Аварга улаан одны мөхөл дэлхийн амьдралд нөлөөлөх үү?

Аварга улаан одны мөхөл дэлхийн амьдралд нөлөөлөх үү?

Шөнийн тэнгэрийн баруун хаяанд тод гялалзах цувраа гурван од бол эрт үеэс нүүдэлчин монголчуудын цаг хугацааг баримжаалах хэрэгслүүдийн нэг болж үлгэр домогт ч тусгалаа олсон байдаг Гурван марал (Orion) од юм. Эдгээр оддын баруун дээд талд байрлах тод улаан одыг Бетельгейз (Betelgeuse) гэх бөгөөд дэлхийгээс 640 гэрлийн жилийн зайд байрлах энэ аварга улаан од мөхлийнхөө сүүлийн шатанд шилжиж тун удахгүй асар их хүчээр дэлбэрэх гэж байна. Бетельгейзийн гадаргын температур 3800 хэм боловч хэмжээний хувьд нарнаас 1000 дахин том юм.

Энэ одны гэрэл тодорч бүдгэрэн, гэрэлтэлтийн хэмжээ өөрчлөгддөг шинж чанар нь дээр үеэс эрдэмтдийн сонирхлыг татсаар иржээ. Түүнийг английн одон орон судлаач Жон Хершел анх ажиглаж эхэлсэн байдаг. Тэрээр оддыг гэрэлтэлтийн хэмжээгээр ангилахыг оролдож ажиглалт хийж байх явцдаа Бетельгейзийн гэрэлтэлт тогтмол өөрчлөгдөж байгааг илрүүлжээ. 1836 онд хийсэн түүний ажиглалтаар гэрэлтэлтийн ангиллын 3-р түвшинд байсан бол 8 сарын дараа хамгийн тод гэрэлтэлттэй болж байжээ.

Түүнээс хойш 80-аад жилийн дараа америкийн физикч Алберт Мичилсон гэрэлтэлтийн өөрчлөлт нь одны овор хэмжээ өөрчлөгдөж байгаагаас шалтгаалж байна хэмээн таамагласан байна. Тэрээр гэрэл ойлгогч хос толь бүхий сансарын дурангийн тусламжтайгаар хэмжилт хийж уг одны хэмжээг нарнаас 300 дахин том гэж зарласан боловч гэрэлтэлтийн өөрчлөлтийн нууцыг тайлж чадаагүй юм. Харин энэ нууц 40 жилийн дараа хийгдсэн судалгаагаар тодорхой болжээ. Бетельгейзийн гадарга болон гүний хооронд шилжин хөдлөх хийн урсгалын халж тэлэх, хөрч агших хөдөлгөөний нөлөөгөөр түүний овор хэмжээ 7 орчим хувиар ихэсч багасдагаас гэрэл нь тодорч бүдгэрч харагддаг байна.

Мөн нарийвчилсан шинжилгээгээр уг одны диаметрийг 1 тэрбум 400 сая км буюу нарнаас 1000 дахин том гэдгийг тогтоожээ. Үүнийг нарны аймагтай харьцуулж үзэхэд дэлхийн тойрог замын диаметрээс ч давж Бархасбадь гаригийн тойрог замд дөхөж очдог нь ямархуу аварга хэмжээтэй вэ гэдгийг төсөөлөхөд дөхөм болох юм. Харин сүүлийн үеийн судалгааны үр дүнд эрдэмтэд Бетельгейзийг мөхлийн сүүлчийн шатандаа аль хэдийн орж, дэлбэрэх магадлал 99.9%-д хүрсэн гэж үзэж байна.

 

 

Токио их сургуулийн профессор Номото Кэничигийн удирдсан судалгааны хэсэг шинжлэх ухааны үндэслэлтэй онолын судалгаанд үндэслэн Бетельгейзийн дэлбэрэлтийн үеийн өнгө, хэлбэр, гадаргын хэм хэрхэн өөрчлөгдөхийг тогтоосон байна.

 

 

 

 

 

Одны мөхлийн эхний шатанд температур эрс нэмэгдсэнээс өнгө нь улаанаас хөх болж хувирна. 1 цагийн дараа дэлбэрэлт эхэлж шөнийн ямар ч одноос илүү тод гэрэлтэн, энгийн нүдээр анзаарагдах хэмжээнд хүрнэ.

Дэлбэрэлт эхэлснээс хойш 3 цагийн дараа гэрэлтэлт эрс нэмэгдэн тэргэл сарнаас 100 дахин хурц гэрлээр гялбуулж энэхүү гэрэлтэлт 3 сарын турш үргэлжилнэ. Дэлбэрэлтийн сүүлийн мөчид одноос үлдсэн хийн мананцар түүний ойр орчинд тархана. 4 сарын дараа температур аажим буурч одны өнгө хөхөөс улбар шар болж хувирна. Дараа нь температур эрс буурч өнгө нь харлаж бүдгэрнэ. 4 жилийн дараа гэхэд Бетельгейзийг энгийн нүдээр харах боломжгүй болох ажээ.

Аварга улаан одны мөхөл хамгийн сүүлд 1604 онд ажиглагдсан бөгөөд Kepler од дэлбэрч дээрхтэй төстэй үзэгдлүүд ажиглагдаж байжээ. Түүнээс хойш 400 жил өнгөрсөн боловч уг одноос үлдсэн мананцар одоог хүртэл сарниж алга болоогүй байна. Сансар огторгуйн энэхүү үзэгдэл сонирхол төрүүлэх боловч нөгөө талаас манай нарны аймагт ямар нөлөө үзүүлэх бол гэсэн болгоомжлол төрүүлдэг. Хэдийгээр дэлхийгээс хэдэн зуун гэрлийн жилийн зайтай боловч сансар огторгуйн орон зайд авч үзвэл энэ нь тийм ч их хол зай биш юм.

Аварга улаан од дэлбэрэлтийнхээ үед асар их хэмжээний цацраг идэвхт гамма туяаг сансар огторгуйд цацаргадаг. Иймэрхүү цацрагийн нөлөө дэлхийн амьдралыг эрс өөрчилж байсан талаархи баримт судалгаагаар олджээ. Дэлхий дээр 440 сая жилийн өмнө амьдарч байсан шавьж хэлбэрийн амьтадын ихэнх нь богино хугацаанд устаж үгүй болсон байна. Харин Америкийн Washburn их сургуулийн сансарын физикч Bryan Thomas тэдгээр амьдатын мөхлийг аварга улаан одны дэлбэрэлтээс үүссэн сансарын туяаны нөлөө гэж үзэж байна.

Тухайн үеийн дэлхийн амьтны ихэнх төрөл зүйл далайн усанд амьдарч байв. Палентологийн судалгаанаас үзвэл далайн эрэг болон усны өнгөн хэсэгт амьдарч байсан амьтад устаж үгүй болсон байна. Брайан сансарын цацраг идэвхт туяа дэлхийд хэрхэн нөлөөлсөнийг тооцоолжээ. Түүний судалгаагаар гамма туяны нөлөөгөөр дэлхийн агаар мандалын озоны давхарга 40 хүртэл хувиар багассан бөгөөд эргэж хэвийн хэмжээнд орох хүртэл 10-аад жилийг зарцуулсан байна. Энэ хугацаанд нарны хэт ягаан туяа агаар мандлыг нэвтэрч дэлхийн амьтадын ДНХ болон уургийн бүтцэд гэмтэл учруулснаар тэдгээрийг мөхөлд хүргэсэн бол хэт ягаан туяа нэвтрэх боломжгүй далайн ёроолын амьтад амьд үлдэж чаджээ.

Харин Бетельгейзийн дэлбэрэлт дэлхийн амьдралд нөлөөлөх эсэх талаархи нарийвчилсан судалгааг эрдэмтэд хийж одны дэлбэрэлтийн үед түүний эргэлтийн тэнхлэгийн дагуух 2 хэмийн орон зайд л гамма цацраг тархадгийг тогтоожээ. Хабл дурангийн тусламжтай хийсэн ажиглалтаар дэлхий Бетельгейзийн эргэлтийн тэнхлэг буюу цацрагын тархалтын чиглэлээс 20 хэмээр зөрсөн байрлалд байгааг батласан байна. Хэдийгээр дэлбэрэлтээс үүсэх гамма туяа дэлхийд амьдралд нөлөөлөхгүй нь тодорхой болсон боловч бусад хэлбэрээр аюул занал учруулж болохыг үгүйсгэхгүй байгаа юм.

Эцэст нь Бетельгейзийн дэлбэрэлт яг хэзээ болох гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Дээр дурдсанаар дэлбэрэх магадлал 99.99%-д хүрээд байгаа, тун удахгүй дэлбэрнэ гэж үзэж байгаа боловч дэлбэрэлтийн хугацааг яг таг хэлэх боломжгүй. Магадгүй маргааш дэлбэрч болно, эсвэл 10 мянган жилийн дараа ч байж болно. Нэгэнт дэлхийгээс 640 гэрлийн жилийн зайд байрлах учир аль хэдийн дэлбэрчихээд гэрэл нь бидэнд хүрэх замдаа явж байж ч магадгүй. Юутай ч сансарын энэхүү сонирхолтой үзэгдэл ойрын хугацаанд тохиовол түүнийг ажиглах, улмаар шинэ шинэ нээлтүүд хийх хүсэл одон оронч эрдэмтэдийг эзэмдсээр байна.

Эх сурвалж:  spacedaily

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()