Оросын "Зөн билгийн тулаан" шоуны ил болоод буй нууцууд

2020-12-11, 18:39
15,142

Зөвхөн Орос төдийгүй бусад олон оронд алдартай "Зөн билгийн тулаан" шоуг тойрсон дуулиант явдлууд үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд тус шоуны алдартай хөтлөгч нь оролцогчдоос авлига авдаг байсан нь илэрч, ажлаа алджээ.

Оросын "Зөн билгийн тулаан" шоуны ил болоод буй нууцууд

Тус шоунд шинжээч, үл итгэгчийн дүрээр оролцдог байсан Сергей Сафронов өнгөрсөн сард авлигын хэргээр хөтлөгчийн ажлаасаа халагджээ.

Өмнө нь шоунд оролцож байсан "зөн билигтэн" Алина Вердиш хөтлөгчтэй хэрхэн даалгавруудаа амжилттай давах, улмаар финалд хүрэхэд хэр их хэмжээний мөнгө шаардлагатай талаар ярьсан ярианы бичлэгээ YouTube-д байрлуулсан байна.

Вердишийн хэлснээр бол Сафронов нэлээд өндөр үнийг "зөн билигтэн"-үүдэд санал болгодог бололтой. Жишээлбэл шоуны эхний "хөшигний цаана" даалгаврыг давахын тулд 600 мянган рубль бол "багажнаас хүн олох" даалгавар нь 900 мянгын өртөгтэй гэнэ. Харин цаашдын даалгавар тус бүр нь ойролцоогоор 200 мянган рубль ажээ.

Тиймээс өөрийгөө "зөн билигтэн" хэмээн нэрлэсэн тэдгээр эрхмүүд хэрэв энэ шоунд амжилттай оролцож чадвал цаашид орлогын үүд нээгдэх нь тодорхой учраас "хураамж"-ыг дуртайяа төлөх нь ойлгомжтой юм.

Оросын "Бизнес ФМ"-ээс тус шоуны 16 дахь улирлын ялагч Викториа Райдерсаас өөр дээр нь цаг авч, үзүүлэхэд хэр их үнэ хөлстэйг асуужээ. Хэрэв Санкт-Петербург хотод үзүүлвэл 30 мянган рубль, Москвад 40 мянган рубль бөгөөд уулзалтын цаг нь ердөө 30 минут гэсэн байна.

Өдөрт 10 хүнийг 40 мянгаар хүлээж авч уулзана гэж тооцоолбол "зөн билигтэн" маань сард 8 сая рубль буюу 300 сая төгрөгийг өлхөн олдог байх нь.

Дээрхээс гадна нэрээ нууцалсан нэгэн оролцогч "Бүртгүүлэхэд тэр даруй нууц хадгалах гэрээ байгуулна. Дараа нь тэд надад даалгаврыг давахын тулд хэрэгтэй мөнгөн дүн санал болгосон. Финалд орохын тулд хагас сая рубль хэрэгтэй" хэмээн RG.ru сайтад ярьжээ. Тус оролцогч нь шоуны 4-р улиралд оролцсон гэснээс үзвэл өдгөө тэрхүү мөнгө нь нэлээд нэмэгдсэн бололтой.

Тэгэхээр өөрт нь тохиолдсон гай зовлонгийн учрыг олуулахаар шоунд хандан оролцож буй хүмүүс ч бас дээрх луйврын нэг хэсэг гэж үү?

Энэ талаар нууцыг дуулиан тарьсан олон баримтат киноны зохиогч Борис Соболев “Комсомольская правда” сонинд ярихдаа дэлгэжээ. 

"Гэнэн хүмүүс тусламж хүссэн захидлаар сүсэг бишрэлийн шоуны редакцыг дүүргэдэг. Дараа нь хэрэг болсон газар руу редакцын баг явж, хөршүүд, багын найзууд, төрөл төрөгсөдтэй уулзаж ярилцан, эмнэлгийн (эрүүл мэндийн) картыг нь (хүүхдийнхийг хүртэл!) худалдаж авч, хэсгийн төлөөлөгч нарт хандаж эрүүгийн хавтаст хэргийн материалыг үзүүлж харуулахыг гуйж, олон нийтийн сүлжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ (мониторинг) хийх зэргээр “тандалт” явуулна. Дараа нь бүртгэл жагсаалт үйлдэнэ, түүнийгээ “зөн билигтэн” болж тоглох жүжигчинд өгч цээжлүүлнэ.

Үнэндээ бол зөн билигтнүүд байхгүй! Энэ бол баг өмссөн, амжилт ололгүй “шатсан” театрын жүжигчид. Дараа нь өнөөх “зөн билигтэн” зовлонд нэрвэгдсэн айлд хүрэлцэн ирж, болсон явдлыг дэлгэж гарна. “Таны хүүг замын хажуугаар чирснийг харлаа…”. Ээж нь зүрхээ дарж, аавынх нь даралт ихэснэ. “Ингэхэд!” гээд “зөн билигтэн” цааш үргэлжлүүлнэ. “Хүү чинь хоёр настайдаа салхин цэцгээр өвдөж байсан юм байна (эмнэлгийн картнаас авсан мэдээлэл)”. Эцэг эх хоёул бараг ухаан алдах шахна. “Зөвхөн бид хоёр л мэддэг юмсан”. Ингэж далдыг үзэж хардаг авьяас чадвар бодитой байдаг тухай бүрэн дүүрэн хий хоосон зүйлийг эфирт бүтээнэ. Энэ бол тамын овоохой." гэсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()