Амьтанд хайртай залуус гэмтсэн тоть олоод Бразилийн Планура хотын захиргаанд хандсан байна. Шувууны хошуу нь маш их гэмтэж, бараг л байхгүй болсон байжээ. Хошууныхаа тусламжтай шувуу хооллож, хөдөлж, өөрийгөө хамгаалдаг тул түүний хувьд хамгаас чухал эрхтэн юм. Гэтэл энэхүү тоть тусламж авахаас хэдийн оройтсон мэт үхэхдээ тулсан байсан ч хүмүүс ямар ч аргаар хамаагүй аврахаар шийдсэн байна.
Тахир дутуу болсон хөөрхий тотийг Планура хотын захиргаа дахь Renascer ACN амьтдыг нөхөн сэргээх төвд хүргэв.
Планур дахь уг төв нь гэрийн болон зэрлэг амьтдын аль алинд нь хүнд бэртлийн дараа сэргэж, тэнхрэхэд нь тусалдаг.
Сэргээн засах төвийн малын эмч Мариа Анжела Панелли Марчио бол Бразилын хамгийн сайн мал эмнэлгийн ортопедистуудын нэг бөгөөд хүнд гэмтэл авсан амьтдыг хуванцар протезийн тусламжтайгаар нөхөн сэргээх арвин туршлагатай юм. Ийнхүү тэрбээр гэмтсэн тотинд хиймэл хошуу хийхээр шийджээ.
Гэвч тэдний ажил бодит хэрэг дээрээ маш хүнд байлаа. Учир нь хиймэл хошуу шувууны жинхэнэ хошуу мэт харагдахаас гадна үндсэн үүргийг нь ч мөн гүйцэлдүүлэх боломжтой байх ёстой.
Шувуунд хэмжилт хийж, хошууг протезээр нөхөх замаар ажилбарт бэлтгэсэн байна.
Ингээд хиймэл хошууг синтетик винил полимерээр хийсэн аж.
Эхлээд доод хэсгийг суулгав.
Бэлтгэсэн хошуу азаар түүнд яг таарсан байна.
Малын эмч нар протезийн дээд хэсгийг бэхлэхийн тулд хоёр төмөр тээглүүр суурилуулсан аж.
Үүний үр дүнд хиймэл эрхтэн нь бараг шувууны төрөлх хошуунаас ч бат бөх болжээ.
Тотины биеийн байдал ч сайжирсан байна.
Одоо энэ тоть энгийн амьдралаа үргэлжлүүлж чадахаар болжээ.
Гэвч малын эмч нар шувууг эрсдэлд оруулахгүйн тулд зэрлэг байгальд буцаахгүй байхаар шийдсэн байна. Тэд шувууг хүмүүсийн хяналтан дор амьдрах нь илүү аюулгүй байх болно гэж үзэж байгаа аж. Мөн энэ бол Бразил дахь хошууны протезийн анхны туршлага болж байгаа тул судлаачид шувууг хяналтандаа байлгахыг илүүд үзсэн байна.
Түүний аврагчид мэс засал амжилттай болсонд маш их баяртай байгаа бөгөөд хүнд хэцүү өвчтнүүдийг, тэр дундаа хиймэл эрхтэн хийлгэх ажлыг үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.