Түүнийг өнгөрсөн хугацаанд төрсөн дүү нь асарч хооллож байжээ. Гэтэл түүний бие гэнэт муудаж эмнэлэгт үзүүлэх зайлшгүй шаардлага үүссэн байна.
300 кг жинтэй тэрбээр хаалгаар гарах нь битгий хэл өөрөө ч босч чадахгүй нөхцөлд гацсан аж. Тиймээс Ален Панабьег цонхоор дамжуулан гаргахаас өөр аргагүй болов.
Түүнийг байшингаас гаргах ажиллагааг олон долоо хоногийн турш төлөвлөсөн бөгөөд цагдаа, хотын захиргаа, гал сөнөөгч, эмнэлгийн ажилтнууд нийлсэн 50 гаруй хүнээс бүрдэх баг оролцжээ.
Нарийн хуучин гудамжинд байрлах хоёр давхар байшингийн фасадыг эвдэж, гарах замыг бэлдсэн байв.
Тус багийнхан өвчтөнд эрүүл мэндийн тусламж үзүүлэхийн хажуугаар түүхэн барилгыг сүйтгэхгүй байх үүднээс арга хэмжээ авсан байна. Үйл ажиллагаа эхлэхээс өмнө доод давхарт төмөр шон байрлуулж, бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Мөн цахилгаан дамжуулах шонгийн моднуудыг замаас зайлуулсан байна.
Тэд өвчтөнийг зөөвөрлөх явцад барилгын шал цөмөрч болзошгүй хэмээн болгоомжилж байв. Учир нь тус барилга руу оруулах ачааны чингэлэг 300 кг жинтэй өвчтөнөөс гадна найман аврагч, эмч, техникчдийг даах ёстой байлаа.
100 тоннын даацтай кран ачааны чингэлгийг Алены өрөөний цонхоор оруулж байрлуулсан байна.
Ален Панабьегийн өмгөөлөгч Мастер Кодоние аврах ажиллагааг бүхэлд нь зохион байгуулсан гэнэ. Тэрбээр аравдугаар сард прокурорын байгууллагад үйлчлүүлэгчийнхээ өмнөөс “Аюулд орсон хүнд тусламж үзүүлэхээс татгалзах” тухай гомдол гарган түүнийгээ Францын Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд нарт хүргүүлжээ.
Бараг 15 сарын турш ямар ч хөдөлгөөн хийгээгүй учраас өвчтөний бие нь гэнэтийн ачааллыг даах нь эргэлзээтэй байв.
“Xэдэн жилийн турш хөдөлгөөнгүй байсан хүнийг гэнэт хөдөлгөж эхлэхэд цусны эргэлтийн декомпенсац, тромбоз үүсэх эрсдэлтэй." гэж нүүлгэн шилжүүлэх ажлыг хариуцсан профессор Антуан Авиньон тайлбарласан юм.
Ален Панабьег эмч нарын багийн хамт газарт буулгасны дараа түргэн тусламжийн машинаар Монпелье хотын эндокринологийн эмнэлэгт хүргэжээ. Түүнд эрүүл мэндийн цогц үзлэг, эмчилгээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.