Дөрвөн километр зузаан мөсөн доорх балар эртний ертөнц - Антарктидын Восток нуурын нууц

Дэлхийн хамгийн том нууруудын нэг нь Антарктид тивд, 4 км зузаан мөсөн хучлага доор бий. Оросын судлаачдын анх олсон Восток хэмээх энэхүү нуур нь гаднах ертөнцөөс хэдэн сая жилийн турш тусгаарлагдан оршсон цэнгэг усны асар том сан юм. Нуурын усанд өмнө нь судлагдах байтугай харагдаж ч байгаагүй организмууд амьдардгийг илрүүлснээрээ Восток нуурын өрөмдлөгө нь өнгөрсөн зууны хамгийн том ололтуудын нэгт тооцогддог.

Дөрвөн километр зузаан мөсөн доорх балар эртний ертөнц - Антарктидын Восток нуурын нууц

Восток нуур нь Антарктидын төв хэсэгт, Оросын "Восток" судалгааны станцын доор байдаг тул энэ нэрийг авчээ. Тухайн бүс нутагт температур цельсийн -81 хэмээс доошилдог тул хүн тэнд удаан байх боломжгүй юм.

Нуурын зузаан мөсөн мандалд өрөмдсөн нүх буцаж хөлдөхөөс өмнө судлаачид гайхалтай өвөрмөц бактериудыг олжээ. 

"Тэдгээр микробууд дэлхийн агаар мандлаас 400 дахин их даралтан доор, бараг 0 хэмийн температурт, хав харанхуй орчинд, органик нүүрстөрөгчгүйгээр 14 сая жилийн турш амьдарч ирсэн байсан" хэмээн Оросын Антарктидийн экспедицийн ахлах судлаач Сергей Булатов өгүүлжээ.

Одоогоос 60-аад жилийн өмнө буюу 1957 оны 12-р сарын 16-нд туйлын судлаачид Антарктидийн хамгийн алслагдсан, хамгийн хүйтэн нутагт Восток станцыг байгуулсан юм. Станцын геофизикчид тэндхийн мөсөн давхарга доор юу байгааг илрүүлэхийн тулд сейсмийн долгион ашиглаад 4000 гаруй метрийн доор ус байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Нуурын мөсний өрөмдлөгө 2006 оны өвөл эхэлжээ. Өрөмдөгч тавцангийн байршлыг өөрчлөх, чулуун давхаргыг дайруулахгүйн тулд ташуугаар өрөмдөх гэх мэт олон саад учирсны эцэст 2012 оны 2-р сард 3769.3 метрийн гүн дэх усан мандалд хүрсэн байна.

Харин 2015 онд хийсэн хоёр дахь өрөмдлөгөөр уснаас дээж авч, дээрх нууцлаг организмуудыг илрүүлсэн юм.

Восток нуур нь 6000 гаруй куб метр эзэлхүүнтэй, 290 км урт, 800-1000 метр гүн (мөсөн давхрагыг эс тооцвол) болохыг тогтоожээ. 

Хамгийн эхлээд нуурын усан мандлаас 102 метрийн дээр орших мөсөн дундаас Hydrogenophilus thermoluteolus гэх өвөрмөц бактер олджээ. Харин сүүлд хийсэн өрөмдлөгийн явцад Оросын судлаачид дэлхий дээрх өөр ямар ч амьд биетэд байдаггүй ДНХ-тай бактериудыг олсон байна. Тэдгээрийн генийн 14 хувь нь өмнө огт байгаагүй цоо шинэ бөгөөд "яг л Ангарагаас ирсэн мэт" байсныг судлаач Сергей Булатов өгүүлсэн байна.

Америкийн судлаач Скотт Рожерсийн баг нуурын уснаас 1623 зүйлийн амьд биетийн генийн дарааллыг илрүүлжээ. Тэдгээрийн 6 хувь нь зөвхөн загасны гэдэс дотор байдаг эукариот эст бактериуд байсан тул Восток нуурын гүнд шинэ төрлийн загаснууд, хавч хэлбэртнүүд байх боломжтой гэж Америкийн судлаачид үзсэн байна. 

Үүнээс үзвэл нуурын ус хэдэн арван сая жилийн турш ил байсан бөгөөд сүүлийн 14-15 сая жилийн хугацаанд мөсөн хучлагатай болсон гэх онол бий. 

Олон эст организмууд, зарим төрлийн мөөг далайн хамгийн гүн ёроолд нууцлаг аргаар амьд үлдэж чаддагийг нэгэнт тогтоосон. Далайн ёроол дахь даралт Восток нуурын даралтаас ч их, түүнчлэн тэдгээр мөөгнүүд агаар мандалд хүчилтөрөгч байгаагүй 2400 сая жилийн өмнөөс оршиж иржээ. Тэгэхээр Восток нуурын ёроолд ч амьдрал байгаа гэж үзэж болох юм.

Восток нуурын амьдралын нээлт нь цаашид олон нууцыг тайлах эхлэл болохыг судлаачид онцолж байна. Ангараг гариг болон Санчир гаригийн Титан, Энцелада дагуул, Бархасбадь гаригийн Европа, Церес дагуулууд дээр яг Востоктой адилхан доороо устай мөсөн давхрага бий. Харь гаригтай төстэй уур амьсгал, даралт бүхий Восток нуурт амьдрал байгаа юм бол Нарны аймгийн зарим гариг, дагуулууд дээр амьдрал байхгүй гэж шуудхан хэлж болохгүй юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()