Чингис хаан дэлхийд хүндлэгдэх гавъяатай хүн гэдгийг батлах 10 баримт

Дэлхийн түүхэнд Их Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг бол гүнзгий судалгаа шаардах асар өргөн цар хүрээ бүхий нарийн төвөгтэй хэрэг юм. Орчин үеийн дийлэнх судлаач, түүхчид Чингис хааны байлдан дагуулалт, цэргийн арга ухаанд ихээхэн ач холбогдол өгч судалдаг. Гэхдээ энэ хүнийг ард иргэдийнхээ амьдралд эергээр нөлөөлөх ямар шийдвэрүүд гаргасан бэ гэдгийг сонирхох хүн харьцангуй цөөн аж. Энэ үүднээс та бүхэнд Чингис хааны эерэг өөрчлөлт авч ирсэн шийдвэрүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Чингис хаан дэлхийд хүндлэгдэх гавъяатай хүн гэдгийг батлах 10 баримт

1 Шашин шүтлэгийг чөлөөтэй болгосон

Чингис хаан хүн бүр хүссэн шашинаа шүтэх эрхтэй нийгмийг байгуулсан билээ. Энэ бол Франц улсад хүн ба иргэний эрхийн тунхаглал гаргахаас зургаан зуун жилийн өмнөх явдал юм. 

Бөө мөргөл бол Монголчуудын уламжлалт шашин байсан билээ. Чингис хаан өөрөө Мөнх Хөх Тэнгэрийг шүтдэг байсан боловч байгуулсан улс нь Буддизм, Ислам, Христийн шашин шүтдэг асар олон иргэнтэй болсон байна. Тиймээс тэрээр эдгээр иргэддээ хүссэн шашинаа шүтэх эрхийг нь олгосон бөгөөд үүний ачаар ард иргэд амар тайван амьдрах боломж бүрдсэн байна. 

Чингис хааны хөвгүүд, ач зээ нар ч энэ бодлогыг үргэлжлүүлсэн билээ. Түүний хүү Өгэдэй Хархорум хотыг босгосон нь Монголын нийслэл болсон бөгөөд нутаг дэвсгэр дээр нь Бумба, Христ, Исламын болон Буддын сүм хийдүүд байсан гэдэг. Дэлхий даяар хаа сайгүй шашны дайн ид өрнөж байсан эрин үед ийм үзэл байсан гэхээр гайхширмаар...

Шашин шүтлэгийг чөлөөтэй болгосон

2 Эмэгтэйчүүдийн эрх

Чингис хааны үед Төв Азийн нүүдэлчин ард түмэн таалагдсан бүсгүйгээ хүчээр авч суух, эд бараа мэт өгөлцөж авалцах зэрэг үзэгдэл энгийн явдал байв. Есүхэй баатар Чингис хааны ээж Өүлэнг богтолж авсанд өс санасан Мэргэдүүд Тэмүүжиний сүй тавьсан Бөртэг зөрүүлж хулгайлсан билээ. Үүнээс харахад хулгайлагдсан бүсгүйн ар гэр, аймаг нийтээр өс санаж дайн дажин эхлүүлэх нь мөн түгээмэл байсан нь илт. 

Өөрөө энэ бүгдийг үзэж туулсан Чингис хаан эмэгтэй хүнийг эд агуурс мэт зарж солих, хүсээгүй байхад нь хүчээр авч суух зэргийг хориглосон хууль гаргасан юм. Үүний нөлөөгөөр монгол эмэгтэйчүүд Азийн бусад орнууд, Бүр Европын эмэгтэйчүүдээс илүү эрх эдлэх болсон байна. Мөн монгол эмэгтэйчүүд эзэнт гүрний хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. 

Чингис хаан эмэгтэйчүүдийг хэн нэгэн эрэгтэйн өмч болгохгүй байхад том хувь нэмэр оруулсан юм. Үүнээс хойш олон зуун жил өнгөрсөн боловч олон орны соёл одоо ч энэ түвшинд хүрээгүй л байна.

Эмэгтэйчүүдийн эрх

3 Хүүхдийн эрх

Бөртэ хатан Мэргэдэд хулгайлагдсаны дараа Зүчи хөвүүнийг төрүүлсэн билээ. Түүний эцэг яг хэн болохыг түүхэн баримтуудад онцлон дурьдаагүй ч мэргэдийн хүүхэд гэж итгэдэг олон хүн бий. Гэхдээ Чингис хаан Зүчийг өөрийн хүүхдээс дутуугүй үзэж, Эзэнт гүрнээсээ хүртэл тасалж өгсөн юм. 

Үүний нөлөөгөөр Чингис хаан ямар эхээс төрсөн бай хамаагүй хүүхэд бүр хууль ёсны байх ёстой хэмээн тунхагласан юм. Ингэснээр Монголын нийгэмд гарал угсаагаар ялгаварладаггүй тэгш эрх гээч зүйлийг гаргаж ирсэн байна. Харин Европын хүүхдүүд авааль эхнэрээс өөр эмэгтэйгээс төрсөн бол бутач хэмээн нэрлэгдэж, ад шоо болсоор насыг бардаг байсан нь нууц биш.

Хүүхдийн эрх

4 Чадвар дээр суурилсан нийгэм

Чингис хаан бага насандаа үзсэн зовлонгоо шүүн тунгаасны эцэст гэр бүл, найз нөхдийн харилцаан дээр суурилсан нийгэм удаан оршин тогтнохгүй гэдгийг ухаарчээ. Хэчнээн ойрын хүн хэмээн дотночилж өндөр албан тушаал, эд мал өгсөн ч тэд үүргээ сайн биелүүлнэ, хамгийн гол нь үнэнч байна гэсэн баталгаа байхгүй.

Тиймээс Чингис хаан үнэнч чадварлаг гэдгээ баталж чадсан хүмүүсийг л дэвшүүлэх болсон юм. Үүний жишээ бол хааны 9 өрлөг билээ. 

Үүнээс гадна олзлогдсон орны эрдэмтэд, гар урчууд, орчуулагч, санваартан, эмч нарыг өршөөн төрийн хэрэгт оруулсан нь эзэнт гүрнийг тэлэхэд том нөлөө үзүүлсэн гэдэг. Эсрэгээрээ олзлогдсон язгууртнуудыг өршөөлгүйгээр цаазалдаг байсан нь бослого хөдөлгөөн гарахаас сэргийлсэн байна. 

Энэ хандлагаас ялгаатай нь Европ болон Ойрхи Дорнодод язгууртнууд дайны талбар дээр амиа алдах нь ховор байв. Учир нь тэднийг тулааны үеэр барьцаалж, дараа нь гэр бүлээс нь шан харамж нэхэх нь илүү ашигтай байсан хэрэг. Гэхдээ үүний нөлөөгөөр тухайн улс орнуудад чадваргүй биеэ тоосон удирдагчдын тоо ихсэх болсон юм. 

Чадвар дээр суурилсан нийгэм

5 Алдсан зүйлийг эргүүлж өгөх

Дэлхийн хаана ч олсон зүйлээ өөртөө үлдээх нь ёс болсон билээ. Гэхдээ тал нутаг бараг хязгааргүй байсан тул хүмүүс өөрсдийн амин чухал мал, эд хөрөнгөө алдах нь элбэг байв. Тиймээс Чингис хаан олсон зүйлээ эзэнд нь заавал буцааж өгөх хууль баталсан юм. 

Уг хуулийн дагуу ямар ч хүн мал эсвэл үнэ бүхий зүйл олсон бол эзнийг нь олж өгөх эсвэл аравтын юм уу зуутын даргадаа тушаах ёстой байв. Хэрвээ ингэхгүй бол хулгайчид тооцогдож ял эдэлнэ. 

Алдсан зүйлийг эргүүлж өгөх

6 Боолчлолыг халсан нь

Чингис хаанаас өмнө Монголчууд бие биенээ олзолж, зарцалдаг байжээ. Энэ нь мөн өс санаж, овог аймгуудын хооронд дайн эхлэхэд хүргэдэг байв. Чингис хаан өөрөө Тайчуудад олзлогдож, зовлон үзэж байсан учир түүний амьдралын туршлага нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Ийнхүү Чингис хаан монголчуудын дундах боолчлолыг хуулиар хориглосон байна. Энэ нь энх тайван, эв найрамдлыг бий болгосон байдаг.

Гэхдээ энд дурдах нэмэлт зүйл бий. Монголчуудын дунд боолчлолыг халсан болохоос гадны хүмүүст энэ хууль нөлөөлөөгүй. Тиймээс дайсны нутаг дэвсгэрээс олзлогдсон эмэгтэйчүүдийг монголчуудад зарц болгон өгдөг байсан юм.

Боолчлолыг халсан нь

7 Ан агнуурыг цөөлсөн

Монголчууд нүүдэлчин амьдралтай учраас мах, сүүгээр голчлон хооллодог билээ. Үүнээс гадна ангийн мах хүнсний гол эх сурвалж байсан бөгөөд овог аймгууд ан хийх газар нутгаа хуваан авдаг байв. Мэдээж үүнийг дагаад газар нутгийн маргаан дэгдэнэ. Маргаан нь даамжирвал дайн тулаан болж хувирна. 

Чингис хааны үед монголчуудын малын тоо толгой арван таван саяд хүрсэн байдаг. Тиймээс монголчууд хангалттай хэмжээний хоол хүнстэй болсон учраас 3-р сараас 10-р сарын хооронд ан хийхийг хориглож эхэлсэн аж. Ийм байдлаар зэрлэг амьтдад үржих боломж бүрдүүлсэн байна.

Шинэ хуулийн ачаар анчид хоол олохын тулд биш, сур харвааны чадвараа дээшлүүлэхийн тулд анд гарах болсон юм. 13-р зуунд ихэнх иргэд нь бичиг үсэггүй байхад хүн ба байгалийн хоорондох нарийн тэнцвэрийг бий болгосон хууль гаргасан нь бахархууштай. 21-р зууны иргэд бид хүртэл ингэж чадахгүй байгаа шүү дээ. 

Ан агнуурыг цөөлсөн

8 Татвараас чөлөөлөх

Өмнө нь хэлсэнчлэн Чингис хаан чадвартай хүмүүсийг дэмжих бодлого баримталж байв. Тиймээс үүргээ сайн биелүүлсэн, даасан ажилдаа гаршсан хүмүүсийг татвараас чөлөөлж эхэлжээ. Мөн оточ, хуульч, багш, эрдэмтдэд татварын хөнгөлөлт эдлүүлэв. Энэ бол орчин үед ч бахдам боловсронгуй бодлого юм. 

Татвараас чөлөөлөх

9 Хуулийг бүгд дээдлэх ёстой

Европын хаад Бурханы (дундад зууны үед ганцхан бурхны сонгосон хүн хаан болдог гэдэгт итгэдэг байсан) ивээлээр ноёлж, Хятадын эзэн хаад тэнгэрийн зарлигаар (эрт цагт хятадын ард түмэн тэнгэрийн зарлигийг атгасан хүн л хаан болдог гэдэгт итгэдэг байсан) засаглаж байсан тэр үед Чингис хаан зөвхөн "хууль"-ийг л ард нийтээр дээдлэх цоо шинэ ёсыг нэвтрүүлсэн байна. 

Монголын хууль дүрэм хүн бүр, тэр ч байтугай Их хаан болон түүний гэр бүл, анд нөхөрт ч үйлчилдэг байв. Хэрэв тэд хууль зөрчсөн бол бүгд зохих шийтгэлээ хүртэнэ.  

Өнөө үед ихэнх улс төрчид өөрсдийгөө хуулиас дээгүүр эрхтэй гэж үзэх болсон. Харин 13-р зууны үед Монголд бүх зүйл одоогийнхоос тэс өөр байсан бөгөөд Чингис хаан өөрөө хүртэл хууль ёсондоо захирагдана хэмээн тунхаглаж байв. 

Хуулийг бүгд дээдлэх ёстой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()