Хойд хөршийн хамгийн "шоовдор", хамгийн ядуу бүс нутагт амьдрал хэрхэн үргэлжилдэг вэ?

Монголын нутгаас салаад 100-аад жилийн нүүрийг үзэж буй Тувагийн бүгд найрамдах улс 2020 оны байдлаар иргэдийнхээ нийт орлогын хэмжээгээр ОХУ-ын 85 засаг захиргааны нэгжийн 85 дугаарт бичигдэж байна. Бүс нутгуудыг амьдралын чанараар нь эрэмбэлэхэд мөн л сүүл мушгиж байх жишээтэй. Оросын сэтгүүлч Алексей Пивоваров саяхан энэхүү мартагдсан нутгийн төв Кызыл хотод фото сурвалжлага хийж, байдал ямар байгааг бодитоор харуулжээ.

Хойд хөршийн хамгийн "шоовдор", хамгийн ядуу бүс нутагт амьдрал хэрхэн үргэлжилдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орос сэтгүүлч нар ирж сурвалжлага хийхэд нутгийнхан тун дургүй ханддаг. Мэдээж тэд Тувагийн тухай эерэг мэдээлэл хэзээ ч түгээхгүй, соёл иргэншлээс хоцорсон Африкийн нэгэн омог байгаа аятай л бичдэг болохоор тэр.

Гэхдээ статистик мэдээллээс харвал сэтгүүлчдэд бүх бурууг тохож болохооргүй харагдана. Их гүрний мэдэлд орсон 110 жил, ялангуяа ЗХУ задарснаас хойш Тува дахь амьдрал улам доройтож, "шоовдор" бүс нутаг болжээ.

Өнөө цагт Тува гэхээр анхаарал татах гол зүйлс нь ажилгүйдэл, ядуурал, архидалт, аллага, хар тамхи, орчны бохирдол болж байна. Эдгээр сөрөг зүйлс нэмэгдэхийн хэрээр энэ бүгдийн гол шалтгаан болсон Оросуудыг үзэн ядах хандлага дагаад нэмэгджээ.

2020 оны бүртгэлээс үзвэл Тувагийн нийт хүн амын 19.9 хувь нь эрхэлсэн ажилгүй байна. Албан ёсны статистикт тус БНУ-ын иргэдийн авдаг дундаж цалин 43.9 мянган рубль (1.7 сая төгрөг) гэж байгаа ч үнэндээ ажлаа хийж буй жирийн Тувачуудаас очоод асуувал хэнийх нь ч цалин 11-16 мянган рублиэс давдаггүй. Нутгийн иргэдийн хэлснээр хэрэв "жинхэнэ" цалин авъя гэвэл төрийн алба, уурхайд ажиллах, эсвэл Красноярск, Норильскт очиж ажиллах сонголт л бий аж.

Сүүлийн жилүүдэд давгүй мөнгө олох өөр нэг арга нь хар тамхи болжээ. Бараг айл болгон марихуан (нутгийнхны хэллэгээр "ганжа") ургуулж, Тувагийн шорон болон цэргийн алба, хил залгаа Алтайн БНУ, Хакас, Красноярскийн өндөр эрэлтийг хангадаг байна. 

"Хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулахын тулд хүн бүр ганжагаар авилга өгөх хэрэгтэй. Төрийн албаны ажилтнууд ч гэсэн тарьсан марихуанаа хураах гэж амралт авдаг. Долдугаар сарын сүүл гэхэд хүүхэд хөгшид, эрэгтэй эмэгтэйгүй бүгд ургацаа хураахаар явцгаадаг" хэмээн нэгэн тува иргэн сэтгүүлч Никита Телиженкод ярилцлага өгөхдөө өгүүлсэн байна.

100 мянган хүн тутамд ноогдох гэмт хэргийн гаралтын тоогоор Тува нь Санкт-Петербург, Тула мужуудын араас Оростоо гуравдугаарт бичигддэг. Кызыл хотод нар жаргасны дараа жирийн амьдрал зогсож, архичид, гэмт хэрэгтнүүдийн амьдрал эхэлдэг байна. Том худалдааны төвүүд 7 гээд л үүдээ барих бөгөөд гудамжаар машинууд, тэр байтугай такси ч явахаа больдог. 

2019 онд л гэхэд Тувагийн 100 мянган хүн тутамд 36 аллагын хэрэг бүртгэгдсэн нь Москвагаас 5 дахин их буюу Өмнөд Африк, Бразилтай дөхөж очих үзүүлэлт юм. 

Агаарын бохирдол, утаа тортог, хог хаягдал энд мөн л томоохон асуудал. 2019 онд ОХУ-ын байгалийн баялгийн яамнаас гаргасан агаарын бохирдол хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг Кызыл хот Абакан, Ангарск, Эрхүү, Улаан-Үд, Барнаул, Красноярск, Селенгинск зэрэг Монголтой ойр байдаг бусад хотуудын хамт тэргүүлж байна.

Хойд хөршийн батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хагас Тува, Украин гаралтай. 70-аад оны сүүлчээр Тувад улс төрийн карьераа эхэлсэн тэрээр нутгийнхаа бахархал бөгөөд айл болгоны хойморт Путины зурагтай хамт түүний зургийг өлгөсөн харагдана. Жил болгон ерөнхийлөгчтэйгээ хамт Тува, Тагнын уулсад ирж амардаг тэрээр Кызыл хотоор орж, амьдрал ямар байгааг хардаг болов уу?

Кызыл хотын эгэл амьдралыг харуулсан бусад зургуудыг хүргэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()