Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагын ажилтнууд Баруун өмнөд Хятадын Юүлин хэмээх хотод жил тутам зохион байгуулагддаг нохойн махны фестиваль руу 68 нохойг хууль бусаар тээвэрлэж явсан ачааны машиныг замаас нь зогсоож, нохдыг аварч чадсан байна.
Уг арга хэмжээнд нохойн мах иддэг хятадууд гудамжны нохой, харх, муур зэрэг амьтдыг төмөр торонд хийж, дуудлага худалдаанд оруулахаас гадна олны нүдэн дээр нядалж, махаар нь амталгаат худалдаа хийдэг.
Зовлонт үхлээс азаар аврагдсан хөөрхий нохдыг тээвэрлэж явсан орчин нөхцөл харахын эцэсгүй өрөвдөлтэй байсныг Амьтан хамгаалах байгууллагын ажилтнууд баримтжуулж зураг дарсан байв. Торонд хориотой ноход эцэнхий туранхай дээрээс мөөгөнцөртсөн, зарим нь хээлтэй байсан гэнэ. Үүнээс гадна бараг бүгд уйлсан харагдаж байлаа...
Юүлиний нохойн махны фестиваль жил бүрийн 6-р сарын 21-ээс 30-ны хооронд зохион байгуулагддаг бөгөөд урин дулааны үед хүн, амьтад хоол хүнсээр элбэг байхыг бэлгэдэж хийдэг байна.
Амьтны амийг хэрцгийгээр хороодог уг арга хэмжээний эсрэг тэмцэх хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдсэний хүчээр Хятадын засгийн газар нохдыг олноор нь ачааны машинд тээвэрлэхийг хуулиар хориглосон юм.
Мөн фестивальд хүргэхээр зөөвөрлөж байсан нохдоос хэд хэдэн өвчин илэрсэн тул нядалж махыг нь идсэн хүмүүст халдвар дамжих байсан аж.
Эрүүл мэндийн зохих стандартыг дагаж мөрдөөгүй тохиолдолд нохойн мах идэх нь галзуу, холер зэрэг өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг гэж ДЭМБ анхааруулж байсан билээ.
Статистик мэдээллээс харахад Хятадын хүн амын дийлэнх хэсэг нь нохойн мах иддэггүй бөгөөд цөөн тооны сонирхлын бүлэг л тус фестивальд оролцдог байна.
Хэдхэн зуун хүнээс болж амьтад тарчлан амь тавьж, өвчний халдвараас үүдэн улс нийтээрээ, цаашлаад дэлхий даяар аюулд өртөх эрсдэлтэй учир Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд энэ арга хэмжээг бүр мөсөн устгах хүртэл тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэжээ.