Өмнөд Солонгосын армийн дүрэмтийг өмссөн тэдгээр цэргүүд хил давж, ерөнхийлөгчдийн суудаг Хөх ордноос хэдэн зуун метрийн зайд иржээ. Гэвч тэдний даалгавар амжилтгүй болж, Америк болон Өмнөд Солонгосын цэргүүдтэй тулгаран удтал буудалцсаны дараа 31 цэрэг байснаас 29 нь алагдсан, эсвэл амиа егүүтгэсэн юм.
Амьд үлдсэн хоёр хүнээс нэг нь Хойд Солонгос руу буцан зугтаж, тэндээ гавьяагаа үнэлүүлэн генерал болжээ. Харин нөгөөдөх нь баригдаж, өршөөгдөж, эцэст нь Сөүлд христийн номлогч болсон байна.
Ерөнхийлөгчийг нь хороох гэсэн Хойдуудын оролдлогын хариуд Өмнөдийнхөн гурван сарын дотор өөрсдийн төлөвлөгөөг боловсруулжээ. Голцуу гэмт хэрэгтнүүдээс бүрдсэн 31 хүний бүрэлдэхүүнтэй багийг цуглуулсны дараа Сөүл "684-р салаа" гэгчийг байгуулжээ. Энэхүү цэргийн салаа нь Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сенийг хороохоор Пёньян орох үүрэг хүлээсэн байна.
Эдгээр хэрэгтнүүдэд даалгавраа биелүүлбэл цалин, ажлын байраар хангана гэж амласан бөгөөд удалгүй тэд Шар тэнгисийн Силмидо арал руу ачигдсан байна.
Тус салааны бэлтгэл үнэхээр хүнд байсан учраас тэдний 20 гаруй хувь нь тус арал дээр нас барсан бөгөөд хожим нь Өмнөд Солонгосын шүүх үүнийг “хүний үндсэн эрхийг зөрчсөн” гэж үзсэн байна.
Гэсэн хэдий ч тэр бүх бэлтгэл эцэстээ ямар ч үр дүнд хүрээгүй. Хоёр Солонгосын харилцаа сайжирсны дараа төлөвлөгөө цуцлагдсан юм.
Гурван жилийн турш яс махандаа тултал бэлтгэл хийсэн ч тусгаарлагдсан арлаасаа гарах зөвшөөрөл аваагүйд бухимдсан цэргүүд бослого гаргасан байна. Бослого гардаг өглөө яагаад ч юм арал дээрх офицерууд гурван жилийн хугацаанд анх удаа архи ууж согтоцгоосон байжээ.
Арал дээр харуул байсан Ян Сон Гил "Бослогын өмнөх шөнө манай арав орчим хүн арлаас гарч, их хэмжээний согтууруулах ундаа цэргийн анги руу буцааж авчирсан. Тэгээд бид дээд газрын зөвшөөрлөөр уусан" хэмээн "The Korea Herald" сонинд ярьсан байна.
Цэргүүд ахмадынхаа өрөөнд дайрч ороод тэнд байсан ихэнх офицеруудыг толгой руу нь алхаар цохиж алсан бөгөөд ердөө зургаан сургагч офицерыг амьд үлдээсэн байна.
Эцэст нь тэрслүү бүлэглэл арлыг орхин хойг дээр ирж, Сөүл чиглэлтэй автобусыг хулгайлжээ. Гэсэн хэдий ч хүчний байгууллагынхан тэднийг зогсоосны дараа тэд өөрсдийгөө гар бөмбөгөөр дэлбэлжээ.
''Тэднийг хэзээ ч Хойд Солонгос руу явуулахгүй учраас арлаас хэзээ ч гарч чадахгүй гэдгийг мэдэрч бослого гаргасан'' гэж бослогын үеэр хүзүүндээ буудуулсан Ян хэлжээ.
Амьд үлдэж чадсан цэргүүдийн дөрөв нь цэргийн шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, цаазаар авахуулсан байна.
684-р салааг тойрсон ил тод байдал асуудал болоод байна. Хэдэн арван жилийн турш Өмнөд Солонгос улс уг анги оршин тогтнож байсан гэдгийг үгүйсгэж ирсэн бөгөөд засгийн газар нь бослого гарсны дараа тэднийг "зэвсэгт коммунист туршуулууд" гэж тэмдэглэсэн тухай мэдээлэл хүртэл гарч байв.
2006 онд тус улсын засгийн газар уг анги болон тэдний сургалтын хөтөлбөрийн талаархи албан ёсны тайланг гаргажээ. 2010 онд Сөүлийн Төв дүүргийн шүүхээс 684-р салаанд элссэн хүмүүсийн гэр бүлийн гишүүдэд 217,000 долларын нөхөн төлбөрийг олгох тухай тогтоол гаргасан юм.