Домог болсон эцгийнхээ гунигтай төгсгөлийг давтсан Брэндон Ли

Холливудын алдартнуудын дунд эмгэнэлт явдлаар амьдралдаа цэг тавьсан олон түүх байдаг. Бид энэ удаад амжилтын оргилд хүрснийхээ дараахан харамсалтайгаар хорвоог орхисон аав хүү хоёрын түүхийг сонгон онцолж байна. Тулааны урлагийн домог болсон Брюс Ли болон түүний хүү Брэндон Ли нарын амьдралын замналд чухам юу давтагдсан бол...

Домог болсон эцгийнхээ гунигтай төгсгөлийг давтсан Брэндон Ли
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүхий л цаг үеийн хамгийн нөлөө бүхий тулаанч гэгддэг Брюс Ли нь 1940 онд төрсөн бөгөөд тэрээр жүжигчин, найруулагч, тулаанчаар зогсохгүй мөн багш байсан юм. Тэрбээр анх Хонконгод алдаршиж, киноны зураг авалт дээр ажиллаж байгаад эрдэм номын мөр хөөж, карьераа дээшлүүлэхээр АНУ руу нүүсэн байна. 

Брюс Ли АНУ-д суурьшсаныхаа дараа тулааны урлагийг бусдад зааж эхлэв. Мөн тэрбээр томоохон төслүүдэд кино ододтой хамтран тоглох болсноор авьяас, хүч чадлаа батлан харуулж Холливудын карьераа нээсэн ажээ. Ийнхүү 1960-аад оны сүүлчээр телевизийн шоу, кинонд тоглож эхэлсэнд түүний алдар нэр дэлхий нийтэд түгэх болов. Брюс Лигийн "Enter the Dragon", "Fist of Fury", "The Game of Death" зэрэг кинонууд нь өнөөг хүртэл маш их алдартай хэвээр байна.

Брюс Ли алдар нэрийн оргил үедээ буюу дөнгөж 32 насандаа таалал төгссөн билээ. Түүнийг нас барсантай холбоотой элдэв таамгууд өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байгаа юм. 

1973 оны эхээр Брюс Ли киноны зураг авалтын үеэр ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэв. Улмаар эмч нар түүний өвчнийг тархины хаван гэж оношилсон бөгөөд биеийн байдал нь тогтворжих хүртэл хэдэн өдөр эмнэлэгт хэвтсэн байна. 

Эмнэлгээс гараад хэдэн сарын хугацаанд түүний амьдрал хэвийн үргэлжилж байсан ч нэг өдөр Брюс Лигийн бие зовиурлаж хэсэг унтахаар хэвтсэн боловч эргэж сэрсэнгүй. Улмаар эргэн тойрныхон нь даруй түргэн тусламж дуудсан боловч бүх зүйл аль хэдийн оройтсон байв. Хожим түүний үхлийн шалтгааныг тархины хаван, тархины хавдар эмийн хэрэглээнээс үүдэж сэдэрсэн гэж дүгнэсэн аж. 

Золгүй тавилан давтагдсан нь

Лигийн үхэл дэлхий дахинд асар их нөлөө үзүүлж, шүтэн бишрэгчид нь хаа сайгүй гашуудаж байсан билээ. Гэвч түүний гэр бүл хамгийн ихээр харуусан шаналж байсан ба түүний хүү Брэндон Ли наймхан насандаа эцгээсээ өнчирч хоцорсон юм. 

Хожим Брэндон Ли аавынхаа замналыг дагаж тулааны урлагаар хичээллэж, цэнхэр дэлгэцнээ хүчээ сорьж эхэлжээ. 

Карьерийнхаа эхний хэдэн жил адал явдалт кинонд дүр бүтээсэн Брэндон Ли 1993 онд "The Crow" киноны гол дүрд тоглохоор болов. Гэвч тус киноны зураг авалтын үеэр Брэндон Ли үхлийн аюултай осолд оржээ. Брэндон Лигийн дүрийг бүлэг алуурчид буудаж хөнөөх зураг авалт хийж байх үеэр нэгнийх нь буу гал алдаж, тэрээр ноцтой шарх авсан байна. 

Ингээд Брэндон Лиг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар түүнийг аврахын тулд бүх чадлаа дайчилсан боловч 1993 онд дөнгөж 28 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Брэндон Лигийн харамсалтай үхлийн түүх түүний эцэг Брюс Лигийн таалал төгссөн мөчийг олон түмэнд сануулж байв.

Брэндон Лиг эцгийнх нь шарилын дэргэд үүрд нойрсуулсан бөгөөд тэднийг хүндэтгэдэг олон мянган хүн жил бүр булшийг эргэж тойрдог ажээ. Тодоос тод гялалзаж байсан 2 од хэдийнээ харвасан ч одоог хүртэл дэлхий даяар тэднийг дурсаж үгүйлдэг олон сая хүн бий. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()