1996 онд Толленси голын орчимд буюу Берлинээс 120 км-ийн зайд маш том олдвор олджээ. Тус голын хажуугаар өнгөрч явсан эрийн нүдэнд хүний гэмээр яс туссан нь хожим түүхийн маш чухал үйл явдлын ул мөр болж таарчээ.
Тус ясыг шинжилж үзтэл сумны зэв гарч ирсэн байна. Улмаар нийтдээ 12 хавтгай дөрвөлжин метр газрыг малтсаны дараа бараг 1500-аад яс болон ясны хэлтэрхий олджээ. Малтсан талбайг тэлж дахин шалгаж үзэхэд 130 хүн, 5 морины үлдэгдэл олджээ. Эцэст нь энэ нутгаас 10 мянга орчим араг яс олдсон байна.
Ийм их яс гарч ирнэ гэдэг урьд цагт энэ газарт тулаан болсныг илтгэж байна. Хамгийн багаар бодоход энд дөрвөн мянга орчим хүн оролцсон томоохон тулаан болсон аж. Голын дагуу гурван км орчим зайд дор хаяж 800 орчим дайчны яс дахин илэрчээ. Судлаачид тус тулаан нэг өдрийн дотор болж өнгөрсөн бөгөөд ихэнх шархадсан цэргүүд газар дээрээ нас барсан болохыг тогтоов. Тулалдаан 3200 орчим жилийн өмнө болсон бөгөөд морь, явган цэргүүд, муна болон нум сум ашиглан дайтсан болж таарсан аж.
Шавраас олдсон олон араг яс нь ялагдсан талын цэргүүд байж болзошгүй юм. Хэрэв үгүй бол ялагч тал нас барсан тулаанчдадаа ингэж хүндэтгэлгүй хандах нь юу л бол...
Одоогоос 3000 гаруй жилийн өмнө гэхээр уг тулаан хүрэл зэвсгийн үед хамаарч байна. Энэ үед 4000-аас дээш цэрэг оролцсон тулаан нь бараг үндэстэн хоорондын асар том дайнд тооцогдоно. Тэгвэл ямар хоёр улс дайтсан юм бол?
Эдгээр олдворууд дээрх үлдэгдлийг шинжилж үзсэний үр дүнд 2 тал маш олон зуун км замыг туулж энд ирсэн нь тодорхой байна. Шүдэнд наалдсан зүйлсийг бараг атомын түвшинд шинжилснээр цэргүүд бага нас, өсвөр насандаа ямар хоол иддэг байсныг тогтоодог бөгөөд ингэснээр оршин суудаг газрыг нь ч тооцоолж болно. Генетикийн шинжилгээгээр тэдний зарим нь өмнөд Европт амьдардаг орчин үеийн хүмүүстэй, бусад нь Скандинав, Польшид амьдардаг хүмүүстэй холбоотой болохыг баталжээ.
Энэхүү олдворын ачаар хүрэл зэвсгийн үед Европт тодорхой хэмжээний зохион байгуулалтад орж соёлжсон хүмүүс байсныг баталсан юм. Ялангуяа эрдэмтэд, түүхчдийн өмнөд Европт МЭӨ 300-аад он буюу одоогоос 2300 жилийн өмнөх үе хүртэл зөвхөн зэрлэгүүд амьдардаг байсан гэх онол ийнхүү няцаагдсан байна.
Энэхүү тулааны талбар дээрх судалгааны ажил өнөөг хүртэл үргэлжилж байна. Эрдэмтэд зэвсэг, хуяг болон бусад ховор олдворуудыг илрүүлсээр байгаа юм. Бэлэн болсон өгөгдлүүд дээр үндэслэн Аричууд болон тэдний түүхэн өрсөлдөгч Эрбинесүүд энд тулалдсан гэдэг онолыг дэвшүүлжээ. Мөргөлдөөний шалтгаан нь стратегийн чухал байршил байсан аж. Голын өмнөд эрэг дээр судлаачид элсний далантай нэг төрлийн гарцны үлдэгдлийг олж илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ газар явган аялагч, худалдаачдын хөл хөдөлгөөн ихтэй зам байв. Тухайн үед худалдаа арилжаа нь зам дагаж хөгждөг байсан тул улс гүрнүүд томоохон гарцуудыг эзэмшиж, эдийн засгаа тэлдэг байжээ. Тиймээс ийм хөл хөдөлгөөнтэй замыг эзлэх, хамгаалах нь үндэсний хэмжээний асуудал байсан бололтой.