Осборн 2020 оны 3-р сараас эхлэн гэрийнхээ гадаах аяллын машинд хоноглох болжээ. Гэр бүлийнхэн нь Осборнтой машины гаднаас харилцдаг байв.
Тэрээр "Гэр бүлийнхэнтэйгээ дахин хамт байж чадах болсондоо би үнэхээр баяртай байна. Би машинд бүтэн жил амьдарна чинээ төсөөлж ч байгаагүй." гэж CNN агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Осборн шиг өөрийгөө тусгаарлах эсвэл гэр бүлээсээ өөр газар амьдрахаар шийдсэн олон эмч, эмнэлгийн ажилтнууд одоо хүртэл бий. Тэд гэр бүлээ эрсдэлд оруулахгүйн тулд өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийдэг аж.
Тэрээр вакцинжуулалтад хамрагдсаны дээр түүний амьдардаг бүс нутагт Covid-19-ийн тохиолдол буурсан учраас өнгөрсөн 2-р сард гэртээ ороход аюулгүй гэж үзсэн байна.
Гэхдээ Осборн одоо ч ажлаасаа тарж ирээд гэр бүлийнхэнтэйгээ харьцахаасаа өмнө биеэ бүрэн ариутгаж, хувцсаа сольж байгаа гэв.
Осборны гэр бүл өмнө нь байшингаа өргөтгөхөөр төлөвлөж байсан ч бүх мөнгөө энэхүү аяллын машинд зарцуулсан аж.
Осборн өөрийн хоёр хүүхэд болох 19 настай Эшли, 15 настай Дэвид нарын төлөө өөрийгөө тусгаарлаж амьдрахаар шийдсэн байна.
Алсын зайнаас ээжтэйгээ харьцаж байсан ч хүүхдүүдэд нь ээжийн орон зай дутагдсаар байсныг тэдний аав хуваалцжээ. Эшли охин ээжийнхээ хийдэг байсан гэрийн ажлуудыг хариуцаж, ээжийгээ орлохын тулд чадах бүхнээ хийсэн гэв.
Мөн Тиффани Осборн өөрийн нөхөр Жефф Осборн бүх хэцүү үеүдэд нь түүний дэргэд байж, урам зориг, сэтгэлийн дэм өгч байсан учир ийнхүү ард нь гарч чадлаа хэмээсэн байна.
Осборны гэр бүл тус аяллын машиныг дахиж хэрэглэхгүй болсон тул нутгийнхаа номлогчид зарсан гэнэ.
Жефф Осборн залуу насаа цэргийн албанд хүчин зүтгэж өнгөрүүлсэн учир эхнэрийнхээ ажлын үүргийг сайн ойлгож, сэтгэл санааг нь тайван байлгаж, чадах чинээгээрээ тус болохыг хүссэн гэдгээ CNN-д хуваалцсан байлаа.