2016 онд Аня Ринггрен Лоуэн (Anja Ringgren Lovén) Нигерид хүмүүнлэгийн ажил хийхээр ирж, сайн үйлсийн байгууллага байгуулж, нутгийн оршин суугчдад идэвхийлэн тусалж байжээ. Тэрээр ажлынхаа явцад өлсгөлөн болон бусад өвчинд нэрвэгдсэн 3 настай бяцхан хүү бараг үхэж байхтай таарсан байна. Түүний тураал болсон хүүхдэд ус уулгаж байгаа зураг дэлхий даяар түгсэн билээ.
Хүүг эмч нарт үзүүлсэн боловч эдгэрэх боломж маш бага гэж үзсэн байна. Гэвч хүү эмч нарын дүгнэлтийг эндүүрэл болохыг баталж амьд үлдэх хувь тавилантай байжээ. Хүүг анхаарал халамж, асаргаа, хоол тэжээлийн тусламжтайгаар хурдан тэнхрүүлсэн бөгөөд түүнийг Хоуп (Итгэл найдвар) хэмээн нэрлэсэн гэнэ.
Тэр цагаас хойш өдгөө 4 жил өнгөрөхөд гудамжинд үхэх дөхсөн хөөрхийлөлтэй хүү мөн эсэхэд эргэлзмээр сайхан өсөж торнижээ. Хоуп одоо сургуульд сурдаг, хөлбөмбөг тоглох, зураг зурах дуртай гэнэ. Аня түүний төрсөн эцэг эхтэй холбоо тогтоохоор 4 жил хичээсэн боловч олж чадаагүй гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Тэрээр хүүгийн төрсөн эцэг эхийг боловсрол дорой болоод нэн ядуу байдал, шашны мухар сүсэг зэргээс үүдэж хүүхдээ хаясан гэж үздэг.
Анягийн байгууллага нийт 300 гаруй хүүхдийг аварч, асран хамгаалдаг бөгөөд тэд бүгд эмгэнэлтэй түүхээр энэ газартай холбогдсон ч сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар эрүүл энх өсөн торниж, сурч боловсорч байгаа юм.