Дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн хүчирхэг, хамгийн хортой автомашин бол "Bugatti Chiron" юм. Энэхүү "мангас" нь 8 литрийн хөдөлгүүр, 1500 морины хүчтэй, нэг км тутамд 516 грамм CO2 ялгаруулдаг. Нэг жийнс худалдаж авахдаа та энэ супер машинаар 26 км явсантай тэнцэх хэмжээнд хүрээлэн буй орчныг сүйтгэдэг гэнэ.
Зөвхөн жийнс үйлдвэрлэх явцад агаарт 13 кг нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг. Ийм их хэмжээний CO2-ийг арилгахын тулд нэг том модыг 4,5 сар "зүтгэх" шаардлагатай. Одоо үед хүн төрөлхтөн жил бүр 4 тэрбум жинсэн өмд үйлдвэрлэдэг бөгөөд тэдгээрээс 52 сая тонн CO2 ялгардаг гэж төсөөлөөд үз дээ.
Гэхдээ ингээд болоогүй. Зөвхөн ийм төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд 10 кг хүртэл химийн будагч бодис, 8 мянган литр ус зарцуулдаг. Үүнийг мэдсэн олон худалдан авагчид жинсэн хувцаснаас аль хэдийн татгалзаж, байгаль орчинд ээлтэй материалаар зүйлс хэрэглэхийг илүүд үзэх болов.
Жинсэн өмдтэй холбоотой хамгийн том асуудал бол хөвөн даавуу юм. Түүнийг боловсруулахад асар их хэмжээний ус хэрэглэдэг. Cotton Outlook-ийн мэдээлснээр манай гаригийн 150 сая га газрыг хөвөн тариалахад ашигладаг байна.
Үүнээс гадна, зарим орнууд усны хомсдолд орох эрсдэлтэй байна. 1 кг хөвөн ургуулахын тулд Энэтхэг улс 22.5 мянган литр ус хэрэглэдэг. Өдгөө ширгэж дууссан Төв Азийн Арал тэнгис бол хөвөн тариалах нь усыг хэрхэн үгүй хийдэг болохыг харуулсан ердийн жишээ юм.
Гэхдээ судалгаагаар хөвөн тариалахад хэрэглэх усны хэмжээг бууруулж болохыг тогтоожээ. Жишээ нь АНУ-д 10 мянган литр, заримдаа 8 мянган литр усааар 1 кг хөвөн тариалдаг юм. Хамгийн гол хөвөнгийн бутыг шимэгчдээс хамгаалах нь чухал гэнэ.
Ийм үр дүнд хүрэхийн тулд өндөр технологи шаардагдахгүй. Элсэрхэг эсвэл хөрсөөр бүтээсэн усжуулалтын сувгийг бетон болгож, өндөр даралтын шахуурга, шууд усыг ургамал руу нийлүүлдэг хоолой бүхий тусгай систем ашиглахад л хангалттай юм.
Усжуулалтын систем ашиглах нь усны хэрэглээг бууруулдаг боловч ийм төрлийн тоног төхөөрөмжид ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг. Хөвөн тариалангийн талбайд суулгадаг хоолойн систем нь усыг бут руу шууд урсгаж, илүү зардалыг танана.
"Better Cotton Initiative" (BCI) олон улсын ашгийн бус байгууллага нь тариаланчдад байгаль орчинд хамгийн бага хохирол учруулахад нь туслах зорилгоор 2005 онд байгуулагдсан. Түүнийг Adidas, Gap, H&M, Ikea зэрэг хөнгөн үйлдвэрийн аварга компаниуд дэмжиж байв.
BCI-ийн гол зорилго нь органик хөвөн тариалахад нь тариаланчдад туслах явдал юм. Тус байгууллага нь хөрөнгө оруулагчид, байгаль орчинд ээлтэй түүхий эд авах сонирхолтой үйлдвэрлэгчдийг хайж олоход тусалдаг.
Энэхүү төсөл нь бодит үр дүнгээ өгч эхэлжээ. BCI-ийн ачаар Тажикстан 3 хувь, Пакистан хувиар хөвөн тариалангийн усны хэрэглээг бууруулсан юм. Хятад, Турк зэрэг орнууд мөн хүрээлэн буй орчны хохирлыг бууруулахын тулд идэвхтэй тэмцэж байна.
Усны нөөцийг хэмнэхээс гадна өөр нэг эерэг зүйл бол BCI-тэй хамтран ажилладаг бүх хөвөнгийн үйлдвэрүүд хортон шавьжтай химийн бус аргаар тэмцдэг юм.
Жийнс үйлдвэрлэхтэй холбоотой дэлхийн хоёр дахь том асуудал бол будаг юм. Сүүлийн 150 жилийн турш даавууг будах технологи өөрчлөгдөөгүй бөгөөд үүнээс болж асар их хэмжээний ус, маш их хэмжээний хортой урвалж, будагч бодис байгальд тарсаар байна.
Нэхмэл даавууг будахын тулд эхлээд идэмхий нэгдлүүдийг ашиглан цайруулж, том хэмжээний төхөөрөмж ашиглан хатаана. Энэхүү маш хүнд үйл явцнаас болж нэг удаагийн хатаалтаар 700 метр орчим даавуу ашиглах боломжгүй болж хувирдаг.
Үүний дараа даавууг будагч бодистой 12 өөр саванд дэс дарааллын дагуу хийнэ. Эцэст нь даавууг сайтар хатаана.
Жийнс будах шугам нь 52 метр урттай бөгөөд минутанд 19 метр урт даавууг буддаг. Үүнд 95 мянган литр ус зарцуулдаг юм. Levi's, Wrangler, Lee зэрэг компаниуд дахин боловсруулсан ус ашигладаг. Гэхдээ бүх үйлдвэрлэгчид ийм тоног төхөөрөмж авах боломжгүй юм.
Хямд жийнс үйлдвэрлэдэг компаниуд, мөн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон тооны цехүүд будагтай цэнхэр усыг шууд гол, далай руу асгадаг. Үүнээс гадна алдартай брэндүүдийн үйлдвэрүүд усыг бүрэн ариутгаж байгаа гэж хэлэх боломжгүй юм. Учир нь тэдний цэвэршүүлсэн усыг өөр үйлдвэрлэл эсвэл унданд ашиглах боломжгүй хэвээр байдаг.
Дэлхий дээр 783 сая орчим хүн ундны усны хомсдолд ороод байгаа тул жинсэн өмд үйлдвэрлэдэг компаниудын арга барилыг зөв гэж нэрлэж болохгүй. Тиймээс компаниуд төрөл бүрийн шинэ технологи ашиглаж эхлэхээр шийдээд байна.
Испанийн Тежидос Ройо компани нь байгальд аюулгүй будагч шинэ технологийг гаргаж ирэхээр төлөвлөж байна. Тус компани нь анх 1903 онд гэр бүлийн бизнес хэлбэрээр байгуулагдсан бөгөөд 21-р зууны эхэн үеэс будагчийн зардлын өсөлтөөс болж үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн байна. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Тежидос Ройо жинсэн будгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Гастон Индустристэй хамтран минутад 36 литр усны урсгалын хурдтай, ердөө 8 метр урттай өвөрмөц будгийн шугам бүтээжээ. Үүний зэрэгцээ энэхүү төхөөрөмж нь бараг минутанд 2 дахин урт даавууг будах боломжийг олгодог гэнэ.
Энэхүү тенологи нь ердийнхөөс ялгаатай нь азотын ханасан бодис ашигладаг гэнэ. Үүнийг агуулсан будаг нь утаснуудад бүрэн нэвтэрч маш хурдан хугацаанд өнгө оруулдаг аж.
Шинэ технологи нь бусад химийн хортой бодиснуудыг орлож чадах юм. Үүний ачаар хүрээлэн буй орчныг хамгаалах төдийгүй үйлдвэрлэгчдэд асар их мөнгө хэмнэж өгнө. Тиймээс Wrangler компани тус Испанийн үйлдвэрлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Жинсэн үйлдвэрлэлийн гурав дахь том асуудал бол хог хаягдал юм. Зөвхөн АНУ-д л гэхэд жилд дор хаяж 13 сая тонн хувцасыг хогийн цэг рүү илгээдэг бөгөөд үүний нэлээд хэсгийг жинсэн эдлэл эзэлдэг. Үүнд нэхмэл эдлэл, оёдлын үйлдвэрлэлийн хаягдлын хэмжээг оруулаагүй бөгөөд дээрээс нь асар их хувцасны чимэглэл "дагалдаж" байгааг мартаж болохгүй.
Судалгаанаас харахад хөвөн давуун хог хаягдлын 95 хүртэлх хувийг дахин боловсруулах боломжтой аж. Тиймээс хөвөн даавуу үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж болох юм. Тиймээс дахин боловсруулсан хувцсын эрэлт нэмэгдэж эхэлжээ. Тэдгээр нь хямд өртөгтэйн дээр байгаль орчинд ээлтэй учраас тэр.
Угаалт нь хүрээлэн буй орчинд хор учруулж буй дөрөв дэх хүчин зүйл юм. Жинсийг загварлаг харагдуулахын тулд үйлдвэрлэсний дараа өнгийг нь гандуулдаг билээ. Энэ технологийг Жак Спенсер хэмээх эр Lee брэндэд зориулж гаргасан боловч одоо бараг бүх компаниуд үүнийг ашиглаж байна.
Жийнсний өнгийг гандаахын тулд сайтар угааж, хлор, целлюлозын ферментүүд зэрэг бусад хэд хэдэн цайруулах үйлчлэгээтэй химийн нэгдлүүдийг дээрээс нь нэмнэ. Мэдээжийн хэрэг энэ арга нь асар их хэмжээний ус хэрэглэдэг бөгөөд өмнө нь хэлсэнчлэн тэрхүү усыг бүрэн цэвэршүүлэх боломжгүй юм.
Дээрээс нь тус дамжлага үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндэд хортой гэдгийг санах хэрэгтэй. Зарим хөгжил дорой, буурай орнуудад угаах ажлыг хамгаалалтын хэрэгсэлгүйгээр, нүцгэн гараар хийдэг.
2017 онд хэд хэдэн компани хөвөн даавууг химийн нэгдэлгүйгээр угаах үр дүнтэй, шинэлэг аргыг нэвтрүүлсэн юм. Тэд лазер ашиглаж эхэлсэн нь байгальд болон ажилчдад аюулгүй төдийгүй боловсруулалтын чанарыг мэдэгдэхүйц сайжруулж байгаа юм. Хагас цагийн хөдөлмөрөөр угааж цэвэрлэхэд ердөө 90 секунд зарцуулагддаг. Үүнээс гадна лазерыг чөлөөтэй удирдаж өнгөний гандалтыг яг хүссэнээрээ тааруулж болно.
Хөвөн даавууны гамшгаас байгаль дэлхийгээ хамгаалахын тулд бид юу хийж чадах вэ?
Та ингэхийн тулд жинсэн өмд, жинсэн хүрэм, шортноос татгалзах ёстой юу? Мэдээж үгүй! Манай гаригийг хамгаалахад даруухан боловч чухал хувь нэмэр оруулахын тулд хуучин хувцсаа дахин боловсруулах үйлдвэрт өгөх эсвэл зүгээр л коммисын бараа болгоход хангалттай.
Дунд болон дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бараг бүх компаниуд байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлдэг үйлдвэрлэлд шилжээд удаж байна. Мөн байгаль орчин хамгаалахад тусалдаг технологиуд илүү хямд үнэтэй болж эхэлсэн. Алдартай брэндүүдээс чанартай бүтээгдэхүүн худалдаж авснаар бид байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулаад зогсохгүй шинэ, дэвшилтэт технологийн санхүүжилтэд хувь нэмэр оруулдаг юм.