Энэхүү төслийг “Хүний гараар бүтээсэн агуу гол” хэмээн нэрлэж, ЮНЕСКО-д хүлээн зөвшөөрүүлсэн байна. Усны хомсдолд орох аюулд үргэлж нэрвэгдэх аюултай байдаг Ливи бол манай гарагийн хамгийн хуурай орны нэг юм. Нийт нутгийн 5 хувь нь л тариалан эрхлэх боломжтой хэмжээний бороо ордог. Ливийн хотууд нэгэн цагт тэнгисийн усыг давсгүйжүүлэх үйлдвэр барьж байсан нь Газар дундын тэнгисийн эрэгт байдаг. Гэхдээ зөвхөн ахуйн хэрэгцээнд ашигладаг байсан энэхүү ус олборлолт нь маш үнэтэй тусч байжээ. Бусад хэрэгцээн, ялангуяа газар услахад ашиглах нөөц огт байхгүй байв.
1969 онд Муаммар Каддафи засгийн эрхэнд гарахдаа Ливийг бие даасан улс болгож, хүнс үйлдвэрлэгч орон болгох мөрөөдөлтэй байв. Тийм ч учраас тэрээр тус улсын өмнөд хэсэгт орших Сахарын цөлөөр ус тээвэрлэн ган гачигт нэрвэгдсэн Ливийн бүх хотуудад хүргэх томоохон төслийг эхлүүлжээ. Ливийн өмнөд хэсэгт 1953 онд нефтийн шинэ орд илрүүлэх хайгуул хийж байх үед ус олдсон байна. Сахарын элсний доор цэвэр устай хэд хэдэн усан сан нуугдсан байдгийн нэг нь энэ байв. Сахарын цөл үүсэхээс өмнө тухайн нутагт сэрүүн уур амьсгалтай байсан бөгөөд энэ үед тухайн усан сан бүрэлдсэн байжээ. Энэ усыг улс даяар тараах нь Каддафийн хамгийн том төсөл болсон юм.
Тэрээр дөчин жил жилийн турш улс орноо удирдахдаа газар доогуур гол урсгах замаар Ливичүүдийг тасралтгүй усаар хангаж чадсан юм. Эхэндээ Каддафи хөдөө аж ахуйн бүхий л төслүүдийг тус улсын өмнөд хэсэг буюу ус олдсон Сахарын нутаг руу шилжүүлэхээр төлөвлөж байв. Гэхдээ мэдээжийн хэрэг Ливийн бүх хүмүүс энэ төлөвлөгөөг зөвшөөрөөгүй, учир нь тэдний ихэнх нь тус улсын хойд хэсэгт, Газар дундын тэнгисийн эрэг дээр байдаг хотуудад амьдардаг юм.
Тиймээс хүмүүст ус хүргэх томоохон төсөл эхлүүлэхээр Каддафи шийдсэн байна. Каддафи ерөнхийлөгч болмогцоо газрын тосны бүх олборлолтыг улсын өмчлөлд оруулсан бөгөөд үүнээс олсон орлогыг иргэдийн хэрэгцээ, орон сууц барих, эрүүл мэндийн үйлчилгээнд чиглүүлдэг байв. Орлогын нэг хэсэг нь мөн "Хүний гараар бүтээсэн гол" -ийг бүтээхэд зарцуулагджээ. 1984 онд Аль-Бурайкт хоолой үйлдвэрлэх анхны үйлдвэр байгуулагдсан бөгөөд уг төсөл энд л эхэлсэн аж.
Дөрвөн метрийн диаметртэй хоолойнууд суурилуулах нь тийм ч амар биш байв. Цөлд худаг ухаж эхэлсэн бөгөөд зарим нь хагас км-ийн гүнд хүрч байж цэвэр ус гаргаж байв. Нийтдээ 1300 худаг гаргасан бөгөөд эдгээрээс аварга том усан хангамж бүрдүүлж эхэлсэн байна. Энэ нь Ливийн хамгийн том хотуудыг усаар хангадаг төдийгүй тус хоолой нь 2800 км үргэлжилдэг гэнэ. Үүний хүчинд орон нутгийн оршин суугчид түүхэндээ анх удаа цоргоноос урсдаг устай болсон ба бусад улсын иргэдийн адилаар хувцсаа угааж, шүршүүрт орох боломжтой болсон байна.
Өмнө нь ийм зүйл боломжгүй байсан тул Ливичүүдийн амьдралын чанар өөрчлөгдөж, эрс сайжирсан юм. Төслийг бүхэлд нь таван үе шатанд хуваасан бөгөөд эцсийн үе шат дуусахад хүний гараар бүтсэн гол 4000 км үргэлжилж хэдэн арван мянган га газрыг хамрах ёстой байжээ. Харамсалтай нь, уг төсөл хэзээ бүрэн дуусах нь тодорхойгүй болсон ба 2011 онд Каддафиг нас барсны дараа Ливид эмх замбараагүй байдал ноёрхож, усны нөөцийн төлөөх тэмцэл дуусаагүй байгаа юм. Тус төсөл нь дөнгөж 3 дахь шатандаа явж байгаа ч "Хүн төрөлхтний бүтээсэн агуу гол" нь түүхэн дэх хамгийн том усжуулалтын төсөл болж, Гиннесийн дээд амжилтын номд хүртэл бичигджээ.