Халимагууд Оросын иргэний дайнд цагаантнуудын талд тулалдсан шалтгаан

2021-04-09, 14:00
13,513

Өнгөрсөн зууны эхэн үед болсон Оросын иргэний дайн хойд хөршийн бүхий л ард түмнийг үзэл бодлоороо талцан тэмцэхэд хүргэсэн юм. Ах дүүс хоорондоо хагаралдаж, эцэг хөвгүүд ч нэг нэгнийхээ эсрэг зэвсэг барин босч байлаа. Харин Оросын олон үндэстэн дундаас бараг бүгдээрээ зөвхөн цагаантнуудын талд орсон ганцхан ард түмэн байжээ. Тэд бол Халимаг түмэн байв.

Халимагууд Оросын иргэний дайнд цагаантнуудын талд тулалдсан шалтгаан

Хувьсгал гарсан 1917 онд Халимагууд бүх ард түмнээ Астраханий козак армийн нэг хэсэг болсон Халимаг козакуудын туган дор нэгтгэх оролдлого хийжээ. Энэхүү ажиллагааны удирдагч нь дэлхийн 1-р дайнд Кавказын фронтын ерөнхий командлагчийн шадар ван байсан хурандаа Цоросын Данзан Тундутов байв. 

Хоёрдугаар сарын хувьсгалын дараа Тундутов эх нутагтаа эргэн ирж, Халимагийн нэрт эрдэмтэн Номт Очировын хамтаар Екатерина хатны үед мөхсөн Халимагийн хант улсыг сэргээн мандуулах төлөвлөгөөг боловсруулсан байна.

Хаант Оросын үед халимаг түмэн өөртөө засах эрхгүй, засаг захиргааны хувьд ч хуваагдмал байдалтай байжээ. Халимагуудын суурьшсан тал нутаг Астрахань, Ставрополь мужууд болон Доны армийн эзэмшил газарт хуваагдан харъяалагддаг байв.

Тухайн үеийн Орост нэгдсэн удирдлагагүй, өөртөө засах ардчилсан тогтолцоотой, хагас цэрэгжилтийн байдлаар аж төрдөг нийгмийн бүлгийг "козакууд" гэж нэрлэдэг байсныг дурдах хэрэгтэй. 1917 оны 7-р сарын 28-нд Халимагийн козак хүчнийхэн болон энгийн ардын төлөөлөл Новочеркасск хотноо чуулж, большевикуудын эсрэг тэмцлийг дуу нэгтэй дэмжив. Иргэний дайн эхэлсний дараа зэвсэг барьж чадах халимаг хүн бүр козак морин цэргийн армид нэгдэн цагаантнуудын талд тулалджээ.

Атаман Тундутов

1919 он гэхэд тэр чигтээ халимаг цэргүүдээс бүрдсэн 5 бие бүрэлдэхүүн Өмнөд Орос, Хойд Кавказын фронтод тулалдаж байлаа. Данзан Тундутов, Бадма Уланов, Абуша Алексеев, Азман Батырев гэсэн дөрвөн халимаг эр Өмнөд Орос дахь цагаантны хөдөлгөөнийг бүхэлд нь удирджээ.

Гэвч 1919 онд атаман Тундутов цагаантны армийн дэд удирдагч Антон Деникинтэй зөрчилдсөн тул түүнийг албан тушаалаас нь хүчээр зайлуулжээ. Улмаар 1923 онд Тундутов улаантнуудад баригдаж, хэдэн сарын дараа буудуулжээ.

Халимагийн армийн бусад удирдагчид нөлөө бүхий цагаантнуудын хамт Крымээр дамжин Европ руу орогносон бөгөөд ЗХУ-д хэзээ ч эргэж ирээгүй байна. 

Харин зугтаж чадаагүй Халимагууд Зөвлөлт засгийн хавчлага дор асар их зовлон үзсэн юм. Дайны жилүүдэд нийт Халимаг түмний дөрөвний нэг нь буюу 55 мянган халимаг хүн амиа алджээ. Иргэний дайнд ийм их хохирол үзсэн үндэстэн Орост байгаагүй.

Тэгвэл халимагууд яагаад нэгэнт амжилт олохгүй нь тодорхой байсан цагаантнуудын талд үнэнчээр тулалдсан хэрэг вэ?

Учир нь тэд гурван зууны өмнө буюу 1608 онд Оросын хаанд үнэнч байх тангараг өргөсөн байлаа. Оросын хаант засгаас 17-р зуунд халимагуудыг Ижил мөрний сав газарт нутаглах зөвшөөрлийг албан ёсоор олгосон юм. Хэзээ ч довтлон ирэх магадлалтай Крымийн вант улс, Туркүүд, Польшуудаас өмнөд хилээ хамгаалахын тулд Оросын хаанд байнгын "хилчид" хэрэгтэй байлаа. Энэ үүргийг дайчин түүхтэй Халимагууд авсан байна. 

Халимагийн хант улс тухайн үед Оросыг ч унагаж чадахаар хүчирхэг байжээ. Тэдний арми 70-75 мянган морьтон дайчдаас бүрдсэн бол Оросын арми ердөө 100-130 мянган цэрэгтэй байлаа. Халимаг цэргүүд 17-18-р зууны үед хаа сайгүй гарсан бослогыг очиж дарах, Крым, Азовт аян дайн хийх, Украинд Оросын хааны нөлөөг цэргийн хүчээр тогтоох гэх мэт бүхий л эрсдэлтэй, томоохон ажиллагааг гүйцэтгэж өгчээ. Ийм ч учраас халимагуудыг "Цагаан хааны дайчид" хэмээн хочилсоор иржээ.

Харин 18-р зууны дунд үед Халимагийн хант улсын төрийн хэрэгт Оросын засгийн газар шууд оролцож эхэлснээр дотоодын зөрчил эрчимжсэн байна. Ялангуяа Халимагуудын нутгаас Оросын хамжлагатанууд, тариачдад газар таслан олгож эхэлсэн нь байдлыг улам дордуулжээ. 1767-1768 оны өвлийн зуднаар мал ихээр үрэгдэж, тариалангийн талбайг Оросууд эзэрхийлж, дээр нь талхны чөлөөт худалдааг хориглосны уршгаар халимаг түмэн өлсгөлөнд автжээ. 

Ийнхүү халимагууд тухайн үед Манжийн бүрэлдэхүүнд байсан Зүүнгар нутагтаа эргэж очихыг улам ихээр хүсэх болов.

1771 оны 1-р сарын 5-нд Халимаг ноёд иргэдээ авч, Ижил мөрнөөс зүүн тийш их нүүдлийг хийсэн нь бүр ч том эмгэнэлт явдал болж хувирав. Нийт 100 мянган халимаг иргэн нүүдлийн үед амиа алдаж, мөн мал сүргээ бараг тэр чигт нь алдсан байна. 

Тухайн оны 10-р сард 2-р Екатерина хатан энэхүү нүүдлийн хариуд Халимагийн хант улсыг татан буулгаж, "хан" цолыг үгүй хийв. Ижил мөрөнд эргэж ирсэн халимагууд дээр дурдсанчлан тархай бутархай аж төрж эхэлсний шалтгаан нь энэ юм.

Хэдий Оросын засгийн газартай төвөгтэй харилцаатай болсон ч Халимаг түмэн хойд хөршийн гадаад бодлого, дайн тулааны амжилтад голлох хувь нэмрийг оруулсаар байлаа. Ялангуяа 1812 онд Францын эзэнт гүрэнтэй хийсэн дайнд өөрсдийгөө хэн болохыг жинхэнэ харуулсан юм. Наполеоны армийн эсрэг ердөө 3500 халимаг цэргээс бүрдсэн 3 бие бүрэлдэхүүн гайхалтай эрэлхэг тулалдсан бөгөөд зөвхөн Бородиногийн тулааны дараа 260 халимаг дайчин Оросын хамгийн нэр хүндтэй одонгуудаар шагнагдсан байдаг. 

Ийм л учраас Халимаг түмэн 1917 онд Оросын хаанаас урвалгүй, эцсээ хүртэл үнэнчээр тэмцсэн ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()