Охиныг Жоси гэдэг бөгөөд өөрийг нь байгаа чигээр нь хүлээн авч, хайрлаж чадаагүй хуучин найз залуугаа хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ харамсаасай гэж хүссэн гэнэ. Жоси найз залуудаа хаягдах үедээ 137 кг жинтэй байжээ.
Гурван жил үргэлжилсэн тэдний үерхэл Жосигийн хуучин найз залуугийн хатуу үгээр дуусгавар болж, түүнд сэтгэлийн шарх үлдээсэн байна. Шинэ жилийн баярын дараахан залуу түүний тарган бие, байгаа байдлыг харахаас дургүй нь хүрч байна гэж хэлээд, орхиод явсан аж.
Толинд өөрийнхөө тусгалыг олж харахаас ч гутрах болсон тэрээр хэсэг хугацаанд тэнгэр хөмөрсөн мэт харанхуйд гуниглаж амьдарсан байна.
Гэвч Жоси бууж өгөхийг хүссэнгүй. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг хослуулан жингээ хаяхаар зориг шулууджээ.
Багагүй хичээл зүтгэлийн хүчээр хүссэн үр дүндээ хүрч эхэлсэн боловч тэр төдийлөн сэтгэл ханаагүй аж.
Шантрах мөчүүд түүнд олон тохиолдож байсан хэдий ч зорьсондоо хүрэхийн тулд шаргуу тэмцэж чадсан байна.
Жоси 70 кг болтлоо эрүүлээр жин хаясан бөгөөд тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээ бүхнийг ялна гэдэг үгийг өөрийн биеэр мэдэрсэн гэнэ.
Мөн тэрээр "Бид өөрсдийн биеийг ямар ч нөхцөлгүйгээр хайрлах ёстой. Таны арьс унжсан ч бай, гуя тань нарийн эсвэл бүдүүн ч бай хамаагүй. Таны үзэн яддаг бүх зүйл бусдаас ялгарах зөвхөн таны онцлог болж байгаа гэдгийг хэзээ ч битгий мартаасай гэж хүсэж байна. Би хуучин найз залуугаасаа хариугаа авахын тулд жингээ хаяж эхэлсэн ч энэ хугацаанд би олон зүйлийг ухаарч чадсан. Миний хичээл зүтгэл бүхэн зөвхөн өөрийн минь л эрүүл мэнд, өөртөө итгэх итгэлийн төлөө байсан." хэмээн бичсэн байв.