Одоо үед Ким Кардашианаас эхлээд бараг эмэгтэй хүн бүр биеийн галбир, толигор гялтганасан арьс, гуалиг чанга нуруугаа гайхуулах болсон билээ. Гэвч энэхүү трэндийн эхлэлийг тавьсан жинхэнэ анхдагч бол Викки юм. Тэрээр 50-аад оны үед нуруугүй даашинз өмсөж дэлхийн трэнд болгосон юм.
Викки 1929 оны 1-р сарын 1-нд Нью-Йорк хотод төрсөн байна. Түүний эцэг Виккийг ердөө зургаан сартай байхад нь ээж, охин хоёрыг орхиод явсан гэдэг. Тэрээр 11 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьж, фото модель хийж эхэлсэн бөгөөд 16 настайдаа хэд хэдэн гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулж, хүмүүсийн анхааралд өртөөд амжсан байв. Өсвөр нас нь ч дуусаагүй байсан балчирхан Викки гэрэл зургийн студийн эзэн Уиллиам Симмонстой гэрлэсэн ч удалгүй салсан байна.
1950-аад оны үед Викки олон брэндийн нүүр царай болсон төдийгүй "Return from Eternity" хэмээх кинонд анхны дүрээ авсан байна. Харамсалтай нь түүний урлагийн ертөнц дэх жүжигчний замнал хол яваагүй бөгөөд амьдралынхаа туршид тэрээр ердөө 9 кинонд тоглосон байдаг.
Холливудын сурталчилгааны мэргэжилтэн Милтон Вайсстай уулзсаны дараа Вики Дуган жинхэнэ алдартан болох замдаа оржээ. Вайсс Викиг жинхэнэ секс бэлэг тэмдэг болгох санал тавьсаныг Вики ч зөвшөөрөв. Юун түрүүнд үзэсгэлэнт бүсгүйд зориулж Милтон асар өндөр үнэтэй гурван өвөрмөц даашинз захиалж хийлгэсэн байна. Тэд бүгд урт, дэгжин загвартай боловч нуруугүй байв. Вики тэдгээрийг үдэшлэг, киноны нээлт гээд хаа явсан газраа өмсөж, олны анхаарлыг татсан байдаг. Үүнээс болж хэвлэлийнхэн түүнийг "Нуруу" хэмээн хочлох болсон юм.
Ийнхүү Милтон Вайссын төлөвлөгөөний дагуу хүн бүр Виккигийн тухай ярих болов. Бусад жүжигчид түүнийг олны анхаарлыг хэт их татаж байна хэмээн гомдоллосон тул Викки зарим киноны нээлтэн дээр ч очиж чаддаггүй байсан гэнэ. Цаашлаад үзэсгэлэнт Викки 1957 онд Playboy сэтгүүлийн эзэн Хью Хэфнэрийн анхаарлыг татжээ. Хью түүнээс яагаад дандаа нуруугүй даашинз өмсдөгийг нь асуухад Викки "Би жижигхэн хөхтэй юм." гэж хариулсан хөгжилтэй түүх бий.
Гэвч 1960-аад оны үед хүн бүр ийм даашинз өмсөх болсон тул Викки онцгой алдартай байхаа больж, олны анхаарлаас гарчээ.