Эзэндээ хаягдсан энэхүү нохойг Канзас хотын "KC Pet Project" амьтан хамгаалах төвийнхөн олж авчирсан байна. Ши Цу үүлдрийн 11 настай Симон нэртэй нохой ширэлдэн ургасан урт үснээсээ болж хөдөлж ч чадахаа больсон байжээ.
Ийм үүлдрийн нохойг байнга арчилж тордож байхгүй бол урт үс нь аминд нь хүрэх тохиолдол элбэг гэнэ.
Багийнхан ноос хяргагч, хайчны тусламжтай түүнийг үс ноосноос нь салгахад хоёр цаг зарцуулсан байна. Ажиллагааны үеэр бүх зүйлийг аюулгүй, хурдан өнгөрөөхийн тулд Симоныг мэдээгүйжүүлэх хэрэгтэй болжээ.
Эцэст нь бяцхан нохойноос 3 кг хэртэй үс ноос салгаж авчээ.
Нохойны арьсны эрүүл мэнд сайн байсан нь эмч нарыг гайхшруулжээ. "Үснээс нь салгах үед ямар асуудал гарахыг бид урьдчилан мэддэггүй. Гэхдээ Симон туранхай, бөөсөнд баригдсан байсныг эс тооцвол нөхцөл байдал маш сайн байсан" хэмээн амьтан хамгаалах төвийн ажилтан өгүүлжээ.
"Үсээ засуулсан" Симоныг олон жилийн дараа анх удаа усанд оруулсан байна. Тэрээр бүх хүнд хэцүү ажиллагааг сайн давж гарсан бөгөөд өдгөө нэмэлт арчилгаа, нөхөн сэргээх эмчилгээнд орж байгаа гэнэ.
Хангалттай тэнхэрснийх нь дараа түүнд шинэ эзэн олж өгөх ажээ. Олон жилийн зовлонгоос нь салгаж өгсөн буянтай хүмүүст цахим хэрэглэгчид талархлаа илэрхийлсээр байна.