Агуу жанжин гэхэд түүний цэргийн карьер хожуу буюу 34 настайд нь эхэлжээ. Тэрээр анх цэрэгт нэгдэх гэж байхдаа моринд тийрүүлж хөлөө хугалсны улмаас тэнцэж чадаагүй боловч дараагийн удаад дахин оролдож тэнцсэн түүхтэй. Анх түүнийг Мин улсын хил рүү ахлах офицер болгон илгээсэн ба тэрээр хил дээр тулж ирсэн Зүрчид цэргийг бут цохиж удирдагчийг нь барьж цаазалсан гэнэ.
Энэ мэтээр И өөрийн чадлаа харуулсан ч түүнд атаархсан түшмэлүүд хуйвалдаж, зэрэг дэв олгох, тушаал ахих зэрэг дээр саад болсоор байв. Бүр нэг удаа түүнийг цэргээс оргохыг завдсан хэмээн хэсэг нөхөд нийлэн гүтгэж, цол бууруулж байсан гэнэ. Азаар тэрээр эргэн тойрон дахь албатуудтайгаа харилцаа холбоо сайтай байсан учраас дэвшсээр цэргийн сургуулийг удирдах болсон байна. Энэ үеэр Япон улс Солонгос руу дайрах магадлал нэмэгдсээр байсан тул И усан цэргүүдийг өндөр бэлтгэлтэй байлгахад анхаарч эхэлсэн бөгөөд шинэ төрлийн байлдааны хөлөг бүтээх ажилд оржээ.
И Сүн Шиний хамгийн агуу бүтээл бол яст мэлхий хэлбэрт байлдааны онгоц юм. Үүний тусламжтай тэрээр бараг ялах боломжгүй тулаануудад дайснаа бут цохьсон байна. Бусад онгоцноос ялгаатай нь яст мэлхийн хөлөг онгоцны дээд талыг бүхэлд нь төмөр дээврээр бүрхсэн бөгөөд ингэснээр дайсны буу, нум сумнаас хөлгийн гишүүдийг бүрэн хамгаалдаг байв. Түүхчид үүнийг анхны хуягт хөлөг онгоцонд тооцох нь ч бий.
Зэвсэглэлийн хувьд нь их буу, янз бүрийн зэвсэг хийхэд ашиглаж болох луун толгой байв. Мөн төмөр дээвэр бүхэлдээ өргөстэй тул дээр нь буух боломжгүй. Япончууд ихэнх хөлөг онгоцнууддаа том овортой их буу ачдаггүй байсан учир тэднээс илүү олон буутай яст мэлхийн хөлөг нь дайсны хөлгийг ядах юмгүй живүүлдэг байсан аж.
Лууны толгойг анх дайснаа айлган сүрдүүлэх зорилготой бүтээсэн боловч И удалгүй дотор нь зэвсэг байрлуулж болохыг олж мэджээ. Энэ хэсэгт энгийн бууг ч байрлуулж болохын зэрэгцээ утаа тавигч, тэр ч байтугай галаар буудах зэвсгийг ч суулгасан байв.
Эцэст нь хөлгийн тавцанг бүрхсэн төмөр өргөсөөр бүрсэн учраас "яст мэлхий" нь сөнөөхийн аргагүй төгс зэвсэг болсон юм.
Түүнийг албан тушаалаа авснаас жилийн дараа япончууд дайрсан байдаг. И хэзээ ч флот удирдаж байгаагүй хэрнээ дайны эхний 4 сарын дотор 11 дараалж ялалт байгуулав. Тэрээр анхны тулаанаа Вон Гиун хэмээх өөр жанжны хамт удирдсан бөгөөд японы 26 хөлгийг живүүлэхдээ ердөө 3 цэргээ алдсан байна. (Солонгосчууд нэг ч хөлгөө алдаагүй)
И Сүн Шин дараа нь замдаа тааралдсан бүх японы онгоцуудыг сөнөөж эхэлсэн бөгөөд сүүлдээ яст мэлхийн хөлөг онгоцыг олж харсан дайсны цэргүүд бараа сургаар нь зугтаадаг болсон гэнэ.
Японыг удирдаж байсан Шогун Тоёотоми Хидэёоши үүний хариуд 1700 хөлөг онгоц илгээжээ. Гэхдээ И Сүн Шинд хэд хэдэн давуу тал байлаа.
Нэгт, тэрээр цэргүүдээ маш сайн бэлдсэн.
Хоёрт, бүс нутгийн далайн таталга, түрлэгийг цээжээрээ мэддэг болсон тул хөлөг онгоцнуудыг байрлалыг ядах юмгүй тооцоолж чаддаг.
Гуравт, цэргүүд нь түүний авъяас чадлыг өөрсдийн нүдээр гэрчилсэн тул бурхан мэт шүтдэг болсон байв. Эцэст нь мэдээж яст мэлхийн хөлөг И Сүн Шинд байсан нь хамгийн том давуу тал болсон юм.
Харамсалтай нь, эх газар байдал тийм ч сайн байсангүй. Япончууд хуурай газар дээр тулалдахдаа гарамгай байсан учраас урагш давшсаар Сөүлийг хүртэл эзэлсэн аж. Азаар Солонгосын хаан Мин улстай холбоотон болж, цэргийн нэмэлт хүч авсан бөгөөд үүний ачаар хоёр тал тэнцүү болжээ.
Япончууд 1592 онд 4 дараалж цэргийн хүч илгээсэн юм. И Сүн Шин 2 дахь дээр нь яст мэлхийн хөлгүүдээ гаргажээ. Нэг тулааны үеэр И-гийн таван цэрэг амь эрстэж, хариуд нь дайсны флотыг живүүлсэн байдаг. 1592 оны сүүлээр И Сүн Шин дайсны бүх дайралтыг бут цохиж, япончуудыг ухрааж чадсан юм.
Харамсалтай нь японы тал Ёшура хэмээх тагнуул илгээн И-гийн нэр хүндийг унагах төлөвлөгөө зохиожээ. Ёшура түүнийг хааныхаа эсрэг бослого гаргах гэж байна хэмээх цуу тараасан юм. Өөрөөс нь илүү нэр хүндтэй болсонд атаархсан Солонгосын эзэн хаан үүнийг шалтаг болгон И Сүн Шинийг баривчлуулж, цаазаар авхуулах дөхсөн байна. Азаар И-гийн нөхөд үүнийг зогсоон суллуулж чадсан юм. Гэхдээ түүний цолыг бууруулж жирийн цэрэг болгожээ.
Энэ үеэр Вон Гиун нэгэн тулаанд ялагдаж өөрөө амь эрсдэв. Өөр арга байгаагүй тул И-г буцаан жанжин цолтой болгож, бүх усан флотыг удирдагч болгосон байна. Харамсалтай нь дээрх ялагдлаас болоод Солонгос улсад ердөө 13 байлдааны хөлөг үлдсэн байв.
Гэхдээ И Сүн Шин бууж өгсөнгүй. Тэрээр Мёнрянгийн хоолой хэмээх хүчтэй урсгал, хадан цохиотой газрыг сонгож хөлөг онгоцнуудаа арай тогтуун газруудад байрлуулсан байна.
Тэрээр ийнхүү дайсны 330 онгоцны эсрэг 13 онгоцоор тэмцэх болсон юм. Япончууд энэ үед Солонгосын цөөн хөлгийг хараад улам давшиж эхэлжээ. Гэвч хүчтэй урсгалаас болоод тэд жолоодлогоо алдсан бөгөөд улмаар бөөгнөрөлдөж гацсан байна. Энэ мөчийг хүлээж байсан И Сүн Шин цэргүүддээ галлах тушаал өгсөн аж.
Өдрийн төгсгөл гэхэд Япончууд 30 хөлөг онгоц, нийт цэргийн тэн хагасаа алдсан бол Солонгосууд нэг ч онгоцоо алдаагүйн дээр ердөө аравхан цэрэг шархадсан юм.
1598 оны 12-р сард япончууд Солонгосын Норианг руу дахин цэрэг илгээв. Нориангийн тулаан нь И Сүн Шиний хамгийн сүүлчийн тулаан болсон юм. Энэ үед Мин улс усан цэргийн нэмэлт хүч болгож 6 том 57 жижиг хөлөг илгээжээ. Өмнөхийн адил И орон нутгийн газар зүйн мэдлэгээ ашиглан дайснаа бут цохьсон ч үлдэгдэл хөлөг онгоцуудыг хөөж байгаад тэнэсэн суманд шархаджээ.
Тэрээр үхэж байгаагаа тэр даруй ойлгосон ч өөрийн үеэл И Вандаа ингэж хэлсэн гэдэг: "Миний хуягийг өмсөөд дайны бөмбөрөө үргэлжлүүлэн нүд гэж тушаа. Намайг үхсэн гэдгийг дайсан яасан ч мэдэж болохгүй!"
Үеэл нь захиасыг нь даган цэргээ үргэлжлүүлэн удирдсаар япончуудыг бүр мөсөн дарж чадсан байна. Тулааны эцэст Японы тал 200 хөлгөө алдсан бол Солонгосчууд урьдын адил нэг ч хөлгөө алдсаагүй юм.
Тухайн үед И Сүн Шиний үхсэн гэдэг мэдээг сонсоод Солонгос даяар гашуудал зарлаж байв. Нутаг бүрт түүнд зориулсан бунхан барьсан бөгөөд түүний цогцсыг аавынх нь хажууд оршуулжээ. Дайн ч дуусаж Солонгос улс ийнхүү аврагдсан байна.
Өнөө үед Хойд болон Өмнөд Солонгос улсыг нэгтгэдэг цөөн тооны зүйлсийн нэг нь И Сүн Шин болжээ. Аль аль нь агуу жанжныг Солонгосын аврагч баатар хэмээн шүтдэг.