1
Амтат шарвин
Орц:
- 1 аяга гурил
- 2 халбага цагаан элсэн чихэр
- 2 халбага сода
- 1 халбага давс
- 1 өндөг
- 1 аяга сүү
Хийх арга:
Өндөгөө хутгаад сүү, давс, сахар зэргээ нэмээд сайтар холино. Үүн дээрээ гурил болон содаа нэмж хийгээд бөөн гурилгүй болтол нь сайтар хутгана. Миксер хэрэглэсэн ч болно.
Хайруулын тавгаа сайтар тослож халаагаад зуурмагнаасаа бага багаар тасалж авч хийгээд, өөрөөр нь эргүүлж тарааж 2 талаар нь хайрна. Сүүлийн үеийн наалддаггүй хайруулын тавганд тосгүй шууд шарж болно.
2
Карбонара шпагетти
Орц:
- 220 гр Шпагетти гоймон
- 2 том өндөг
- 50 гр үрсэн пармезан бяслаг
- 150 гр жижигхэн дөрвөлжилж хэрчсэн гахайн мах
- 4 хумс сармис, жижиглэж хирчсэн
- Давс, перц хүссэн хэмжээгээр
- 2 цайны халбага жижиглэсэн шинэ яншуй навч
Хийх арга:
Эхлээд бага зэрэг давстай, буцалж буй усанд гоймонгоо чанаж бэлтгэнэ. Үүнээс 1/2 аяга буцалсан усыг нөөцөлж авна. Тэр хооронд жижиг саванд өндөг, пармезан бяслаг, сармисаа хийгээд холино.
Том хайруулын тавгийг дунд зэрэг галаар халаана. 6-8 минутын турш гахайн махаа хүрэн болтол нь шарна. Сармисаа дээрээс нь хийгээд 1 минут хутгасны дараа галыг хамгийн бага хэмжээнд хүртэл зөөлрүүлнэ. Гоймон дээрээ өндөгний хольцыг хийгээд зөөлөн холино. Дараа нь давс, перцээр амтлаад, нөөцөлж авсан гоймонгийн усыг бага багаар нэмээрэй.
3
Тахианы сэндвич
Орц:
- Урт сэндвичний талх эсвэл багет
- Тахианы цул мах - 2 том хэсэг
- Терияки соус - 2 х.х
- Моццарелла бяслаг - Хагас аяга
Хийх арга:
Тахианы махаа эхлээд хайруулын тавганд шарж бэлтгэнэ. Шарсан махыг терияки соусаар амтлаад талхандаа хавчуулна. Зай завсрыг нь бяслагаар ахиухан дүүргээд 240 хэмд халааж бэлдсэн шарах шүүгээ рүү хийнэ. Бяслаг хайлж, талхны зах нь борлож эхлэх үед сэндвичээ гаргана.
4
Шоколадан мусс
Орц:
- 65 гр цөцгийн тос
- 150 гр шоколад
- 2 өндөгний шар
- 5 өндөгний цагаан
- 35 гр элсэн чихэр
- 50 гр сливки цөцгий
- гүзээлзгэнэ эсвэл хайлуулсан шоколад
Хийх арга:
Цөцгийн тос болон шоколадыг халуун ууран дээр хайлуулаарай. Өндөгний шарыг нэмж, цөцгийн тос болон шоколадаа хамтад нь хутгана. Өндөгний цагааныг элсэн чихэртэйгээ хамт хөөсөртөл нь миксердээрэй. Дээр нь сливки цөцгий хийгээд сайтар хутгана.
Ингээд хэвэнд хийж хөргөгчинд 2 цаг байлгах хэрэгтэй. Ширээн дээр тавихын өмнө жимс эсвэл шоколадаар чимэглэнэ.
5
Гэртээ хийсэн "Bounty' чихэр
Энэхүү амттанг гэртээ хийхэд маш амархан, танд ердөө дараах гурван орц л хэрэг болно.
- Сүүтэй эсвэл хар шоколад - 2 хавтгай
- Чихэргүй нунтаг кокос - 3 х.х
- Өтгөрүүлсэн сүү - 1 лааз
Эхлээд нунтаг кокос болон өтгөрүүлсэн сүүг саванд хольж нэлээн өтгөнөөр зуурна. Дараа нь хүнсний цаас дэвсэж бэлдсэн хавтан дээр кокосын зуурмагаа жижиг хэсгүүдэд хувааж тавиад хөлдөөгч рүү хийнэ.
Кокос хөлдөж байх хооронд шоколадаа хайлуулах хэрэгтэй. Халуун усанд савтай нь байрлуулах эсвэл богино долгионы зууханд хийж хайлуулах аргууд бий. Дараа нь хөлдүү кокоснуудаа шоколаданд дүрж аваад дахин хүйтэн газар байлгах хэрэгтэй. Шоколад хатуурсны дараа таны "Баунти" бэлэн болно!
6
Шоколадтай брауни
Орц:
- 450 грамм хар шоколад;
- 400 грамм элсэн чихэр (бор элсэн чихэр илүү тохиромжтой);
- 170 грамм цөцгийн тос;
- 1 аяга гурил;
- 30-50 мл хар кофе;
- 6 өндөг;
- Хагас цайны халбага давс;
- Хагас цайны халбага ваниль.
Хийх арга:
Шоколадаа гараараа хугалаад дараа нь хутгаар сайн жижиглэнэ. Шоколад хайлуулах савныхаа ёроолыг ургамлын тосоор сайтар тослоно. Дараа нь шоколадтай саваа буцалж буй усан дээр тавиарай. Ингэхдээ шоколадтай саваа усанд хүргэж болохгүй. Шоколадыг буцалж буй усны халуун ууранд хайлуулснаар савандаа наалдахгүй байх давуу талтай юм. Хайлж байгаа шоколадаа байн байн хутгахаа мартуузай.
Бүх өндгөө хагалж элсэн чихрийн хамт хутгаарай. Дараа нь давс ба ванилаа нэмж хийгээд дахин хутгана. Хэрэв та хэдийн холимогоо хангалттай сайн холигдсон гэж бодож байгаа бол аажмаар хайлуулсан шоколад дээрээ нэмээрэй. Эцэст нь бүгдийг нь модон халбагаар задартал нь хутгана.
Дараа нь кофег зуурмаг дээрээ хийхэд л болно. Эцэст нь гурилаа бага багаар хийж зуурмаг болтол нь хутгаарай. Шоколадтай зуурмагаа хүссэн хэвэндээ оруулж 180 хэмийн халуунтай зууханд 20 минутын турш жигнэнэ.