Тэрээр 15 настайгаасаа хойш модноос кокос түүгчийн ажил хийж байсан боловч 18 жилийн өмнө өндрөөс газарт унажээ. Харамсалтай нь, түүний биеийн баруун тал энэ ослоос үүдэж саажсан байна. Аав нь хэвтэрт орсон тул түүний хөвгүүд сургуулиа орхиж, ажил хийж, гэр бүлээ тэжээх шаардлагатай болсон гэнэ. Тэрээр хэвийн амьдралын хэмнэлдээ эргэн орох нь бүү хэл, хөл дээрээ зогсох гэж урт удаан хугацааг хэвтэрт өнгөрүүлжээ.
Олон жилийн эмчилгээ хийсний дараа Саси дахин алхаж, баруун гараа хөдөлгөх чадвартай болсон байна. Гэсэн хэдий ч тэрээр хөдөлмөрийн бүрэн чадамжгүй хэвээр байсан учир дахиж кокосын модонд авираагүй аж. Гэхдээ ямар ч бэрхшээлийг үл харгалзан гэр бүлдээ нэмэр болохыг хүссэн тэрээр нэг л өдөр ойролцоох Тривандрум хот руу явж, сугалааны тасалбар борлуулахаар гурван дугуйт мотоцикль худалдаж авахаар шийдсэн байна. Түүнд нутгийн удирдлагуудын санхүүгийн дэмжлэг л хэрэгтэй байв.
Тэр скутер худалдаж авахаар нутгийн захиргаанд хандсан боловч хариуд нь тэд тусламж үзүүлэлгүй, элэг доог хийсэн байна. Саси энэ асуудлыг шийдэгдэх боломжтой гэсэн цуцашгүй итгэлээр арван жилийн турш хэдэн арван өргөдөл бичиж, бүх хаалгыг нь тогшиж, байшингийнх нь урд зам тавихыг эрх баригчдаас гуйжээ. Гэвч эцэст нь хэн ч түүнд туслалцаа үзүүлсэнгүй. 2013 онд Саси асуудлыг өөрийн хүчээр шийдвэрлэхээр болж, өөрийн гараар зам гаргахаар шийджээ. Түүний ажлын явц эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалж урт хугацаа шаардсан ч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй болохоо хүмүүст батлахыг хүссэн байна.
“Би ажлаа дуусгаад ингэнэ тэгнэ гэж бодоогүй. Би хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байсан. Өдөр бүр би үүрийн 5 цагт ажлаа эхэлж, дараа нь өглөөний 8 цаг 30 минут орчимд зогсдог байлаа. Би 15.30 цагийн орчимд ажлаа үргэлжлүүлж, нар жаргах үед л буудаг байсан.” гэж Саси дурсав.
Шийдэмгий байсан ч тэрээр тун удалгүй асуудлуудтай тулгарч эхэлсэн байна. Дээш өндөрт гарч ажиллаж байснаас тэрээр зээтүүгээ алдаж, тэнцвэрээ хадгалж чадалгүй хэд хэдэн удаа унаж бэртсэн гэнэ.
Мелеттуэтил Сасигийн хийхээр зориглосон зүйлийг сургийг сонсоод нутгийн иргэд түүнээр элэг доог хийж, галзуурлаа зогсоосон нь дээр гэж хэлж байжээ. Гэхдээ тэр энэ бүх доог тохууг үл тоон, ажлаа үргэлжлүүлсээр байсан юм. Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж, зарим хөршүүд нь түүний чин хүслийг ойлгож, доог тохуу хийхийн оронд түүнийг дэмжиж эхлэв. Саси гурван жилийн турш өдөрт дунджаар зургаан цаг ажилласан боловч тэмцэл үүгээр дууссангүй. Өндөр толгодын асуудлыг шийдсэний дараа Саси өөр нэгэн хэцүүхэн дайсантай тулгарсан байна. Тэрээр зам тавихын тулд цахилгааны шонг нүүлгэх хэрэгтэй болжээ.
Гэхдээ үүнийг хийхийн тулд түүнд нутгийн эрх баригчдын тусламж хэрэгтэй байв. Саси энэ ажлыг өнгөрсөн оны сүүлчээс өмнө хийж дуусгасан боловч эрх баригчид шонг зөөвөрлөхөөр яарсангүй. Магадгүй түүнийг үл тоож, дутуу үнэлсэн байж л болох юм. Гэвч түүний түүх цахим ертөнцөд түгсэний дараа олон нийтийн зүгээс ирэх шахалт эрх баригчдыг шонг нүүлгэх зөвшөөрөл олгохоос өөр сонголт үлдээгээгүй юмсанж.
Мөн цахим хэрэглэгчид түүнд гурван дугуйт бэлэглэснээр цуцашгүй хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж, зорьсондоо хүрч чадсан байна.