Дуулга өмссөн эр скэйтбордтой адил тавцан хөлөглөн хотын гудамжаар "хөвж" яваа бичлэг ойрын өдрүүдэд цахим орчинд нэлээн трэнд болсон билээ.
Хүмүүсийн хорхойг хөдөлгөсөн энэхүү технологийг энэ зунаас эхлэн ямар ч хүн худалдаж авч болно гэдэг мэдээлэл бүр ч олон хүнд таалагдсан байна.
Нисдэг тавцанг бүтээгч "Omni Hoverboards" компани анхны бүтээгдэхүүнээ энэ онд худалдаанд гаргахаар зэхэж байгаа аж. Тус компанийг байгуулсан Александр Дуру, Филипп Маалуф нарын хэлснээр 36 мянган долларын үнэ бүхий нисдэг тавцан нь энэ зуны сүүлчээс эхлэн он дуусах хүртэл цөөн тоогоор зарагдах аж.
Одоогийн загвар нь 10 сэнсний хүчээр нисдэг бөгөөд цаашдаа өөр загварууд гарах болохыг мэдээлжээ. Тухайлбал удахгүй үйлдвэрлэхээр төлөвлөж буй илүү авсаархан, 8 сэнстэй загвар нь 26 мянган долларын үнэтэй байх гэнэ.
"Нисдэг тавцан" бүтээх туршилтууд дунд уг технологи нь одоохондоо цор ганц байна. 6 жилийн өмнө Александр, Филипп нар ийм тавцангаар Кебек мужийн Уару нуурын дээгүүр 275.9 метрийн зайд нисч, Гиннесийн номонд бүртгэгдэж байжээ. Дараагийн жилүүдэд нисдэг тавцанг олон нийтэд хүртээлтэй болгох, агаарт илүү удаан тогтдог болгохын тулд багагүй хүчин чармайлт гаргажээ.
Үүний ачаар одоогийн 10 сэнстэй загвар агаарт хамгийн ихдээ 30 минут тогтох боломжтой болсон байна.
Хэдий гайхамшигтай боловч нисдэг тавцан нь энгийн тээврийн хэрэгсэл болтол нэлээд хэдэн жилийн хугацаа хэрэгтэйг онцолжээ. Хэрэглэгчийн өнцгөөс харвал энэхүү технологи хэтэрхий үнэтэй, сэнс нь маш чанга чимээтэй, зориулалтын зогсоол байхгүй зэрэг хүндрэлүүд тулгарч байна.