"Нүдтэй байгаа дээрээ..." - Хараагүй болсон ах дүү хоёрын сэтгэл хөдөлгөм аяллын түүх

2020-01-16, 15:43
5,579

"Хороидерми" өвчтэй ах дүү Тод, Жастин (Tod and Justin Purvis) нарын хувьд хорвоо ертөнцийг амжиж харна гэдэг амьдралынх нь цор ганц зорилго болон хувирчээ. Энэ нь удамшлаар дамждаг Х хромосомын генийн өөрчлөлттэй холбоотой ховор төрлийн өвчин бөгөөд аажмаар хараа муудсаар бүрэн сохордог байна. Нэгэнт ийм өвчтэй болохоо мэдсэн ах дүүс бүр мөсөн хараагүй болохоосоо өмнө дэлхий ертөнцийн сайхныг амжиж харахаар шийдэж, аялалд гарчээ. Хүнд өвчин туссаны дараа амьдралын харах өнцөг хэрхэн өөрчлөгдөж буйг бие сэтгэлээрээ туулж яваа ах дүү хоёрын зүрх шимшрэм түүхийг та бүхэнтэй хуваалцъя.

"Нүдтэй байгаа дээрээ..." - Хараагүй болсон ах дүү хоёрын сэтгэл хөдөлгөм аяллын түүх

38 настай Жастин, 43 настай Тодын хараа муудах явц бүр хүүхэд байхаас нь эхэлсэн бөгөөд 30 гарснаас хойш эрс муудаж эхэлжээ. Эр хүнд ганцхан Х хромосом байдаг учраас тухайн өвчнөөр ихэнхдээ эрчүүд өвчилдөг. Одоогийн байдлаар эл өвчнийг эмчлэх боломжгүй гэж үздэг боловч Британийн эрдэмтэд энэ оны эхээр генийн эмчилгээ ашиглан зургаан хүний харааг сэргээж чадсанаар уг төрлийн өвчтэй хүмүүст итгэл найдвар төрүүлсэн байна. 

Хороидерми нь үзэгдэх орчинг бүхэлд нь харах, бүдэг орчинд юм харах, харааны гүн, өнгө ялгах зэрэг чадварыг гэмтээж яваандаа бүрэн сохроход хүргэдэг өвчин юм. Иймд удахгүй хараагаа бүр мөсөн алдахаа ойлгосон ах дүүс 2010 онд АНУ-ын хамгийн сайхан газруудын жагсаалтыг гаргаж, даруй аялалд гарах бэлтгэлээ хангаж эхэлсэн байна. Муухан ч гэсэн хараатай байгаа дээрээ байгалийн сайхныг амжиж харахыг тэд зорьжээ. 

38 өдрийн аялалд ах дүү хоёрыг даган зураг авалтын баг явсан бөгөөд сүүлд "Driving Blind" хэмээх энэ аяллын тухай кино хийсэн байна.

“2008 онд хараа муудаж эхлэх үед би сэтгэл санаагаар маш их унасан. Ажлаа тарж ирээд гэртээ ганцаараа удаан гуниглан суудаг байлаа. Харин одоо бол би гадагш гарч аль болох олон юм үзэж хармаар байна” хэмээн Лос Анжелест амьдардаг Том ярьсан юм. 

Энэ аялал өөрийг нь гэрээс нь гаргаж, өдөр болгон шинэ юм үзэх боломж олгож, амьдралыг өөр нүдээр харах, илүү өөдрөг үзэлтэй болоход нь тус болсон тухай тэрээр мөн ярьжээ. 

Эрүүл хүн үзэгдэх орчныг бүхэлд нь хардаг бол одоо ах дүү хоёрын хараа “хонгилын хараа” хэмээх аливаа юмны зөвхөн төв хэсгийг хардаг тэр үедээ хүрч хүндэрсэн байна.

“Энэ бол яг л урт хонгил харж байгаа мэт: хонгилын цаад үзүүрт гэрэл байхыг харах ба  хонгил маань яг л толиор бүрхсэн дотортой мэт. Яг л статик калейдоскоп-оор харж байгаа юм шиг.. Харж байгаа зүйлийн зарим хэсэг огт байхгүй мэт харагдах ба тархи харин энэ хоосон орон зайг нөхөх гэж миний мэддэг өнгө будаг нэмэх мэт байдаг” хэмээн Том тайлбарлажээ. 

Нью-Йоркоос Лос Анжелес хүртэл АНУ даяар аялсан энэ аяллаараа ах дүү Первисүүд Аризона дахь Гранд-Каньон, Вайоминг дахь Чөтгөрийн Байшин, Йеллоустоны Үндэсний хүрээлэн, Ниагрын хүрхрээ зэргийг үзжээ. Тэд 2000 гаруй км замыг автомашинаар туулахдаа Тод машинаа барьж явсан бөгөөд түүний хараа одоогоор 50 хувийн чадвартай байгаа юм. Харин Жастины хувьд энэ тоо ердөө 15 хувь болсон байна.

АНУ-аар аялсан энэ аяллын дараа Жастин Пурвисыг албан ёсоор сохор хүн гэж тооцох болжээ.

“Бид урьд өмнө үзэж харж байгаагүй газруудаар аялж, тэр сайхан дүр зургийг тархиндаа сайтар хадгалж үлдэхийг аяллын турш хичээж явсан" гэж тэд ярьжээ. 

Тод Жастин нар  хүүхэд байхдаа аялж байсан Гранд-каньонд хамгийн сүүлд очсон байна. “Энэ удаа Гранд-Каньон илүү том, өндөр санагдсан бөгөөд дахиж энэ газрыг харахгүй болохоор тэгж санагдсан байж ч болох юм”.

Тэд аяллынхаа дараа гэртээ суугаад байхгүй гэж ярьж, зөвхөн алдартай сайхан газар, музей төдийгүй бүх дэлхийг харахыг хүсэж байгаа аж. 

Тод цаашдаа Аляскаар аялах төлөвлөгөөтэй байгаа ба саяхан тэрээр эхнэртэйгээ цуг Галапагосын арал дээр очсон байна.  “Дахин эхнэрийнхээ царайг харж чадахгүй гэдгээ мэдэх ямар хэцүү зүйл гээч“ хэмээн тэрээр санаа алдав. 

Тэд нэгэн цагт таг харанхуй орчинд амьдарч эхлэх бөгөөд одоо тэд харж чадаж байгаа дээрээ харж болох бүх л зүйлийг харж авах гэж шунамхайран байгаа нь энэ.

Амьдралынхаа хором мөч бүрийг хайрлаж, түүнээс таашаал авч байх хэрэгтэй. Энгийн үед байдаг л зүйл мэт санагдах зүйлсийг ч хайрла. Учир нь биднийг юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Яг одоо болж буй бүхэн, яг одоо байгаа бүхэн л таны хувьд хамгийн чухал гэдгийг хэзээ ч битгий мартаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()