж, бяцхан хүүхдүүдэд тусалдаг байна.