Богино хугацаанд яаран хийсэн согогтой сансрын хөлөг, маш бага түлш, хэзээ ч дэлгэгдэхгүй шүхрийн уршгаар сансрын нисэгч Владимир Комаров дэлхий рүү асар хурдтайгаар унаж, хэт халуунд амьдаараа хайлсан юм. Зайлшгүй үхэлтэй нүүр тулахаасаа өмнө тэрээр дэлхий дээрх удирдлагын станцтай холбогдоод орь дуу тавин уйлж, эвдэрхий хөлөгт суулган илгээсэн хүмүүсийг харааж байхыг Турк дэх баазаас Америкийн тагнуулууд сонсож байжээ.
1967 онд болсон энэхүү гунигт явдлын үнэн учрыг Жэйми Доран, Пирс Бизони нарын 2011 онд хэвлүүлсэн "Starman" номонд дэлгэрэнгүй өгүүлжээ. Номын зохиогчид КГБ-ын офицер байсан Веньямин Руссаевын дурсамж, "Правда" сонины материалууд дээр үндэслэн баримтууд цуглуулсан байна.
Владимир Комаров болон сансарт ниссэн анхны хүн, ЗХУ-ын баатар Юрий Гагарин нар үй зайгүй дотно найзууд байжээ. Тэд хамтдаа ан хийж, хамтдаа загасчилж, хамтдаа уудаг байв.
1967 онд тэр хоёрыг дэлхийн тойрог зам руу нислэг хийх даалгаварт хоёуланг нь хуваарилжээ. Гэвч сансрын хөлөг нь найдвартай бус гэдгийг тэд хоёул мэдэж байлаа. Комаров өөрийгөө буцаж ирэхгүй ч магадгүй гэж найзууддаа ярьж байсан ч Гагариныг эрсдэлд оруулахыг хүссэнгүй, өөрөө нисэхээр болжээ. Хэрэв Комаров татгалзвал Гагарин нисэх ёстой байсан аж.
ЗХУ-ын удирдагч Леонид Брежнев коммунист хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан сансарт Зөвлөлтийн хоёр хөлгийг холбох ажиллагааг зохион байгуулж, "сюрприз" барихаар шийдсэнээс энэ бүгд түүх эхэлжээ.
Тэдний төлөвлөгөө ёсоор Комаровын суусан "Союз-1" хөлөг эхлээд хөөрөх бөгөөд маргааш нь 2 нисэгч бүхий хоёр дахь хөлгийг хөөргөж, тойрог замд хооронд нь уулзуулж холбох байжээ. Комаровын хувьд хоёр дахь хөлөг рүү мөлхөн орж, багийнхантай уулзаад дэлхий дээр тэдэнтэй хамт эргэж ирэх ёстой байв.
Брежнев үүнийг зайлшгүй амжилттай болгохыг шахаж байсан ч Гагарин үүнд саад болж байлаа. Тухайн үед Зөвлөлтийн хамгийн нэр хүндтэй хүн байсан Гагарин тэргүүлэх инженерүүдтэй хамтран "Союз-1"-ийг шалгаж үзээд, 203 гаруй бүтцийн согог олсон байна. Тэдгээр дунд хөлгийг сансрын уудамд гарах үед томоохон аюул учруулах асуудал байсан тул Гагарин нислэгийг хойшлуулах саналыг гаргажээ.
Гэвч хэн ч Брежневт уг саналыг хүргэж зүрхэлсэнгүй. Гагарин өөрөө 10 хуудас тайлан бичиж, КГБ дахь өөрийн найз Веньямин Русаевт өгсөн боловч цаадах нь Брежнев рүү илгээж чадаагүй байна. Хожим Русаев тэргүүтэй тэрхүү тайланг харсан бүх хүнийг тушаал бууруулж, ажлаас нь халж, эсвэл Сибирьт цөлсөн байдаг.
Нислэг болоход сар гаруй хугацаа үлдээд байх үед Комаров үүнийг хойшлуулна гэж бүтэхгүй зүйл болохыг ойлгожээ. Тэрээр Русаевтай уулзаж "Би энэ нислэгээс буцаж ирэхгүй" хэмээн хэлсэн байдаг.
Русаев түүнээс "Тэгвэл яагаад татгалзаж болохгүй гэж?" хэмээн асуухад "Хэрвээ би нисэхгүй бол тэд нөөцний нисэгчийг илгээнэ. Тэр бол Юрий. Миний оронд түүнийг үхэл рүү нь илгээнэ гэсэн үг. Бид Гагаринд санаа тавих хэрэгтэй биз дээ" хэмээн нулимс дуслуулан өгүүлжээ.
Ингээд 1967 оны 4-р сарын 23-нд Комаровын суусан "Союз-1" хөлөг дэлхийгээс хөөрсөн байна. Тэр үед байсан сэтгүүлч Ярослав Головановын дурссанаар Гагарин сансрын буудал дээр ирж, нисэгчийн хувцас өгөхийг шаардаж, тэр ч байтугай хөлөг рүү дайран орж найзыгаа гаргахыг оролдсон ажээ.
"Союз-1" хөлөг дэлхийн тойрог замд дөнгөж ортол эхнээсээ эвдрэл, саатлууд гарч эхлэв. Антенн бүрэн дэлгэгдээгүй, цахилгаан доголдсон, чиглүүлэгч буруу ажилласан гэх мэт асуудлууд гарсан тул дараа өдрийн хөөргөлтийг цуцалсан байна. Гэхдээ хамгийн харамсалтай нь Комаровын эх дэлхийдээ эрүүл саруул буцаж ирэх магадлал бараг үгүй болжээ.
Энэ үед Америкийн тагнуулууд тэднийг сонсож байлаа. Истанбулын ойролцоох АНУ-ын агаарын баазад байрлаж байсан агентууд "Союз-1" хөлөгт ямар нэг зүйл буруудсаныг мэдсэн ч яг юунаас болсныг нь сонсож чадаагүй байна. Харин Комаров дэлхий дээрх удирдах төвтэй холбогдон өөрийгөө үхэх гэж байгааг хэлсэн нь сонсогджээ. Мөн ЗХУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Алексей Косыгин түүнтэй уйлан ярьж, баатар хэмээн магтаж байв. Комаров эхнэртэйгээ мөн холбогдож, хүүхдүүддээ хэлэх үгээ дамжуулж байжээ.
Сансрын хөлөг удалгүй унаж эхлэхэд шүхэр нь дэлгэгдээгүй бөгөөд Комаров амь тэмцэн орилж хашхирч, өөрийг нь ийм байдалд оруулсан хүмүүсийг харааж байсныг Америкийн тусгай албаны ажилчид сонссон байна.
Комаровын оршуулгыг төрийн хүндэтгэлд зохион байгуулсан юм. Ослын дараа түүний биеэс зөвхөн өсгийн ясны хэлтэрхий бүтэн үлдсэн байжээ.