Морисын Дэлхийн 1-р дайны өмнөх амьдралын талаар хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Тэрээр 1897 онд өнөр өтгөн гэр бүлд төрсөн ба түүний аав нь бордооны компанийн эзэн байсан боловч бизнес нь дампуурчээ. Улмаар тэдний гэр бүл байшингаа түрээсийн байр болгон ашиглаж, ам зуух болов. Хөрөнгө санхүүгийн байдал нь доройтсон ч Морис азаар сургуульд сурч, боловсрол эзэмшжээ.
Дэлхийн нэгдүгээр дайн ид өрнөж байхтай зэрэгцэн тэрбээр сургуулиа төгссөн тул зарлан дуудах хуудас авч, цэрэгт мордсон юм. Гэвч тэрээр эрүүл мэндийн шалтгаанаас болж дайны фронт руу яваагүй бөгөөд Баварийн их бууны хороонд томилогдсон ч байлдаанд оролцоогүй байна. Морис уцаартай нэгэн байсны хажуугаар улсаа ялагдал амссанд халаглаж байв.
Гэтэл санаанд багтамгүй явдал 1919 оны 11-р сарын 19-нд болсон юм. Мюнхений нэгэн жижиг уушийн газарт Германы Ажилчдын Намын шинэ гишүүн Адольф Гитлер үг хэлэхийг сонссон Моррис ирээдүйн удирдагчийн гал цогтой үгэнд автаж, 100 хүрэхгүй гишүүдийнх нь эгнээнд элссэн байна. Ингэж тэдний холбоо үндэс сууриа тавьсан юм. Тэд нийтлэг үзэлтэй байсан төдийгүй нэг гудамжинд амьдардаг хөршүүд байжээ.
1921 онд Морис Гитлерийн хувийн жолооч, бие хамгаалагчийн алба хашиж эхлэв. Чухамдаа Морис Гитлерийг газар сайгүй дагалдаж, намын хамгийн нарийн ширийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн байна. Гитлерийг "чи" гэж дуудах эрхтэй цорын ганц хүн бол Эмил байв. Гэвч 1928 онд тэдний харилцаанд ан цав үүссэн аж. Үүний шалтгаан Морис Гитлерийн үеэл дүү болох Гели Раубалд дурласнаас үүджээ.
Тэд 1924 оны хавар танилцсан ч тухайн үед Морис хэдийнээ 27 настай байсан бол охин 16-тай байв. Гитлер үеэл дүүдээ ихээхэн анхаарал тавьдаг байсан тул хосууд харилцаагаа Гитлерээс бүхэл бүтэн гурван жилийн турш нууцалжээ. Эцэст нь хосууд нуугдахаас залхаж, бүхнийг илчлээд удирдагч Гитлерийн хатуу эсэргүүцэлтэй тулгарч, хожим нь аргагүй эрхэнд салсан байна.
Хүний хувийн амьдралыг хөндлөнгийн хүн зааварлах ёсгүй гэж үзсэн Морис намынхаа эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэлээд их хэмжээний мөнгө салгаж чаджээ. Түүний энэ үйлдлийг Гитлер урвалтад тооцож намаас хөөсөн юм. Үүнээс хойш Морис бугуйн цаг зарж, өөрийн дэлгүүрээ нээснээр улс төрийн карьераа дуусгасан аж.
1933 онд Нацист нам амжилтанд хүрч, Гитлер Германы канцлераар томилогдов. Үүнтэй бараг нэгэн зэрэг тэрээр өрсөлдөгчдөө хэлмэгдүүлж эхэлжээ. Морис амь амьдралаа алдах дөхсөнөө мэдэрч, хуучны найзтайгаа уулзахаар цаг товлосон байна. Хуучин цагийн нөхөрлөл нь үл ойлголцлыг арилгахад тусалсан бөгөөд шинэхэн канцлер ч өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрсөн аж (Гели 1931 онд авга ахынхаа хэт хатуу занг тэсвэрлэж чадалгүй амиа хорлосон). Ийнхүү тэд эвлэрч, Морис намын гишүүнчлэлээ сэргээсэн байна.
Гэвч Гитлерийн хамтрагчид хуучин найзыг нь эргэн ирэхэд баяртай байсангүй. Ялангуяа намын удирдагчдын нэг Хенрих Химмлер Морисын угсаа гарлаас болж, түүнд онцгой дургүй байжээ. Морисын өвөг эцэг Чарльз Морис Шварценбергер хэмээх еврей хүн байсныг олж мэдсэн тэрээр Морисыг далд оруулахаар Гитлерт олзуурхан мэдээлэв. Химмлер энэ үйлдлээрээ Морисоос салж чадна гэж итгэсэн ч түүний тооцоолол бүтэлгүйтэж хоцорчээ. Хуучны нөхөртөө үнэнч Гитлер Морис болон түүний гэр бүлийнхнийг аюулгүй үлдээснээр барахгүй, ах нарыг нь намын гишүүн болохыг зөвшөөрсөн юм.
Дайны үеэр тэрээр Германд үнэнчээр зүтгэсэн бөгөөд 1945 оны 5-р сард Америкийн сөрөг тагнуулын ажилтнуудад баривчлагджээ. Нацист хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг гэхэд түүнд хөнгөн ял буюу 4 жил албадан ажил хийх шийтгэл оноосон байна.
Түүнд бага шийтгэл оноосны шалтгаан нь Морисыг ноцтой гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баттай баримт байгаагүйтэй холбоотой юм. Тэрбээр өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж өмгөөлж, нацистуудын үзэл суртал буруу байсан хэмээн эцсээ хүртэл гүрийсэн байдаг. Мөн Морис еврей гаралтай байсан учир шүүгч нар түүнийг төдийлөн шахаж буруутгаагүйн дээрээс Морисыг 1928 онд намынхаа үзэл суртлын эсрэг шүүхэд шүүхэд гомдол гаргасан нь ил болж, "харж үзэх" үндэс болсон юмсанж.
Тэрбээр 1972 онд хорвоогийн жамаар нас баржээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг цагны дэлгүүрт ажиллаж гэр бүл, эхнэр, хүүхдүүдийн хамт өнгөрөөсөн юм.